Цаг хэд болж байгаан бол оо?

2017 оны 12 сарын 12-ны шөнө. …, Энэтхэг улсын хаа нэгтээ замд..

Сайхан нойрноосоо гэнэт сэрчихлээ. Тэгээд цаг хэд болж байгааг мэдэх санаатай толгойдоо тавьсан цүнхээ тэмтчин утсаа гаргатал унтарчихаж. Цэнэгээ муу барьдаг хуучин утсандаа шилжээд урт замд өөрийгөө зугаацуулах юмгүй сэтгэл жаахан дундуур л явна.

Өмнө барьж байсан арай гайгүйгээ уржигдар өглөө пялтан шалан дээр унагаагаад асахаа больчихсон. Бангкокоос авсан болохоор тэнд нь үзүүлье гэж бодоод хурдхан далд хийчихсэн. Тэгээд ч тун удахгүй долоохон хоногийн дараа Тайландад бууж байх учраас санаа зовохгүй байна.

Юутай ч түг-түг-түг хэмээн түжигнэн аахилах галт тэргэнд сэрлээ. Энэ дуу чимээ, хэвтэж буй орчны байдал, үнэр танар гээд эхэндээ Улаанбаатараас Сайншанд ч юмуу эсвэл Замын Үүд явж байгаа бил үү гэж андуурмаар санагдав.

Энэтхэг улсад ирсээр анх удаа энэ унаагаар явж байгаа юм. Өмнө нь баримтат нэвтрүүлэг, зарим нэгэн сэтгүүлээс харсан бөөстчихсөн мэт гадуур дотуургүй шавж шамбааралдсан вагоны дүр зураг ор мөргүй байлаа.

Галт тэрэгний буудлын эргэн тойрон, явах цагаа хүлээсэн олны хөл хөдөлгөөн бол Хятадад явж байсныг санагдуулав.

Бид хоёрын бичүүлсэн тасалбар орох хаалга, 00-ын дэргэд шахам 1, 2-р ор байлаа. Яг манайх шиг 3 давхартай, дундахыг нь доош буулгаад арай толгой өндөр сууж болохоор бүдэгдүү гэрэлтэй давчуухан орчин. Дээр доороосоо биеэ халхалчих юмтай тэгээд чихээ бөглөчихсөн байхад бүүвэйлэгдсэн байдалтай сайхан унтчихдаг нь их таалагддаг юм энэ зэрэглэл.

 

Галт тэрэг 6:30-д хөдөлснөөс хойш 2 цаг орчмын дараа унтсан гэж бодохоор нойр нэлээн ханачихсан, 00 ч орчихмоор болсныг тооцвол өглөөний 3 юмуу 4 болж байгаа болвуу гэж таамагламаар..

Өглөөний 6:00-д Хажурэход буух зорилготой яваан…

Нээрээ цаг хэд болж байгаан бол? 

Зүүд гэж сонин юм шүү..сэрэхээсээ өмнө юу зүүдэлснээ тодхон санаж байна.

Иймэрхүү нэг кино байдаг санагдана. Гол дүрийн залуу хөлөндөө буудуулчихаад зугтаагаад араас нь гар буу барьсан яахаас ч буцахгүй шийдцэн царайтай нэг нөхөр хурдан хурдан алхаад л..гэтэл саяны зүүдэнд өөрийгөө тэр хөөрхий ямар ч гэм хийгээгүй хэрнээ алуулах гээд амь тэмцэж яваа залуу болгочихсон шатаар өгсөж уруудан гүйгээд л байх. Тэр буудуулсан хөлний өвчин энэ тэр бол ярилтгүй хэрнээ цагаа тулахаар хүн зөвхөн амь гарахын төлөө ямар ч зүйлийг даван гардгийг үзүүлэх мэт. Гэвч хэн ч надад туслахгүй замд таарсан хүмүүс гайхсан царайгаар угтаж үдээд байх нь уур хүрмээр.

Зарим зүүдийг сэрэнгүүтээ мартчихдаг, заримыг нь бол маш тод санадаг, тэр дороо мартмаар хэзээ ч сэрэлгүй үргэлжлүүлмээр гээд л мөн ч хачин зүйл шүү…

 

 

 

 

Advertisements

Энэтхэг улсаар яаж явна вэ?…

2017 оны 12 сарын 9-ны Бямба гараг. Цаг 10:32.

Энэтхэгээр хийж буй аялал маань үргэлжилсээр, энэ чинь л “Жагарын орон шүү дээ” гэхүйц эгзэгтэй, тааварлашгүй, тэсвэрлэшгүй нөхцөл байдалтай учирсаар л явна…

Өчигдөр өглөө энэ улсын оюун санаа, итгэл бишрэл, шашин шүтлэгийн нийслэл гэгддэг Варанасид ирлээ. Харин өмнөх өдөр нь үнэнч сэтгэл, мөнхийн хайрын бэлгэдэл болсон гантиг чулуун бунхан Таж Махалаараа олны хөлд дарагддаг Агра хотод буусан юм. Түүний урьд өдрүүдэд дэлхийн иогийн нийслэл Ришикэшт байв. Түүнээс өмнө гэвэл тус улсын “жинхэнэ” нийслэл болох Шинэ Делид өдөр шөнийг өнгөрүүлээд хойшоо зүглэж байлаа.

