Tag Archives: Нүүдэл кино

Бэлэг цуварсан өдрүүд

Сар шинийг тэмдэглэдэггүй газар байгаа хэрнээ охин бид хоёрт бэлэг ирээстэй өдрүүд үргэлжлэн сайхан байнаа. Алс тэртээх Америкаас, адил тивийн Недарландаас, айл саахалтын эмийн сангаас гээд бэлэг явуулсан хүмүүс Цагаан сарыг онцлоогүй боловч энэ хүртэлх өдрүүд нь ингэж таарах шиг боллоо.

Битүүний өдөр Недарланд улсад амьдардаг Монгол эмэгтэйгээс охинд зөндөө олон хувцас хунар, хөөрхөн бойтог, тоглоом, надад их тайга цай илгээсэн байлаа. “Найз нь чамайг хүний нутагт байгаа гэж бодоод…”  юм явууллаа гэв. Хүн хүний зовлон, жаргалыг биеэрээ мэдэрсэн цагт л ойлгодог гэдэг аргагүй үнэн аж, тэрээр мөн адил хилийн чанадад амьдардаг нэгэн.

Ус дагнасан газарт аагтайхан сүүтэй цай чанаж уух ямар сайхан байв аа гэж хамаг биеийн хөлс гарах шиг болов. Одоо бодохнээ би гэдэг хүн харь нутагт төрөхөөр ирж байгаа хэрнээ их бэлтгэлгүй бөгөөд туршлагагүй ханджээ ганц цай ч болтугай цүнхэлчихээгүй шүү..

Хонгороогоос ирсэн бэлэг..

Хоёрдугаар сарын 5 буюу манайхаар шинийн 1-ний өдөр хадам ээж дэлгүүр орж хүнс цуглуулаад ирэхдээ “охинд бэлэгтэй” гэсээр ягаан цаасанд нямбайлан боосон хайрцаг атгуулав. Дотор нь юу байхаас үл шалтгаалан боодолтой зүйл задлах хэзээд сонирхолтой байдаг хойно яаран яаран нээтэл ийм хөөрхөн дуугардаг тоглоом байлаа. Сарын өмнөх энэ өдөр ээж болсон учраас байнга үйлчлүүлдэг эмийн сан охины 1 сарын ойг тэмдэглэсэн бололтой.

Өнөөдөр шинийн хоёрон Монголд байсан бол ч айлыг ид хэсдэг өдөрдөө.

Тэгтэл түрүүхэн үүдний хонх дуугарлаа. Гараад очтол “Шимээдцэрээн Дороготов?” хэмээн хазгай муруй аялгаар нэр лавласнаа дугтуйтай юм гардуулав. Хэнээс ирснийг нь мэдэж байв. Энэ бол Америк эмэгтэй Сас гэх буянтай хөгшний өөрийн гараар нэхсэн малгай, арц байлаа. Охиныг хэд хоногийн өмнө сэрвэлзэж уйлаад олигтой унтаж өгөхгүй болохоор нь ариулж, гэр орондоо уугиулах зорилготой явуулахыг хүссэн юм. Монголоос явуулснаас хурдан ирэх нь тодорхой тул гэрийнхэндээ ч хэлэлгүй Сасаас асуучихсан юм. Үнэхээр ч шуурхай тавхан хоногийн дотор л хүрээд ирж.

Сасын явуулсан бэлэг.

Аль ч талаас нь харсан Сас-д талархаад баршгүй санагддаг юм. 2014 оны зун анх танилцаж орчуулагчаар нь ажиллаж эхэлснээс хойш өдийг хүртэл бид хоёрын харилцаа дарга-цэргээс ээж-охин шиг болтлоо жилээс жилд зузаарсаар л байна.

Тэрээр Монголд 1994 онд анх ирснээсээ хойш 20 гаруй жил буцан ирж хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж буйгаас сүүлийн 10 гаруй жилд нь Хөвсгөлийн тайга руу цаачин Духа иргэдэд хүрч эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байгаа буянтан. Түүний тус дэмээр би ч гэсэн Хөвсгөл аймагт тэр дундаа тайга руу анх очиж үзсэнээс хойш тасралтгүй 5 жил тийшээ зүглэлээ. Мөн 2014 оны 9 сард ЗӨА руу аялалд гарахад болон 2015, 2016 оны хоёр өвлийг Америкт өнгөрүүлэхэд гол түлхэц үзүүлсэн ачтан. Америкт байх эхний жилээ тухлаг орчинд “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номоо бичсэн бол дараагийнхад нь ажил хийж хэдэн $ цуглуулчихаад Америкийн 20 гаруй мужаар 3 сар аялсан билээ. Өнгөрсөн зун мөн л тайга руу явж, говь руу ч зугаалчихав тэгээд буцахад нь хоёулаа онгоцны буудалд салж чадахгүй шахам баахан уйлцгаасан гэж байгаа. Дараа жил дахин хамт байж чадахгүй нь гэж л бодсон хэрэг, харамссан ч юм уу…

Бидэн хоёр 2017 оны хоёрдугаар сард Сасынд..

Дал гарсан хэрнээ л тэр холоос тайга орох гэж наашаа зүглэдэг чин сэтгэл тэвчээр хатуужлыг нь бахархахын зэрэгцээ кино, баримтат нэвтрүүлгүүд хийн, ном бичиж, юм нэхэх зэргээр зүгээр суухыг мэддэггүй бүтээлч занг нь хуулбарламаар санагддаг. Зөв цагтаа сайн хүнтэй таарна гэдэг амьдралд ямар чухал нөлөөтэй болохыг өөрийнхөө байдлаас хардаг юм.

За ийнхүү сар шинийн эхний өдрүүд айл хэсэхгүй ч бэлэг цуглараад гайхалтай байна. Дараа дараачийн өдрүүдэд ч бэлэг хүлээн авахад нээлттэй шүү, хэхэ.

“Урвуулагч” хэмээх шороон гахай жилдээ бие эрүүл, ухаан саруул, сэтгэл амар амгалан байхыг л та бүхэндээ хүсье!