Author Archives: Chimedee

About Chimedee

Цагт баригдсан өдөр тутмын амьдралын хэв маягаас татгалзаж бусдын дунд өөрийгөө улам таньж мэдэхийг хүссэн жирийн нэгэн бүсгүй.

Хэрхэн тань шиг болох вэ?

Сүүлийн үед “хэрхэн тань шиг болох вэ?”, “яавал ингэж аялах вэ?” гэх асуултууд цөөнгүй ирэх боллоо. Олон хүмүүсийн ирэхийг хүсдэг Америкаар нь жаргаж яваа мэт харагдаад байгаа болохоор тэр юм болов уу…гэтэл урьд нь Зүүн Өмнөд Азийн орнуудаар явж байхдаа дийлэнхдээ “болгоомжтой” гэж сонсдог байлаа. Ингээд харахаар хандлагын ялгаа асар их байгаа биз..гэвч муу юм тохиолдохоо хүрвэл хаана ч, бүр гэртээ байсан ч ороод ирнэ гэж боддог. Тэгэхээр сайн ч тэр, саар нь ч тэр аливаа зүйл “цаг нь болох” гэх зарчимтай мэт санагддаг.

Миний ийнхүү аялаад байгаа ч гэсэн тэр цаг нь болсонтой холбоотой байх аа. Нэгэн номонд үүнийг бүр “10000 цагийн дүрэм” гээд тайлбарлачихсан байсан. 5, 10, бүр 20-н мянган цаг байлаа ч гэсэн гол санаа нь бол мөрөөдөл, зорилгодоо үнэнч, тууштай, тэвчээртэй байхыг л илэрхийлсэн нь ойлгомжтой.

Дээрх над шиг болох тухай асуултанд бүрэн дүүрэн хариулах үнэхээр боломжгүй билээ. Яагаад? гэхээр бид бүгд харилцан адилгүй шүү дээ. Адил байх ч албагүй. Тиймээс бүгдээрээ аялна, аялах ёстой гэж бодохгүй байна. Замд таарсан ихэнх хүмүүс “анхны Монгол, та нар яагаад аялдаггүй юм бэ?” гэхээр нь тоглоом шоглоом болгон “бид дэндүү цөөхүүлээ 3-хан сая, хэрвээ бүгд аялвал хэн нь улс эх орноо авч явах юм бэ., би ажилгүй учраас л ингэж яваа” гэж хэлдэг.

Харин, долоон сар ганцаарчилсан үүргэвчтэй аялал хийсэн туршлагаасаа ганцхан зүйлийг баттай хэлж чадахаар болсон. Тэр нь иймэрхүү урт хугацааны аяллыг ганцаараа, ялангуяа залуу насандаа (30 хүрэхээсээ өмнө) хийх нь өөрийгөө таньж мэдэх, нээх, олох хамгийн шилдэг арга байна. Тиймээс 12-р ангиа төгсөөд чадахгүй юмаа гэхэд их сургуулиа төгсөнгүүтээ үүргэвчээ үүрээд гардаг байвал их зүгээр. Ийм шийдвэрт хүрэхэд тодорхой хэмжээний санхүүгийн боломж шаардагдах нь мэдээж. Гэвч, хүсэл эрмэлзлэл байхад “мөнгө” бол нэн тэргүүнд тавигдах чухал эд биш ээ.

Мөн дараагийн нэг асуудал нь “хэл муутай яах уу?” гэдэг. Арван жилд үзсэн харь хэл болоод хүн бүрт заяагддаг байгалийн хэлэндээ итгэлгүй байгаа бол майхан саваа бэлдэж аваад, үүргэвчээ үүрэн Баян-Өлгий аймаг ороод үз. Хоёр, гурван хоног автобус юмуу микрогоор эсвэл 20, 30 хоног алхсан ч таны сонголт. Мөн унаа унаа дамжин явсаар Хөвсгөлийн тайгад очоод цаатан иргэдийн аж амьдралтай танилцаадах. Тэгээд ийнхүү хамгийн хямд гарцуудыг хайн нутгийн хүмүүсийн арга эвийг олох байдлаар ингэж явах таалагдвал, дахин иймэрхүү маягаар явахыг хүсэж байвал хаашаа ч явсан асуудалгүй л гэсэн үг.

Аялагч, жуулчин хоёр бол ялгаатай ойлголт, хэв маяг. Ялангуяа урт хугацааны үүргэвчтэй аялал хийхэд үргэлж “бүсээ чангалж” явна, нөгөөтэйгүүр байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд байх шаардлагатай тун хариуцлагатай “сайн дурын алба” гэж болохоор.. Дарсан зурагнууд шигээ байнга сайхан байдаггүй л дээ. Сайхан ч тал бий, саар ч бэрхшээлүүд зөндөө. Гэхдээ хамгийн гол нь хувь хүн өөрөө үүнийг хүсэж байна уу, үгүй юу гэдгээс л шалтгаалдаг.

Түүнчлэн, “аюултай юу?”, “би чадах болов уу?”, “тийшээ яаж явах уу?”,очоод юу хийх үү?” зэрэг асуултууд тавьж байгаа нөхдүүдийг “арай л болоогүй байна даа” гэж дүгнэдэг.

“АЮУЛТАЙ ЮУ?” гэж асууж байгаа бол сэтгэл зүйн хувьд замд гарахад бэлэн болоогүй байнаа гэсэн үг. Дотоод хүн бэлэн болоогүй тохиолдолд юу ч тохиолдсон бэрхшээл юм шиг л санагдана. Харин зүрх сэтгэл 100% зөвшөөрсөн үед ямар ч саад бэрхшээл тулгарлаа гэсэн даваад л гардаг.

Ер нь хүн бүр өөр өөрийн гэсэн гүйцэтгэх “гэрийн даалгавар”-тай энэ хорвоод илгээгддэг мэт санагддаг. Тиймээс, миний ийнхүү яваад байгаа нь хүртэл би үүнийг хийхэд зориулагдсандаа юм болов уу гэж баярладаг. Яагаад гэхээр өөрийн мөн чанар, сонирхол, өдийг хүртэл явсан замналаа эргээд харахад Стив Жобсын хэлдэг шиг тодорхой цэгүүд холбогдсон байдаг юм.