Ингээд харахад 18 хоносон Ришикэшийг эс тооцвол дөнгөж дөрөө мулталсан байдалтай тун яаралтай явсан байгаа биз.

Тэгээд яав юу болов гэхээр үндсэн шалтгаан нь очсон газруудынхаа чухал цэгүүдээр л орохоос өөрөөр бол саатаж удаад байх ямар ч шаардлагагүйтэй холбоотой юм. Жишээ нь, Аград нэг өдөр л хангалттай. Таж Махалыг 2 цагт багтаан үзчихээд Могулын үеийн хаадууд нь амьдарч байсан “Улаан цайз/Red Fort”-аар мөн иймэрхүү хугацааг зарцуулна. Энэ нь маш тайван аажуухнаар явна гэсэн үг л дээ.

Тэр “Таж Махал” буюу “Титэм Ордон” бол яах аргагүй хосгүй гайхамшигтай бүтээл байналээ. Хүн төрөлхтний шинэ үеийн 7 гайхамшгийн нэгт орсныг нь үг дуугүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

20171207_162849.jpg

Дэлхийн 7 гайхамшгийн нэг Таж Махал

Үүх түүхээс нь товчхон дурьдвал, өнөөгийн Энэтхэг улс 17-р зуунд исламын шашинт Могулын эзэнт гүрэнд бүрэн эзлэгдсэн юм гэнэ. Тухайн үед тус гүрний тавдахь хаан буюу 1628-1658 оны хооронд төр барьсан Шах Жахан гэж байж. Түүний хамгийн хайртай хатан болох Мумтаз Махал нь төрөхийн хүндрэлээс 39-хөн насандаа хорвоог орхиход гэгээн дурсгалд нь зориулж ийм хосгүй бүтээлийг босгожээ.

Гантиг чулуу болон ойр тойрныхоо улс орнуудаас цуглуулсан бусад олон төрлийн эрдэнэсээр 12 жилийн турш 20000 гаруй урчуудын хөлс хүчээр бүтсэн гэлээ. Тэгээд бүтээн байгуулалтанд оролцсон эдгээр хүмүүсийн хурууг тайрсан гэдэг юм билээ. Өөр хаа нэгтээ дахин давтагдчихвий гэдгээс сэргийлсэн хэрэг л дээ.

Цагийн эрхэнд өнгө зүс нь жаахан өөрчлөгдөхийн зэрэгцээ гадна талд нь засвар шинэчлэлт хийж байгаа харагдлаа. Аль тэртээх 400-аад жилийн өмнө боссон гэхэд ийм чигээрээ сүндэрлэж буйд нь баярлаж бахархахаас яахав..“ийм хайр… үнэхээр агуу юмаа” гэж шогширсоор яваад л гарч ирсэн, хэхэ..

Гэхдээ энэ бунхан дотор онц сонирхолтой юм нэхх байхгүй ээ, үнэнийг хэлэхэд. Дотогш оронгуут голд нь “нөгөө хоёр”-ын хуурамч авс байна, түүнийг нь нэг тойроод л хойд хаалгаар гадагш гарна.

“Жинхэнэ” шарил нь газар доогуур байдаг юм гэсэн. Дотор талд зураг авахыг хатуу хориглодог юм билээ.

20171207_162156.jpg

Баасан гарагаас бусад өдрүүдэд өглөө бүр 6 цагт онгойж орой нар жаргахаас өмнөхөн хаадаг гэсэн. Тасалбар нь гадаад жуулчинд 1000 рупи.

Ийшээ орох баруун, зүүн, өмнөд гэсэн гурван хаалгатай. Урд хаалганых нь ойролцоо жуулчдад зориулсан буудал, хоолны газрууд зөндөө харагдсан. Харин үнэ ханшийг нь анзаарч амжаагүй. Уг нь ийм ойрхон зайд, дээвэрт нь гарах боломжтой газар орчихвол өглөө, оройн наранд бүр янзтай харагддаг л гэсэн.

Бид 2 болохоор эндээс 40 минут алхах зайд “Pyrenees homestay” гэх 650 рупины үнэтэй газар байрласан. Яахав ээ боломжийн байсан, ирж очих зуураа жирийн хүмүүсийн амьдралыг сонжиж шинжсэн шиг явах бүр сонирхолтой санагдсан гээч. Эвэртэй туулай үзсэн аятай харц унагах нутгийн залуус, “Хай” хашгиран гар барьж, зураг авахуулах сонирхол дүүрэн хүүхэд багачуултай хөгжилтэй байсаан. Нүүрэндээ багахан инээд тодруулан хоёр тал руугаа толгой дохин гар өргөсөөр байх Эмиг “хаа нэг газрын ерөнхийлөгч айлчлал хийж яваа аятай” гээд баахан инээсэн, хэхэ..

25130012_10212345468604221_1903534084_o.jpg

Нутгийн охидууд..

За, ийнхүү Таж Махалаар орчихоод хаадын ордон байсан Улаан цайз руу түк-түкдчих хэрэгтэй. Алхах боломжтой ч гэлээ эндхийн нутгийн такси болох 3 дугуйтууд маш хямдхан. Энэ хооронд 50, 60 рупигээр л явна. Нөгөөтэйгүүр гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа нэг ч болов хүнд туслаж байна гэж бодохоор сайхан санагдана.

Хэсэгхэн өөр тийшээ хадуурахад:

Таж Махал руу орохоосоо өмнө ийм зөөгчтэй газар өглөөний цай уусан юм. 75-тай гэсэн. Өдий насны хүн манай жишгээр ийм ажил хийх нь байтугай нийгмийн амьдралаас аль хэдийн таслагдчихсан тэ..гэтэл энд эсрэгээрээ. “Нас бол тоо” гэх сэтгэлгээгээр харвал үнэхээр бахархмаар тун огцом 3 давхар шатаар өдөр бүр өөд уруугүй 30 жил шогшиж байна гэлээ.

Гэвч тэрхүү “нас бол тоо” гэх миний дуртай ойлголтоор бус харин “ЭРЭГТЭЙ” учраас хэдэн настай байсан ч хамаагүй нийгмийн амьдралд оролцоно гэх хүйсээр ялгаварлан гадуурхалтын тод жишээ байлаа.

Тэрээр “би 3 охинтой, ганц ч хүүгүй” гээд нүдэнд нь бараг нулимс цийлэгнэн харамссан өнгө аястайгаар “гарын мөнгө өгсөн гэдгээ манай боссод битгий хэлээрэй” гэж гуйх нь өрөвдмөөр ч юм шиг..

Бүхэл бүтэн нийгмээрээ ийм “харгис” хандлага, тогтолцоонд гацсан байхад гэр бүлийнхээ төлөө өдөржингөө бөгтөгнөх энэ хүний буруу биш л дээ, хөөрхий…

25075555_10212345467524194_1134890368_o.jpg

Зочдынхоо санал сэтгэгдлийн дэвтрийг сонирхуулж буй Mr.Honey

За одоо үндсэн сэдэв рүүгээ оръё. Тэр “Улаан цайз”-руу орох тасалбар нь 500 рупи байсан.

Тасалбараа авчихаад орохын өмнөхөн “Ислам шашинтай улсын хаад хатад амьдарч байсан юм чинь тэдэн шиг зургаа даруулъя” гээд ороолтоороо толгойгоо бүтээх гэтэл “олон сая эмэгтэйчүүд наад хачин юмнаас чинь болж зовж байхад…” гэж Эмид тас загнуулснаасаа болоод энэ Улаан цайзыг сэтгэлдээ үлдэж бусдыг ирээрэй гэж уриалтал гоё сайхныг нь мэдэрч чадаагүй тэгж ингэсгээд л гарч ирсэн. Маш том бүтээн байгуулалт зай талбай томтой учраас 2 цаг алхана гэж төлөвлөвөл зүгээр санагдсан.

Иймэрхүү байдалтай Агра хотод нэг шөнө, хоёр өдрийг зарцуулсан юм. Хэрвээ цаг хугацаа давчуу яваа бол Делигээс өдрийн аялал хийх юмуу шөнийн унтлагын автобус эсвэл галт тэргээр ирэн үзэх зүйлсээ амжуулчихаад тэр шөнөдөө дахин шөнийн унаагаар дараагийн газар луугаа явсан нь дээр.

Бид 2-ын дараагийн зогсоол Варанаси байсан болохоор 11 цаг явж хүрэх унтлагын ийм автобусыг сонгосон. Байрласан газраараа дамжуулж захиалахад тасалбар нь нэг хүний 1500 рупи болсон. Харин цахим хуудсаар нь ороод харахад 300 орчим рупиг илүү төлсөн мэт харагдсан.

Гэхдээ тун зөв сонголт байсан шүү. Ийм тусдаа өрөөнд үнэхээр сайхан унтаж ирсэн. Тэгээд зогсоогүй жижиг цэвэр ус, нэг кекс өгөхийн зэрэгцээ дотроо 00-той, ор дэр нь цэвэрхэн, залгууртай, бүр WiFi-тай гэж байсан.

25189671_10212345567966705_2146094634_o.jpg

25086556_10212345567926704_644657168_o.jpg

Ганц өөлөх юм гэвэл гарч ороход иймэрхүү маягтай зай талбай л багатай их давчуухан.

Одоо тэгээд Ээж мөрний эрэгт дахин ирчихсэн алдарт Варанасиг таалах нь уу, яах нь уу гэсэн байдалтай л сууж байна.