Тэгэхээр бид бүгдээрээ “үүргэвч үүрсэн аялагч” гэж бодохгүй байна. Харин хүн бүр өөрийнхөө хийж гүйцэтгэх, бүтээх ёстой даалгаврыг олох нь л чухал.

Тиймээс “хэрхэн тань шиг болох вэ?” гээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд над шиг болох албагүй, болох ч боломжгүй. Бид бүгд дахин давтагдашгүй учраас хамгийн чухал нь “өөрийгөө ол” гэж хэлмээр байна.

Гэхдээ,

Амьдрал бол АЯЛАЛ…

Төлөвлөж дууслаа…

За, өнөөдөр 4 дүгээр сарын 3-ны өглөө 7 цаг өнгөрч байна. Одоо миний байгаа газар Тексас мужийн Хюьстон хот, харин 9-өөс дараагийн газар болох Оостин (Austin) хотруу хөдөлнө. Явахаасаа өмнө нэг бичлэг оруулчих гээд жаахан яарсан байдалтай.

Аяллаа дуусган гэрийн зүг хүлгийн жолоо залахад 4-хөн долоо хоногийн хугацаа үлджээ.

Нэг сонирхолтой нь 2 жилийн өмнөх яг энэ өдөр ЗӨА-ийн аяллаа дуусгаад гэртээ ирж байлаа. Цаг хугацаа ч харваж байна шүү…

Дөнгөж сая үлдсэн сар хүрэхгүйн хугацаанд хаана очиж, хаагуур явахаа бүрэн шийдэж, бүх унааныхаа тасалбаруудыг захиалчихлаа. Гол учир нь ахаас мөнгө ирсэн юм л даа. Сүүлд долларын ханш буугаад байгаан байшдээ..“өсөхөөр нь авна” гэлээ тэгэхээр “буугаад байгаасаа л” гэж бодож байя, хэхэ.

Ер нь хаа ч явсан унаанд л ихэнх төсөв явчихдаг. Гэхдээ энд арай л үнэтэй санагдаж байна. Цаг хугацаа нь тулчих юмуу, тасалбараа бэлэн мөнгөөр төлж авах гэвэл бүр ч үнэтэй болчихно. Тиймээс тав, арван доллар ч гэсэн хэмнэчих гээд эрт захиалчихаар жаахан баригдмал байдалтай. Сайхан санаа орж ирээд явах хугацаагаа хойшлуулах эсвэл чиглэлээ өөрчлөх гэхэд бараг боломжгүй талдаа…“манайх шиг өглөө нь очиж бичүүлээд л суучихдаг бол” гэх эрх чөлөөгөө заримдаа үгүйлэх..

За а, ийнхүү доорх байдлаар 4 сарын сүүл хүртэл яваад Нэгдсэн улсыг орхиж төрөлх тив рүүгээ ниснэ дээ.

Тексас мужийн Оостин, Эл Пэсо, Нью Мексико мужийн Албукүркү, Сэнта Фэ, Колорадо мужийн Денвер, Нью Йорк мужийн Нью-Йорк хот, тэгээд АНУ-ын нийслэлд төгсгөлийн цэгээ тавина.

20170403_070516.jpg

Энэ хооронд Оостин болон Албукүркү-д цөөн хэд хоногийн сайн дурын ажил хийх байгаа. Тухайлбал, өнөөдөр Оостин хотоос цаг гаруй машинаар явах зайд байх хэдэн тахиа шувуу, морьтой айлд очно. Angie, Ron гэсэн нэртэй хүмүүс байх шиг байгаан юутай ч кодыг нь биччихье 22107.

Хүүе ээ, үг олдож үхэр холдлоо унаанаасаа хоцрох нь гэж дахин сандран гүйхийг хүсэхгүй байна өө, хөдлөх минь…

Зөн совин

Луйзана мужийн Нью Орлиэнс хотыг “гоё газар шүү..” гэхийг цөөнгүй хүнээс сонссон болохоор төлөвлөгөөндөө багтаан, 3 хоногийг өнгөрүүлэхээр автобусны тасалбараа нэлээн эрт захиалчихаад байв. Унаагаа шийдчихсэн тохиолдолд дараагийн зохицуулах гол асуудал болох хоноглох айлаа хайлаа. 7 хоногийн өмнөөс эхлэн каучсөрфингээр 10 гаруй хүмүүс рүү хүсэлт явуулсан боловч нааштай хариу огт ирэхгүй байлаа. Завгүй, боломжгүй, аялж яваа, хотоос гадагш гарна гээд бүгд татгалзсан байдалтай.

Тэгэхээр нь фэйсбүүкд хүртэл зар орууллаа. Гэсэн ч найдвар байдаггүй ээ.

Хамгийн гол нь энэ аяллынхаа туршид зөвхөн айлаар хоноглоно гээд нэг төрлийн “амлалт”, “сорилт” гэмээр зүйлийг бодчихсон яваа учраас хэрвээ хэн нэгнээс хариу ирэхгүй бол тэгээд мөнгө төлдөг газар гэхээр хэлсэндээ хүрэхгүй мэт санагдан дахин ганц нэг хүн рүү хүсэлт явуулав.

Харин өчигдөр өглөө замд гарахын өмнөхөн нэг хүнээс “Манайд байрлаж болно. Харин манайх олон нохойтой, мөн зориулалтын шүршүүр байхгүй шланкаар усанд ордог.” гэсэн хариуг ирүүлсэн байв.