Үнэндээ өчигдөр автобуснаас буунгуут “энэ заваарсан газраас хурдхан явах юмсан” гэж бодсон. Харин дараа нь оройхон бусад аялагч залуустай гадуур гарч гайгүй хоол унд, янз бүрийн зүйлс сонирхоод анхны тэр сэтгэгдэл өөрчлөгдөх шинжтэй болчихсон.

Энд ирсээр анх удаа Энэтхэг баарыг сонирхож нутгийн шар айргийг ч амсаж үзлээ. Ёстой таалагдсангүй. Нүд хужирлачихаар залуухан ч юм байхгүй гэгчээр бүгд арзайсан эрчүүд, ганц ч эмэгтэй хүн байхгүй. Тэгээд дээрээс нь дотроо тамхи татдаг. Манайх ч гэсэн тамхины хууль гараагүй байхад ийм л аймшигтай өмхий заваан байсан байхдаа гэж бодогдсон.

Надаас гадна өөр нэг швейцарь эмэгтэй явсан юм тэгээд тэр эрчүүд бид 2-ыг хараад бүр нүд нь бүлтрэх нь ээ хөөрхий гэж..

Шээс хүрээд 00 ормоор болтол Эми “тайван байгаарай ийм газарт эмэгтэй 00 байхгүй ч байж магадгүй” гэхээр нь нээрээ юу билээ л гэж бодогдсон. Харин азаар хамгийн сүүлд хэзээ ашигласан бол гэмээр газрыг онгойлгож өгсөн.

Өнөөг хүртэл нэг иймэрхүү байдалтай…

Варанасид одоогийн байдлаар хамгийн их таалагдсан юм гэвэл байрласан газар л байх шивдээ..”GoStops hostel” маш гоё тохижилттой, өглөөний цай иймэрхүү байдалтай өрөөнийхөө үнэнд шингэсэн, үзэх ёстой зүйлсийг зохион байгуулаад өгдөг гэх мэтчилэнгээр аялагч биднийг халуун дулаанаар хүлээн авч сайхан байлгаад явуулдаг газар байна.

25139272_10212345648128709_2049063083_o.jpg

Дэлхийн иогийн нийслэл миний нүдээр…

2017 оны 12-р сарын 5-ны Мягмар гараг. Цаг 12:29.

Бүгд Найрамдах Энэтхэг улсад хөл тавьснаас хойш 20 хонох нь..цаг хугацаа мөн ч хурдан байна шүү нэг мэдэхэд л шинэ он гарах нь..

Тэгтэл энэ том улсын дөнгөж нэгхэн газарт л 18 хоночихсон байдаг. Гурван сарын визтэй тулдаа ийм аажуу явна л даа.

Дэлхийн иогийн нийслэл гэгддэг Ришикэшт ийнхүү уягдах шалтгаан нь эргэн тойрны сайхан байгаль, сонирхолтой орчинд дуртай иог, бясалгалаараа хичээллэн, жимс ногоо зэргийн янз бүрийн органик хүнсээр хооллоод, утсаа маажиж компьютерийн дэлгэц ширтэлгүйгээр цахим ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байдалд сэтгэл амар амгалан, санаа зовох зүйлгүй, баяр баяслыг дотроосоо мэдэрч чадсанд л гол учир нь байсан санагдана.

Энэтхэг улсын хойд хэсэгт Гималайн нурууны өмнөд бэлд ариун Ээж мөрний эрэгт орших учраас зөвхөн Хиндүчүүд гэлтгүй гадна, дотнын оюун санааны хайгуулчдын хувьд ч маш чухал газар болох нь ойлгомжтой харагдана.

Үндсэндээ Энэтхэгчүүдийн хувьд “ус” бол жинхэнэ “чандмань эрдэнэ” юм байна. “ЭНЭТХЭГ” гэх нэр нь ч Санскритаар “УС” гэх утгатай гэлээ. Тэгээд ч энэ дэд тивийн соёл иргэншил нь аль тэр тав зургаан мянган жилийн өмнөөс Инд, Ганга, Ямуна гэхчлэн том голуудынхаа ай савыг дагаж үүссэн байдаг.

Тиймээс орой бүр “Ганга аарти/Ganga aarti” гэх “Ээж мөрөн”-өө тахиж аргадсан мөргөл ёслолыг үйлдэх юм. “Ганга байхгүй бол амьдрал дууслаа гэсэн үг” гэхийг цөөнгүй сонссон.

Хажуу хөвөөгөөр нь байрлах хот тосгодын сувгууд бохироо юүлж, нутгийн хүмүүс хувцас хунараа угааж, дөнгөж эрэгт нь нас барагсдаа чандарлах хэрнээ бие сэтгэлээ ариусгая гэсээр гараараа хутган ууж харагдах нь итгэл, шүтлэг бишрэл гэдэг ямар хүчтэй болохыг батлах мэт..түүнээс биш “ундны усны цэвэр цэнгэг байдал” гэж бодвол тэр дороо мажийх байлгүй.

Ер нь тэгээд бүх зүйлийг амьтай хэмээн бодож, хүндэлж зохистой харьцаж чадвал тэр хэрээрээ эргэх хариу нь өөр байдаг болвуу…

За ийнхүү олон зүйлийг нуршмаар байвч ширхэг зураг ч хавсаргах боломжгүй интернэтийн хурдаар хязгаарлагдан энд хүрээд өндөрлөе. Харин та бүхэн өөрсдөө ирнэ биз ээ..мянга сонсохоор нэг үз гэдэгдээ…

Өнөө орой шөнийн автобусаар Агра хотыг зорьж маргааш гэхэд үнэнч хайрын илрэл, бэлгэдэл болсон Таж Махал цогцолборын дэргэд зогсож байх болноо.

Найз залуутайгаа яваа учраас ийм газар очих сайхан байна, болвол тэнд харилцааныхаа дараагийн шатанд шилжих төлөвлөгөөтэй…;)

Эрчүүдийн ертөнц

Энэтхэг улсад хөл тавьсан анхны өдрөөс л хаана ч явсан эрчүүд түлхүү ажиглагдах нь сонин санагдаж байлаа. Ялангуяа ганцаараа байсан эхний өдрүүдэд цоолчих шахам ширтэх дүрлийсэн хар нүдтэнгүүдийн дунд өөрийн эрхгүй бие хаагаа далдалж, алхаа гишгээгээ хурдасган, харц бууруулж, дүнсгэр царайлахаас аргагүй байдалд хүрч байв.

Хаа сайгүй эрчүүд… 

20171130_094130.jpg

Дэлгүүрийн худалдагчаас өгсүүлээд хоолны газрын эзэн, зөөгч, тогооч, үйлчлэгч, буудлын угтагч, аяллын компанийн ажилтан, иогийн багш, массажист гээд ер нь бүх л салбарт эрчүүд харагдана, ялангуяа орлого олох боломжтой газруудад.

Харин эм хүйстнүүдийн үзэгдэх газар гэвэл гудманд жижиг сажиг зүйлс борлуулах юмуу гуйлга гуйсан маягтай хүүхэд, настай эмэгтэйчүүд. Гайгүй царай зүстэй боломжийн амьдралтай болвуу гэмээр нь ням гарагт гэр бүлээрээ сүм хийдээр л орж яваа харагдана. Цог золбоотой, баяр хөөр цацруулсан өсвөр насны болоод ид насны эмэгтэйтэй бол огт таарсангүй гэхэд хилсдэхгүй болвуу..

Тэгээд энэхүү хачин байдлыг хараад дургүй хүрэхийн зэрэгцээ “яагаад ийм болчихсон юм бол?”, “хэзээнээс?” гэх асуултууд толгойд эргэлдэж эхэлсэн. Тэрбум гаруй хүнийх нь хүйсийн харьцааг харахад 51:49 гээд тийм ч хол зөрүүгүй байх.

Тиймээс эхэндээ “Хиндүйзм”-ийг нь буруутгаад байлаа. Яагаад гэхээр адил шүтлэгтэй Балба улсад хүүхэд мэндэлвэл “хүү” байхыг, харин үнээ тугаллавал “охин” гарахыг илүүд үздэг төдийгүй охин хүүхэд төрүүлсэн эмэгтэйг асрах нь байтугай шийтгэж хоол унд өгдөггүй. Цаашилбал охин хүүхэд том болоод нийгэмд оролцож гэр бүлдээ туслах нь байтугай гэрлэх болоход нөхрийн талд маш их хэмжээний мөнгө юмуу ямар нэгэн эд зүйлс өгөх шаардлагатай болдог гэсэн. Бидний ойлгодгоор бэрийн талын инж. Бас болоогүй царай муутай, сайтайгаасаа шалтгаалан хэмжээ нь ихсэж, багасдаг гэж байгаа. Иймэрхүү давхар давхар бэрхшээлүүд үүдэн хэн ч байсан охинтой болохыг хүсдэггүй бололтой. Хэдийгээр эх хүн өөрөөс унасан үрээ алаг үздэггүй ч гэлээ адил зовлонг туулахвий гэсэндээ яах аргагүй эр хүйсийг хүсдэг байна.

Энэ талаас нь авч үзвэл адилхан ч гэсэн Хиндүйзмийн буруу гэдэг дээр би үнэхээр алдаж бодсон байналээ. Учир нь жинхэнэ Хиндү шашинд бол эмэгтэйчүүд маш ихээр хүндлэгдэж, нийгэмд чухал байр суурьтай байсан гэнэ. Эртний сургаалиуд болон эмэгтэй бурхдыг нь аваад үзвэл үүнийг маш хялбар харж болно.

Тэгвэл яагаад эрчүүд давамгайлсан ийм заваан тойрог үүсчихвээ? гэж сонирхоход гудманд таарсан нэгэн хүний тайлбарласнаар “гадны эзлэн түрэмгийлэгчдийн буруу, ялангуяа 17-р зуунд исламын шашинт Могулын эзэнт гүрэнд эзлэгдсэнээр муслимчуудын эмэгтэйчүүдийг дорд үзэж өмчлөх “бурка”-н соёлд бүрэн ууссан. Дараа нь Английн эзэнт гүрэн цэрэг арми, барилга, бүтээн байгуулалт зэрэг боолын хөдөлмөрт илүү зүтгүүлэх байдлаар эр хүйстнийг дөвийлгөн ийм байдалд хүрэх эхлэлийг тавьж, замыг нь зассан” гэлээ. 