Зөвшөөрсөн хариу нь сайхан сонсогдсон ч “шланкыг шүршүүр болгож хэрэглэдэг”  гэдэг нь “за энэ чинь хэн болж таарав, өмнөх байрласан хүмүүсийн сэтгэгдэл ямар байна” гэх зэргээр жаахан лавшруулан харахад хүргэв. Гэтэл хангалттай мэдээлэл байдаггүй ээ. Иймэрхүү ямар ч сэтгэгдэлгүй байна гэдэг бол нэг талаас өмнө нь надаас өөр хүн хоноогүй, эсвэл хүмүүсийн сэтгэлд огт хүрээгүй гэсэн үг юм.

Каучсөрфингөөс айл сонгоход урьд нь хоноглоод явсан хүмүүсийн сэтгэгдэл маш чухал байдаг. Би өөрөө хотод гэртээ байхдаа иймэрхүү аялагчдыг хонуулаад гаргадаг байсан болохоор аль аль талаас нь сайн мэднэ. Манайх хотын төвөөс жаахан зайтай гэр хороололд учраас тэдгээр хүмүүсийн ихэнх нь байршилд ач холбогдол өгөлгүйгээр зөвхөн өмнөх хоногчдын үлдээсэн сэтгэгдлээр ирцгээсэн байдаг байв. Тэгээд ч аялагчид гэдэг аливаа зүйлийг хар, цагаантай нь шууд хэлдэг, бичдэг нөхдүүд явдаг болохоор бодит байдлаас тийм ч зөрүүтэй байдаггүй юм. Тиймээс ганц ч сэтгэгдэлгүй тэр хүнийг гайхлаа, хэсэг эргэлзэв.

Гэтэл, энэ нь 10 гариу хүний дотроос анхны нааштай хариу байхын зэрэгцээ нэг л сонин өөр амьдралын хэв маяг мэт санагдсан тул сониуч зандаа хөтлөгдөн “Өө асуудалгүй, хүлээн авсанд баярлалаа.”  гээд хаягийг нь авчихав. Өгсөн хаягийг нь гүүглийн газрын зурагт оруулаад хартал хотын төвөөсөө нэлээд зайтай юм аа, автобусаар 30 орчим минут яваад суухдаа ч тэр, буугаад ч тэр хэсэг алхах зайд гэж харагдлаа.

Флорида мужийн Орлэндо хотоос энэ Нью Орлиэнс хот хүртэл бараг 30-аад цаг явж ирэв. Бушуухан л бууж алхах юмсан гэх хүсэл дүүрэн…

Тэгээд, автобусны буудлаас гарахаасаа өмнө 00 орж бие харагдсан бариу өмдөө жинсээр, углаашаа пүүз болгон өмслөө. Мөн хотын төвөөс зайтай газарт очих тул нэг хүрчихвэл гарахгүй байх магадлал өндөр гэж бодон ходоодоо ч хүртэл баярлуулав.

Гэвч, нэг л сонин мэдрэмж, ямар газар очих бол гэж бодохоор л…тийнхүү бодох тусам гоё санагдахгүй нь хачирхалтай. Өмнө нь ийм мэдрэмж огт төрж байгаагүй учраас сонин байлаа. Тэгээд жаахан сууж байгаад Миззури мужийн Сант Луйс-д амьдардаг найз руугаа “ийм айлд байрлах гэж байгаа юмаа гэтэл нэг л сонин санагдаад болдоггүй ээ юутай ч чамруу хэлье гэж бодлоо, тэгээд очоод ямархуу байгаагаа мэдэгднээ” гээд нэр, хаяг, утсыг нь үлдээчихэв. “127 цаг” кинонд гардаг залуу шиг гэж бодсон хэрэг.

Өмнө нь Мэйни мужийн Портлэнд хотод анхны айлдаа очихдоо л хамт явсан найзын маань нөхөр нь юу магад вэ гээд утас, хаягийг нь авч байснаас бус ийм тохиолдол гараагүй явлаа.

Хувцсаа сольчихсон, гэдэс дүүрэн, найздаа хэлчихсэн гээд юу ч тохиолдсон бүрэн хамгаалалттай аятай автобусны буудал руу алхлаа. Газрын зурагт хаанаас, хаа хүрэхээ сануулчихсан болохоор амар, дор нь олоод очив.

Буудалд автобусаа хүлээсэн аятай нүүрэндээ зөөлөн инээмсэглэл тодруулан зогсох энэхүү эмэгтэйд хаягаа үзүүлтэл “өө, би яг наад буудал дээр чинь буудаг юм надтай хамт яв” гэлээ. Санаа амрах шиг сайхан дотно мэдрэмж…

20170329_184049 (2).jpg

Одоо нэгэнт энэ хүнд найдчихсан болохоор автобусны цонхоор орчин тойрноо ажигласан шиг тааваараа явлаа. Урагшлах тусам замын хажуугаар цонх хаалга нь онгорхой байшин сав, эвдэрч унасан хашаа сараалж, цаашлах тусмаа хэд гурваараа хэлхэлдсэн хар бараан царайтай хүмүүс гээд “би хаана ирчихэв ээ?” гэж өөрийн эрхгүй гайхмаар орчин…

Гэтэл ийнхүү нурж эвдэрсэн байшин барилга нь 11 жилийн өмнө тохиолдсон байгалийн гамшиг буюу “Катарина” хар салхины үр дүн байхад, энд тэнд бөөгнөрөх хүмүүс болоод автобусны зорчигчид дунд ганцаараа цайвар царайтай байсан нь харуудын амьдардаг төвлөрсөн цэг рүү орж байжээ. Тэд надруу, би тэдэн рүү харсан байдалтай.

Автобуснаас нөгөө эмэгтэйтэйгээ (Марси) хамт буулаа. Охиноо сургуулиас нь авсан бололтой өөр нэгэн өнгөт арьстай эмэгтэй таарлаа, яриаг нь сонсоход бие биенээ сайн таньдаг хөршүүд бололтой, цаашлах тусам хөгжим хангинуулсан суудлын тэрэгнүүд энд тэнд зогсчихсон, өмд нь шувтрах алдсан, хүзүүндээ элдэв төрлийн гинжтэй, гиюүрсэн царайтай тамхи татсан залуучууд гайхсан, сониучирхсан нүдээр угтаж үдэн нэг л таагүй.