Тэгэхээр “исламын шашинд яагаад эмэгтэйчүүдийг ийнхүү дорд үздэг юм бол?”  гэх асуулт урган гарч ирэх…

Дээрх тайлбарыг сонссоны дараагаар зарим нэгэн холбогдох түүхэн мэдээ, баримтуудыг харахад үнэний ортой санагдсан. Нөгөөтэйгүүр каст буюу нийгмийн анги давхарга ч гэсэн жинхэнэ Энэтхэг ёсонд бол байгаагүй юм гэсэн. Тиймээс л Махатма Ганди “жинхэнэ” өөрийн уугуул шашин, соёл, зан заншлыг сэргээхийн төлөө зөвхөн үндэснийхээ хэв маягаар амьдарч тэгж зүтгэж, эцэстээ алуулсан байх нь…дараа нь түүний үзлийг үргэлжлүүлэх гэсэн Индира Ганди, Ражив Ганди гэх ээж, хүү хоёр ч мөн хоёулаа алагдсан эмгэнэлтэй түүх бий.

Эцгийн эрхт ёсноос үүдэлтэй эрчүүдийг илүүд үзэх хандлага хаана ч л байдаг үзэгдэл байх. Манайд хүртэл “оргүйгээс охинтой нь дээр”, “удам залгах хүү”, “эмэгтэй хүн гарч болохгүй уул” зэрэг тэнэг ойлголтууд байдагдаа..

Гэхдээ энэ Өмнөд Азид эрчүүдийн давамгайлал арай л хэтэрхий даварцан санагдана. Тэгвэл яаж үүнийг өөрчлөх вэ гэж бодонгуут би зүгээр л энэ бүс нутагт төрчихөөгүйдээ л баярлаж сууна. Түрүүхэн фэйсбүүкд оруулсан зургийн доор “энэ хүйсийн хүмүүс 150000 жилийн дараа устана гэсэн шүү” гэсэн байсан. Тэгэхээр баярлахаас яахав. Харин эсрэгээр “хэрвээ би эндхийн иргэн бол яах уу?” гэж бодохоор гэрлэхгүй байж, эрчүүдтэй эн зэрэгцэж бүр илүү гарч байгаад бие биенээ дэмжих хэрэгтэй. Тэгэхгүй бол эрчүүдийн зүгээс ийм давуу эрхээ хадгалахыг л хичээнүү гэхээс өөрсдийн тойргоо задлахыг хэзээ ч хүсэхгүй нь мэдээж.

Өнөө өглөө цайгаа уусан кафены залуугаас “эмэгтэйчүүд яагаад ажилладаггүй юм бэ хаа сайгүй эрчүүд?” гэтэл “мэдэхгүй тэд ихэнхдээ гэр зуураа л байдаг ш дээ” гэж хариулснаас үзэхэд санаатай болоод санаандгүй байдлаар тогтсон хэв маяг, сэтгэлгээ гэдэг хамгийн хүчтэй зүйл мэт.

 

 

Гайхалтай үдэш

2017 оны 11 сарын 24-ний өдөр. Баасан гараг. 21:00.

Гурав хоногийн өмнөөс иогийн багш маань “Баасан гарагийн 6 цагт нэг хүн ирж түүхээ ярих үйл ажиллагаа байгаа. Бүгдэд нээлттэй учраас найз нөхдөө ч авчирч болно” хэмээн хичээл тарах бүрт зарлаад байв. Тэгэхээр нь өнөөдөр Эмиг ч гэсэн хүрээд ирээрэй хамтдаа үзье гэлээ.

5:30-д хичээл завсарлаад, гадаа гарч хөлсөө сэврээн зогсож байтал манай хүн шарсан төмс барьчихсан ирэхээр нь амтархан идчихээд 6 болонгуут дотогшоо оров.

Дөрвөн хүн зэрэгцэн дасгал хийдэг багахан тайзны ирмэгийг дагуулан лаа асаасан нь хачин сайхан харагдлаа. Цаг болсон хэдий ч хүмүүс тасралтгүй орж ирсээр заал пиг дүүрсэн хойно энэхүү Ом Карананда төвийг үндэслэгч Ушэ гэх настайвтар эмэгтэй “хаалгаа хаачих тэгэхгүй бол хэн хэндээ садаа болох шинжтэй” гээд үйл ажиллагаа нээснийг мэдэгдэн “Ом” тарнийг хамтдаа гурван удаа хэлчихээд зорьсон үндсэн ажил руугаа орох нь тэр.

Коста Рика улсаас ирсэн гэх бууралдуу үс, сахал, давхраатай нүд, инээмсэглэл тодруулсан боровтор царай, дасгал сургуулилт хийдэг нь илт мэдэгдэм цэх шулуун бие хаатай туранхайвтар эр бага гарын гитар тоглосоор гарч ирэв. Тоглох хөг ая нь, дуулж буй дуу хоолой нь, ярьж байгаа төрх байдал, бүжиж хөдлөх нь хүртэл гээд яах аргагүй л “хамгийн аз жаргалтай улс”-аас ирсэн нь тодорхой байлаа.

20171124_195242.jpg

Коста Рика улсын иргэн

Нэг хүнд яаж ийм олон авьяас заяадаг байнаа гэж гайхмаар бүжиглэн дуулж хөгжимдөн, хошин түүх ярьсаар бүтэн 2 цагийн турш биднийг амаа ангайхад хүргэв. Бид ч хамтран дуулж суудал дээрээ бүжиглэн, нулимсаа гартал инээж гэдэсний булчин ч өвдөх шинжтэй болчихов. Үнэн янзтай…

20171124_182906.jpg

Хамтран бүжиглэгчтэйгээ…

Тэртээ 12 жилийн өмнө мөрөөдлийн улс болох Энэтхэгтээ 11 цаг 30 минутын зөрүүтэй байх дэлхийн нөгөө өнцгөөс хэрхэн анх удаа хөл тавьсан тухайгаа маш хөгжилтэйгөөр ярих нь тэрээр виз авах гэж гадаад пасспорт нь 7 улс руу өөрөөс нь түрүүлээд аялчихсан гэнэ. Тэрнийхээ зардалд хуримтлуулсан мөнгөнийхөө ихэнхийг өгчихөөд арайхийж Канадад очин хэсэг ажиллаж байгаад Европоор дамжин ирж байсан гэлээ. Тэгээд замын уртад санхүүгийн гачигдалд орж явахдаа хөдөлгөөний эвсэл байхгүй ч хоёр гуравхан алхамт сурчихаад салса бүжиг зааж, ганц дуу ч бүрэн мэдэхгүй шахам байж бааранд дуулж, янз бүрийн нот цээжлэн хөгжим тоглох зэргээр өөрийгөө дайчилж эхэлсэн гэв. Энэхүү урт түүхтэй бэрхшээлээ бидэнтэй хуваалцах гол шалтгаан нь зорилго тодорхой байхад ямар ч саад эцэстээ боломж болон хувирч амжилт дагуулан ирдэг учраас тэвчээртэй, тууштай байх хэрэгтэй гэдгийг л сануулах гэсэн юм гэлээ. Үнэхээр амттай түүх байлаа.

Тийнхүү юу ч үгүй, ямар ч юм мэдэхгүй замд гарч байсантайгаа харьцуулахад одоо бол энэ улсад 6 дахь удаагаа ирж оччихсон, тодорхой хүрээлэлтэй болчихсон, иог сураад нийслэл Сан Хоседоо өөрийн гэсэн газрыг нээсэн гэлээ.

Төгсгөлд нь “Би бол бүжигчин, харин чи бол бүжиг” гэх дууг танхимд цугласан бүх хүмүүсийн хэлээр хөрвүүлэн дуулуулав. Эхлээд өөрийн хэл дээр, дараа нь англи, итали, франц, орос, герман, хятад, украйн, солонгос, япон, хиндү, хибрү гэх мэтээр үргэлжилсээр эцэст нь “өөр дуулаагүй үлдсэн орон байна уу?” гэтэл Эми хажуугаас “энд нэг ховор хүн байна” гэчихэв. Тэгэхээр нь “Монгол” гээд бостол бүгд “ваааауууув” гэнгүүт хацар халуу дүүгээд явчихав. Тэгээд жаахан ичингүйрсэн хоолойгоор сулавтар дуулчихаад суухад алга нижигнэсээр л байлаа, хэхэ..

Тэгээд бүгд сэтгэл хөөрлийн байдалтай баярлаж талархсан царайтай тарцгаав. Гараад явж байтал хажуугаар өнгөрөх нэг нь хятад, нөгөө хоёр нь европ болвуу гэлтэй иогчид “сайхан амраарай” гээд инээмсэглэв. Цаашихнаа алхаж байтал араас нэг залуу “та хоёр хоёулаа Монгол уу?” гэсээр зэрэгцэн ирэв. Манай хүн “үгүй би зүгээр л итали” гэхэд нөгөө залуу “аан тийм үү, би 5-хан сарын өмнө Монголд байсан ш дээ. Чи хаана амьдардаг вэ?” гэхээр нь түүнийг Монголын аль хэсгээр явсныг нь мэдээгүй учраас “Монгол улсын төв хэсгээс гаралтай аав ээж маань одоогоороо хөдөө амьдардаг” хэмээн тойм байдлаар хэлтэл тэрээр “Арвайхээр” гээд маш цэвэрхэн аялгаар хэлдэг байгаа. Монгол орны төв хэсгээр аялсан гадныхан бол ихэнхдээ Хархориныг л Каркорум, Каракорин зэргээр хагас дутуу хэлдэг болохоор үнэхээр гайхалтай сонсогдон өөрийн эрхгүй чих сэртэсхийгээд явчих нь тэр. “Хөөх тийм үү, манай нутаг шүү дээ манайх аймгийн төвөөсөө баруун урагш 20 хүрэхгүй километрт байдаг” гэтэл “энэ газрыг мэдэх үү би энэ малчин айлд байсан” гээд манайхаас хойхно байдаг Морины шүтээнтэй газрыг оруулан дарсан зургаа утсан дээрээсээ харуулав. Яг л гэр минь, аав ээж 2 минь алхаж яваа мэт санагдаад өөрийн эрхгүй хамрын самсаа шархираад явчихав. Бараг шоконд орсон маягтай миний царайг анзаарсан бололтой тэрээр биднээс ялгагдамгүй цэвэр дуудлагаар “ГОЁ” гэх үгийг хэлэн хоёр эрхий хуруугаа гозойлгочихоод түрүүлээд алхчихав. Үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй байлаа.