Өмнө нь найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ “харууд амьдардаг газар очоод дэмий” гэж сонссоноос биш ингээд дотор нь явж байгаагүй болохоор үнэхээр сонин байлаа. Эвгүйцмээр “сонин” гэсэн үг.

Хэсэг явж байгаад Марси “манайх энэ би гэрээрээ дайрч юмаа тавьчихаад чамайг хүргээд өгье” гэж хэлэнгүүт дотор уужрах шиг болов.

Гүүглийн газрын зурагт зааж буйгаар алхсаар Марсийнхаас 20 орчим минут явах зайд хүрээд очлоо. Гэрэл чийдэнгийн бараа харагдахгүй 2 давхар хуучны байшин, гадна нь жижиг оврын автобус байна, гадуурх намхавтар модон хашаа нь зэв болсон сараалжин төмөр хаалгатай.

“Ээ бурхан минь!” гээд Марсийн царайны өнгө хувирангуут “яанаа!” гэж бодон дотор эвгүй болсон ч “та наанаа зогсож байх уу? би хаалгыг нь тогшьё” гэхэд “тэгээ би хаашаа ч явахгүй ээ” гэлээ.

Ороод хаалгыг нь тогшлоо ямар ч чимээ гардаггүй, нэлээн чанга нүдлээ хариу алгаа. Тийнхүү зогсож байхад нэг сонирхолтой юм ажиглагдсан нь хаалгыг чанга нүдэх тусам миний зүрх тэр хэрээр хүчтэй цохилоод байлаа. Хаалганых нь цоорхойгоор хартал нэлээн эд хогшил харагдах ч ундуй сундуй байдалтай. “Хүн байна уу?” гээд жаахан чангаар хэлтэл хаанаас ч юм гэнэт нэг том нохой давхиад ирэв. Тэгтэл, Марси цаанаас “ямар аймаар юм бээ хурдан явъя явъя” гэх дуулдлаа. Нэг байтугай хэд хэдэн нохойтой гэдгийг ирүүлсэн зурвасаас нь мэдсэн болохоор харайж цоройлоод гар хуруу долоох нь ядаргаатай байхаас тийм ч цочирдсонгүй. Харин Марси нохойноос их айдаг бололтой “Бурхан минь, ямар аймаар юм бээ” л гэсээр байв.

Тэгээд гарах гэтэл хаалга онгойвол л гарчих байдалтай намайг ээрээд байхаар нь үүргэвч цүнхээ буулган хөнгөрч аваад ганцаараа тэндээс сугарах арга сүвэгчлэв. Амжилттай шүү!

20170329_193244.jpg

Ямар аймаар юм бэ..би чамайг ийм газар үлдээж чадахгүй. Эх хүний зөн гэж байдаг юм.” хэмээн Марси гуайг хэлэхэд тэгж хэлэхийг нь хүлээж байсан мэт санаа амрах шиг болов.

Эргэх замдаа “энэ юун хүн болохыг асууя” гээд замын нөгөө талд холгүй байх нэгэн байшингаас хүн гарч ирэхээр нь ингэлээ ингэлээ гээд “тэнд амьдардаг хүнийг таних уу?” гэтэл цаанаас охин нь болвуу гэмээр нэгэн эмэгтэй “ямар ч байсан 3 залуу амьдардаг гэхдээ юу хийдгийг нь мэдэхгүй”  гэхээр нь “ёоо ямар азаар хүнгүй үеэр нь таарч ирэв ээ” бушуухан холдох минь гэж бодогдов. Марси ч гэсэн үнэхээр цочирдсон шинжтэй “Бурхан минь!” гэхээс өөр зүйл хэлэхгүй явлаа. Буцаад хэсэг алхаж байгаад тэрээр “хамт ажилладаг хүн маань зарим өрөөгөө хүмүүст хөлслүүлдэг гэж дуулдсан асуугаадахъя” гээд ярьлаа. Утасны цаанаас сонсогдох ярианаас AIRBNB буюу аялагчид очсон газартаа айлын байрыг богино хугацаанд түрээслэн байрладаг тэр хэлбэр болохыг мэдэв. Дэн буудалтай харьцуулахад хамаагүй үнэтэй л дээ. Ер нь хосоороо яваа хүмүүст илүү тохиромтой юмуу гэж санагддаг байснаас биш өмнө нь хэрэглэж үзээгүй.

Тийнхүү тэр 2 хоорондоо ярьж байгаад хоногийн 50 гэхээр нь “надад дахиад сар гаруй замд явах хугацаа үлдсэн болохоор жаахан үнэтэй байна” гэтэл дахиад жаахан ярилцаж байгаад 3 хоногийн 100-д гэж тохиролцов. Төлөвлөж явснаас илүү гэнэтийн зардал гарсан ч гэлээ юу ч тохиолдож болох байсан тэр бүрхэг байдлаас гарц олж өгөн, чин сэтгэлээсээ тусалж байгаа сайхан сэтгэлтэй энэхүү эмэгтэйд талархахаас өөр юм бодогдохгүй байсан, үнэндээ..тэгээд намайг ирж авахаар болов. Тэр хооронд гэрт ирэн ойр зуурын зүйлс ярилцан жаахан суув.

12 хүүхэдтэй айлын дундах, өөрөө 3 хүү төрүүлсэн “АЗ ЖАРГАЛ” бол гэр бүл гэх энэ сайхан эмэгтэйд баярласан сэтгэлийн өчүүхэн илэрхийлэл болгон Казак найзаасаа авчирсан хэдэн цүнхнээс ганц үлдээд байсныгаа өгөхөд “Хувь заяа гэж байдаг юм аа, би өнөөдөр ажлаа тарчихаад өөр тийшээ явах гэж байснаа гэнэт больчихсон тэгэхээр чамтай л таарах гээд байсан байна.” гэх ээж шигээ насны хүнтэй ярилцах үнэхээр сайхан байсан.

20170329_201601.jpg

“Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” гэх зүйр үгийн адил хар бор царайтай хүн бүр олиггүй, цадиггүй биш юм гэдгийг ингэж биеэрээ мэдрэв.

20170329_204754 (1).jpg

Өмнөх хоноглосон айлууд болоод харьцаж байсан хүмүүс бүгдээрээ цагаан цайвар төрлийнхөн байсан учраас өнөөдөр ийм зүйл тохиолдож дахин нэг шинэ зүйлийг ойлгож ухаарах цонх нээгдсэнд баяртай байна.

Байрлах газраа төвхнөчихөөд “ийм газар очих нь ээ” гээд бичсэн нөгөө найздаа болсон бүх явдлаа хэлтэл нөхөр нь тус газрыг хаягаар нь хайж үзээд “харуудын амьдардаг болохгүй бүтэхгүй бүхэн тохиолдож байдаг аюултай газар байсан байна” гэдэг байгаа.

Юутай ч ойрд шинэчлээгүй явсан блогтоо ийм урт бичлэг оруулах сэдлийг төрүүлж өгсөн үл мэдэгдэх тэр залуу болоод бороо асгасан энэ өдөр тухтай орчинд дуртай зүйлээ хийх боломжоор хангасан энэ 2 хүнд маш их талархаж сууна.

Амьдрал бол АЯЛАЛ, АДАЛ ЯВДАЛ шүү дээ…

Сэтгэл хөдөлгөсөн гайхалтай бүтээлүүд..

Флорида мужийн Жаксэнвилл хотод ирээд 4 хонож байна. Энэ өдрүүдэд ганц амжуулж байгаа юм нь кино л үзэж байх шив дээ…уг хүн нь (би гэсэн үг :)) тэгтлээ кинонд дурлаад байдаггүй юм..багаасаа дэлгэц ширтэж хорвоо ертөнцтэй танилцаагүй болохоор магадгүй дадаагүй зуршил байж болох талтай.

Гэвч, юутай ч энэ өдрүүдэд үзэхгүй байхын аргагүй бүтээлүүдээр сэтгэл оюунаа умдаалж, урам зоригоо улам хурцлах боломжийг алдахгүйн төлөө махан биеэ чилж хөштөл сууж байна.

За одоо үзсэн кинонуудаасаа сорчлон та бүхэнтэй хуваалцъя, заавал үзээрэй гэж захья.

Торгон мөчүүдэд нь зүрх оволзон, нулимс урсах зэргээр янз бүр л болж үзэхээр бүтээлүүд байлаа. Эдгээр кинонууд бүгд бодит түүхэн явдлаас сэдэвлэгдэхийн зэрэгцээ “ХҮН” гэдэг нэрийн доор багтах бид “СЭТГЭЛ” гэх зүйлээрээ л бусад амьд биетээс ялгагддаг. Тиймээс юу ч тохиолдсон байлаа гэсэн сэтгэлийн тэнхээтэй, зоригтой, тууштайгаар өөртөө итгэвэл, нөгөөтэйгүүр итгэл найдвараа алдсан, өөрийгөө хаячихсан нэгнийг зөв залж чадвал хэн ч байсан эргэн сэргэх хязгааргүй хүч, багтаамжтай юм шүү гэдгийг товойлгон харуулсан нь гайхалтай байв.

WILD

 

Өчигдөр өглөөхөн номыг нь нэгэн танилаасаа сонсоод, өдөр хотын төвөөр явж байхдаа хуучин номын дэлгүүрээс олж авчихаад эхлүүлээд явж байсан юм.

1995 онд, Шериль Стрэйд гэх залуухан эмэгтэй өөрт тохиолдсон бэрхшээл, гунигт явдлуудаас ангижирч, өөрийгөө олж амьдралаа дахин шинээр эхлүүлэхээр “Pacific Crest Trail” буюу АНУ-ын баруун талаар Канадын хилээс Мексикийн хил хүртэл үргэлжлэх онгон зэлүүд газраар 4286 км замыг 94 хоногийн хугацаанд туулсан бодит адал явдалдаа тулгуурлан “WILD” нэртэй ном бичсэнийг нь 2014 онд дэлгэцийн бүтээл болгожээ.

АНУ-аар хийж буй энэ удаагийн аялал маань цаг хугацааны боломжид хязгаарлагдан баруун талын газар нутаг нь тэр чигтээ үлдэж байгаа учраас дараа ийнхүү явахын дохио ч юм билүү гэж бодогдох. “Into the Wild” -аас өөр иймэрхүү кино үзэж байсангүй. Тиймээс өөрийгөө орлуулан мөрөөдсөн 2-дахь бүтээл боллоо.

Trailer: Wild

FREEDOM WRITERS

Нэг хэсэг биднийг байлдан дагуулаад авсан “Хэцүү анги” кинотой төстэйдүү бүтээл санагдлаа.

Хар голдуухан арьстай цагаач танхай этгээдүүдийн цуглуулга гэж ойлгогдохоор сурагчидтай нэгэн ангид багш нь болж очих залуухан бүсгүй тэр хүүхдүүдтэй хүн ёсоор харьцаж, бага наснаас нь сэтгэлд нь бугласан, амьдралд нь өдөр тутам тохиолдох хар бараан үйл явдлуудыг өдрийн тэмдэглэл байдлаар бичүүлэх болон ном авч өгөх, музей үзүүлэх, зочин урьж яриа хийлгэх зэргээр ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг хүнд сэдвийг зөөлөн аргаар ойлгуулан дотоод хүнд нь хүрч, засрах боломжгүй мэт үзэгдэж байсан тэдгээр хүүхдүүдийг зөв замд оруулж байгааг гайхалтай харуулсан бүтээл байна. Мөн л бодит явдлаас сэдэвлэсэн.

Үнэндээ.., бид хэн байх тэгээд хэн болох вэ гэдэгт нийгмийн хандлага, тойрон хүрээлэл, гэр бүлийн орчин, найз нөхөд гэх мэт гадаад хүчин зүйлс маш том нөлөөтэй юм. Энэ дэлхийд ирэхдээ бид бүгд яг адилхан улаан нялзрай цав цагаахан цаас мэт байдаг. Харин эдгээр гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр тэрхүү цаасан дээр юу ч бичигдэж, зурагдах боломжтой. Бид хэн ч болж болно…

Trailer: Freedom Writers 

MOONLIGHT

Гэр бүлийн орчин таагүй, сургууль дээрээ дээрэлхүүлж шоовдорлогддог зэргээс шалтгаалан сэтгэлийн хүнд шарх олчихсон нэгэн хүү томрох тусмаа бие бялдрын хөгжил, сэтгэл санааны байдлаасаа үүдэн өөрийгөө ойлгодоггүй, хүлээн зөвшөөрч чаддаггүйгээр бэлгийн цөөнх хүмүүс нийгмийн тогтсон ойлголт хандлагаас өөр төрснөөрөө дотроосоо болоод гаднаас ямар их дарамт, шахалттай учирдгийг маш тодорхой харуулж чадсан сэтгэл хөдөлгөсөн торгон агшнууд олонтой, яах аргагүй л Оскар авахаас өөрцгүй бүтээл байна билээ. “Заавал үзээрэй” гэхээс өөр юу хэлхэвдээ…

Trailer: Moonlight

За тэгээд Hidden Figures, Soul Surfer гээд кинонуудыг үзсэн боловч цаг оройтоод шөнө сууж чаддаггүй онцлогтой хүн чинь нүд ам сонин оргид байнаа унтах минь..Та бүхэн мөн сэтгэл догдлуулсан сайхан кинонуудаасаа хуваалцаарай явахаасаа өмнө амжуулаад үзчихье!

Одоо энд шөнийн 1 цаг дөхжээ.

Сэтгэл

2017 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 16 цаг 40 минут. 

АНУ-ын хамгийн зүүн урд талын нутаг дэвсгэр болох Флорида мужийн Жаксэнвилл хотруу явж байна. Тэр хүртэлх 7 цаг гаруйн хугацааг 2 мужийн 2 хотоор дайрч өнгөрөөх нь. Өмнөд Каролайна мужийн Чарлестон, Жиоржиа мужийн Саванна хотууд юм. Эдгээр нь Атлантын далайн эрэг дагуу байрлалтай тул колончлогч их гүрнүүдийн задгай далайд гарах гол боомт түшиц газар, стратегийн тулах цэг байсан зэрэг түүхэн ач холбогдол нь өдгөө ч алдагдаагүй байгаа бололтой. Атлантын далайг дамнасан гадаад худалдаа, аялал жуулчлал, цэрэг арми, аж үйлдвэрийн гол үйл явц өрнөсөөр…

Өглөө, 12 хоног сайн дурын ажил хийсэн газраасаа гэрийн эзэн Ник, мөн тэнд ажиллаж байгаа хоёр Америк залуу Билл, Жимми 3-аар хүргүүлэн Мөртли/Myrtle гэх наран шарлагын газарт ирсэн.

“Бийч/beach” гэхээр усны хувцас өмсөн загас болтлоо сэлжээ гэж битгий бодоорой ус одоогоороо хүйтэн байналээ.., эндээс дараагийнхаа газар луу явах унаандаа суух л зорилготой байсан юм аа.

20170309_101536.jpg

Атлантын далай сайхан угтсаан намайг…

Тийнхүү далайн эргээр жаахан алхаж ганц нэгхэн зураг буулгачихаад нөгөө 3 маань автобусны буудалд хүргээд буцав.

“Сэтгэл” гэдэг үнэхээр сонин юм…

Тэрүүхэн салах мөчид “Баяртай, сайн яваарай. Баярлалаа, сайн сууж байгаарай!” гэх аян замын ерөөлийн үгс солилцох амаргүй байлаа. Тэр гурав ч, би ч аль аль нь бие биедээ дассан мэт..Гэхдээ уншигч та бүхэн буруугаар бүү ойлгоорой! Миний хэлэх гээд байгаа санаа бол хэнийг ч байсан ямар харагдах, яаж амьдрах болон аяглах (чам руу санаатай чиглээгүй бол) гэдгээр нь бус жинхэнэ хүн гэдэг мөн чанараар нь чин сэтгэлээсээ хайрлаж хүндлэх, хүлээн зөвшөөрөх сэтгэлийн цэвэр мэдрэмжийн тухай хуваалцах гэсэн юм.

Үнэнийг хэлэхэд, саяхныг болтол надад ийм ойлголт байсангүй гэхэд хилсдэхгүй ээ.

Яагаад гэхээр, хэдхэн хоногийн өмнө “энэ газраас хурдан явах юмсан ядаргаатай өвгөн тамхиа баагиулаад муухай үнэртлээ, бла бла бла” гэх мэтээр гомдоллож байснаа бодохоор “ямар өчүүхэн зүйлд дургүйцлээ илэрхийлж, зөвхөн өөрийн тав тухын төлөө бусдыг шүүмжилж байгаа вэ?” гээд бодоход өөрийн эрхгүй дотроос нэг зүйл чангаах шиг…Тэгэхэд би тэр хүний мөн чанар, оршихуйг угтаа ойлгоогүй л байсан хэрэг.

Үнэндээ, бидний ихэнх нь аливааг мөн чанарт нь хүртэл бүрэн гүйцэт мэдээгүй, таниагүй, ойлгоогүй хэрнээ зөвхөн өөрсдийн өнцгөөс харан, аль таалагдахгүй бүхэнд нь дөрөөлөн гоочилж, өөчилж шүүмжлэхээ түрүүлж, дургүйцэл, уур, бухимдлаа илэрхийлэхээ урьтал болгодог. Ингэлээ гээд үлдэх үр ашиг нь ямар байна? Ямар мэдрэмж төрж байна? Эргэн тойрон чинь илүү гэгээлэг харагдаж байна уу? Дотроос чинь баяр баясал, хайр энэрэл, өрөвдөх сэтгэл ундарч байна уу, эсвэл эсрэгээр байна уу?

Миний хувьд бол тэр хүний байгаа байдалд дургүйцэж байх үед сайхан мэдрэмж огт төрөөгүй. Харин ч юм бүхэн нь болохгүй бүтэхгүй мэт санагдаж, улам сөргөөр ургуулан бодож байсан.

Гэтэл одоо ийнхүү бичиж суухад хоолой аргаж, аньсага чийгтэх ч сэтгэл тайвшрах нь гайхалтай байна…

Санаатай болон санаандгүйгээр бусдад гэм хор хүргэчихэлгүй, сэтгэлд нь сэв суулгачихалгүй л явах юмсан…

 

Нутгийн айлуудаар №2

Айл №8 – “Сонин залуу” 

Индиана мужийн нийслэл Индианаплос хотод нэг хоногийг өнгөрүүлэхдээ каучсөрфин -г хэрэглэсэн юм. Замд гарснаас хойш энэ сүлжээгээр дамжуулан 2-дахь айлдаа хоносон нь тэр. Эхнийх нь Мэйнь мужийн Портлэнд хотод байсан.

Эхэндээ Индианаплос хотоор орох төлөвлөгөөгүй байлаа. Харин Блүүмингтон хотоор дайрч Индианагийн их сургуулийн Монгол судлалын талаар сонирхох бодолтой байтал цаашаа дараагийн очих газар болох Миззури мужийн Сант Луйс хотруу явахад Индианаплос хотоос илүү хямд байхаар нь бодлоо өөрчилчихсөн юм.

Тэгээд хоног тулчихсан хойно каучсөрфиндсөн болохоор “хүн олдохгүй бол яана?” гээд жаахан итгэл муутайхан 3 хүн рүү хүсэлт явуулахад 1-нээс нь “Би одоогоор боломжгүй байна, харин энэ Туан гэж залуутай холбогдоод үзээрэй.” гэсэн хариу ирүүлсэн байв. Тэр даруйд нь нөгөөх Туан руу нь бичтэл “өө бололгүй яахав дуртай цагтаа хүрээд ир…” маягаар маш уриалгахан хариулахын зэрэгцээ гэрийн хаягаа явуулсан байлаа.

Синсиннати энэ хоёрын хооронд гайгүй юм билээ, 2 цаг гаруйхан давхиад л орчихсон. Индианаплос хотод буух үед амралтын өдөр төдийгүй гадаа цаг агаар сайхан, их үдийн үед байсан болохоор тааваараа алхан хотын төвтэй нь танилцангаа очих газар руугаа зүглэв. 20170219_150718 (1).jpgОдоо нэг зүйлийг маш сайн ойлгож явна. Юу гэхээр, замд явахад цэнэг сайн барьдаг утас, хэрэглэж дадсан зөөврийн комьпютер гэх мэтээр нэн тэргүүнд хэрэг болох зүйлсээ асуудалгүй байхуйц базаах нь маш чухал юм байна.

Тэнгэр цэлмэг байхаар нь хэдэн зураг дараад, ганц нэгхэн бичлэг хийтэл утасны цэнэг дуусах нь гэсэн дохио ирдэг байгаа. Очих газраа тодорхой болгоогүй явсан болохоор гүүгл мэп хэрэглэх гэтэл холболтын алдаа заагаад будилж байтал унтарчихав. Өө ямар балай юм бээ новш гэж…ийнхүү яг хэрэг болох үед цэнэг нь суучихдаг утас шиг дургүй хүргэх зүйл ховор, дахиж цэнэглэгддэгүй бол хана руу чулуудчихмаар л санагдана…комьпютерээ асаагаад имэйлээ шалгах гэтэл “интернэтгүй байна” гээд мөн л холбогддоггүй. Зөвхөн интернэттэй орчинд ажилладаг Google Docs үйлдлийн системтэй Chromebook авсандаа ахин дахин харамссаар.

Үүргэвч цүнхээ буулган уснаасаа балгаж жаахан амсхийгээд Туаны гэрийн хаягийг санах гэж хэсэг бодлоо. Тэгтэл аажмаар гудамжны нэр, байрны, хаалганы дугаар гээд бүгдийг нь саначихсан шүү. Гэхдээ бас хаана яваадаа итгэлгүй байсан тул ойрхон явах 2 залуу руу хандан “энэ хаяг руу яаж очихыг хэлж өгөөч” гэтэл утасныхаа газрын зурагт оруулан сайхан дэлгэрэнгүй замчлаад өгсөн.

Туаных яг хотынхоо төвд манайхаар бол Жирэмсэн барилга юмуу ЭмСиЭс-ийн 7 давхарт гэж зүйрлүүлэхүйц үнэн тасархай байршилтай, тансаг амьдардаг залуу байж таарлаа.

This slideshow requires JavaScript.

Өнгөрсөн жил буюу 32 насандаа тэтгэвэртээ гарсан гэхээр нь “тэтгэвэртээ гарна гэдэг чинь ямар учиртайн?” гээд сонирхтол “би 14 насандаа ажил хийж эхэлсэн. Тэгээд 18-тайдаа хувийн бизнестэй болсон, түүнээс хойш өдөрт бараг 14-15 цаг тасралтгүй ажиллаж ирсэн. Одоо бол жилд 100.000 ам.доллар зарцуулаад байхад амьдрах хугацаанд маань хангалттай хүрэлцэхүйц хэмжээний санхүүгийн боломжид хүрсэн. Тиймээс дахин тэгж ажиллахыг хүсэхгүй байна.” гэхээр нь тэрүүхэн үедээ би итгээгүй “энэ сайхан залж байнадаа” л гэж бодсон, үнэнийг хэлэхэд..яагаад гэхээр гаднаас нь харахад нэг л унжгар сул дорой байдалтай тийм гэж итгэл төрөмгүй.

Орой нь “хамт амьдардаг байсан найзын төрсөн өдөр болж байгаа хүсвэл хамт явж болно цаг гаруй явах зайд өөр хотод” гэлээ. Тэгэхээр нь сонирхол хөдлөн “тэгье” гээд хэлчихсэн. Тийнхүү явж байх замдаа ойр зуурын зүйлс ярьж байгаад гэнэтхэн “хүний санаа бодол яаж ч өөрчлөгдөж болно юу тохиолдохыг таашгүй” гэж хэлэхээр нь “ийм залуудаа санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гэдэг чинь арай арай…ямар аймаар юм бэ цагийн дараа гэхэд би ямар газар очих бол” гэхчилэнгээр ургуулан бодоод айдастаа хүлэгдчихсэн. Тэгээд нэлээн явж байгаад “очих газар маань дөхөж байнаа..энэ миний орлогын эх үүсвэр рестарон байгаан, энд ч би бараг ирдэггүй юмдаа нарийн бичиг л бүхнийг зохицуулчихдаг” гээд нэгэн байшингийн урдуур өнгөрөхдөө хэлж байна. Тэгж хэлэхээр нь л гүнзгий амьсгаа аваад тайвшрах шиг болсон.

Үнэндээ, айх зүйлс байхгүй байсан юм билээ л дээ.

Найзынд нь очоод төрсөн өдөр далимдуулан гэдсээ гартал идэж уун, үеийнхээ залуустай цагийг хөгжилтэй өнгөрүүлээд буцаж ирсэн.

Цонхныхоо хөшгийг сөхдөггүй байдал нь дотор жаахан давчидмаар байхын зэрэгцээ “муугүй ээ, зүгээр ээ” зэргээр нүүрнийхээ булчинг огтхон ч ажиллуулдаггүй мэт ярьдгийг нь эс тооцвол тухлаг орчинд нэг хоног сайхан амарч аваад дараагийнхаа газар болох Миззури мужийн Сант Луйс хот руу хөдөлсөндөө.

Дөнгөж сая каучсөрфинд байрлуусан Туаны мэдээллийг хартал “4 сарын дундаас эхлүүлэн 5 сарын сүүл хүртэл Франц улсаар 40 хоног алхахаар нэг талын онгоцны тасалбараа авчихлаа” гэсэн байна. “Индианаплос хотод удахгүй ээ Япон юмуу Аляска мужид очиж хэсэгтээ суурьших тэгээд дэлхийгээр тойрон аялах бодолтой” гэж байсан тэр сонин залуугийн аяны зам нь дардан саадгүй байх болтугай!

Битгий зэврээрэй!

Тогтвортой сууж төвлөрөх, ялангуяа урт, нуршсан өгүүлбэр, бичвэр унших цаг зав, тэвчээр хатуужлаар хомс болж буй өнөө цагт сонин сайхнаа хуваалцахад нэг талаас төвөгтэй, нөгөө талаас амар мэт санагдах.

Төвөгтэй гэдэг нь ганц нэгхэн өгүүлбэр, дүрст бичлэгээр санаа, сэтгэгдлээ бүрэн гүйцэт илэрхийлж чадахгүй байх талтай.

Амар нь болохоор хэдхэн минутын дүрс буулгаад, эсвэл цөөхөн хэдэн зураг оруулаад л товчхон өгүүлбэр биччихэж болно. Гэвч нэг л хангалтгүй мэдрэмж, сэтгэл ханамжгүй байдал..

Аливаа зүйлс хялбарчлагдах тусам бидний төрөлхийн авьяас чадвар улам доройтож, мохож байдаг нь гарцаагүй үнэн юм. Жишээ нь, өөрийнхөө байдлаас харахад тэмдэглэлээ бичээд байвал бичээд л байх шинжтэй..сүүлийн 3 өдөрт ойр ойрхон бичвэрүүд оруулчихлаа. Гэтэл заримдаа тэр дүрст бичлэгүүдээр далимдуулан бичих гэдэгт маш хойрго болчихдог. Тэгээд хойргосоод байх тусам завгүй, ядарлаа, хуваалцах сонин сайхан алга гэх мэтээр улам л бичихгүй арга сэдээд байх шинжтэй.

Оюун бодол ийм байхын зэрэгцээ бидний махан бие ч адилхандаа..дасгал хийгээд эхэлчихвэл байнга хийгээд баймаар санагддаг, харин хийхгүй хэд өнжчихөөр тэгээд л нозоорно, наазгайрна, залхуурна.

Бүх юмс л идэвхгүй, хөдөлгөөнгүй байвал зэвэрч гунддаг нь байгалийн жам гэлтэй, хэрэглээгүй төмөр  ч гэсэн зэвэрсэн харагддаг…

Тиймээс гадаад хүнийхээ бүрэлдэхүүн хэсэг болох махан бие болоод дотоод хүнийхээ сэтгэл, бодол, мөрөөдөл зэргийг байнга дасгалжуулж завгүй байлгах нь чухал.

Хийж буй ажилдаа дургүй, юу хийхээ ч мэдэхгүй, цаашаа яах нь ч тодорхойгүй үеүд тохиолддог байлаа. Ганцаараа л ийм азгүй байгаа мэт санагдан өөртөө, өрөөлд шалтгаангүй уурлах, гомдох, сэтгэлээр унах тохиолдлууд зөндөө байсаан. Тийм байдалд орсны гол шалтгаан нь дургүй үйлээ хийж, сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд зэвэрч эхлэх дохио тэмдэг байжээ хэмээн одоо боддог юм. “Нэг л болж өгөхгүй байгаагаа анзаарна” гэдэг тун чухал зүйл. “Өөр арга зам байгаа” гэдгийг хэлж байна гэсэн үг.

2005 оны Стэнфордын их сургуулийн төгсөлтөнд Стив Жобсын хэлсэн алдартай илтгэлийг хааяа сонсох дуртай. Тэрээр, …“Та бүхэн өөрийн дуртай зүйлээ хайж олоорой. Дуртай зүйлээ хараахан олж амжаагүй бол цааш хайгаад бай, хойш бүү суу!”

Тиймээс яаж ч байсан “БИТГИЙ ЗЭВРЭЭРЭЙ!”.