Зөвхөн энэ залуу ч биш ер нь замд явж байхад “Монгол муухай, таалагдаагүй…” гэж хэлсэн хүнтэй огт таарч байсангүй ээ..Харин “анхны Монгол” гэх хүмүүстэй л зөндөө таардаг юм. Тиймээс цаашид улам олуулаа аялж, 6-хан сая хүн амтай ч хаа сайгүй хэрж явдаг израйльчууд шиг болцгоох юмсан залуус аа, тэ!

Ашрамд байрлаж эхэллээ…

2017 оны 11 сарын 20-ны Даваа гараг.

Цаг 6:45.

Өмнөх шөнөтэй харьцуулахад овоо сайхан нойр авлаа. Гэдэс дотор ч байгаа бүхнээ гаргаад дууссан бололтой уусан уснаас өөр юм гарахаа больж..

Их унтсанаас ч тэрүү толгой жаахан дүйнгэ, ширүүхэн хөдлөхөөр манараад байх шиг..тэгэхээр нь хүйтэвтэр шүршүүрт орчихлоо, ингэсгээд гайгүй болно байгаа. Их гүйлгэснээс шингэн алдсан, мөн ходоод хоосноос ч толгой өвдсөн байж магадгүй. Тиймээс 7 өнгөрөөгөөд гарч юм идье.

Тэгээд Карлосоос ямар хариу ирэхийг хүлээе. Тэрээр өөрийнхөө ашрамд өрөө асууж өгнө гэсэн юм. Уг нь өчигдөр өглөө өрөө байсан юм билээ л дээ. Би л 00-той найзалсаар хариу өгөлгүй удсанаас буцаачихсан гэсэн.

Мөн үдээс хойш иогийн шинэ хичээл эхэлнэ. Уржигдрийн хийсэн хөдөлгөөнөөс бие буларсан нь дээрдэж хонож тэгэхээр өнөөдрөөс яралзуулаад өгнөө..Олон хүний ирэхийг мөрөөддөг газар байгаам чинь боломжийг алдаж болохгүй шүү. Өөдрөг байх ёстой. Маргааш үүрд буцах юм шиг л идэвхтэй амьдрах хэрэгтэй.

Цаг 20:15.

Өглөө 10 гээд Карлосын зөвлөснөөр түүний байрлаж байгаа, бараг гэр нь шахуу болчихсон ашрамд нь ирлээ. Бодсоноос том газар юм, бид хоёрын байрлах өрөө гэхэд л 2 тасалгаатай, 3 ортой цэлийсэн том орон зай. Сүрдмээр ч, аймаар ч юм шиг санагдана.

20171121_140602.jpg

Манай ашрам гаднаасаа иймэрхүү харагдана..гэхдээ зөвхөн хаалган хэсэг нь

20171120_103656.jpg

Өрөөний доторх байдал..

20171120_103758.jpg

Шүршүүр, 00, угаалтуур зэрэг байрлах нөгөө тасалгаа

Замд гарснаас хойш 3 сар шахам болох гэж байгаа хэдий ч ийм том өрөөнд ганцаараа хоносон тохиолдол тун ховор. Хоёул явна гэдэг ч дэн буудлын нийтийн өрөө барааддаг ганцаарчилсан үүргэвчтэй аялалтай харьцуулахад огт өөр юм л даа. Одоо ийнхүү ганцаараа хононо гэхээс жаахан айдас төрөх шиг сонин байна. Уг нь ганцхан өнөө шөнө л дөө маргааш оройдоо бол Эми ирчихнэ.

Хоёр өдөр гүйлгэсэн гэдэс маань ингээд зүгээр болчих шиг байна. Энэтхэгт ирсэн хүн бүр шахам ингэдэг жамтай юм гэсэн дээ. Тэгэхээр дахин энэ мэдрэмжийг амсахгүй байлгүй гэж найдна.

Өдөр 4-5:30-ын хооронд анх удаагаа багштай иогийн сургалтанд хичээллэж үзлээ. Ришикэшт хамгийн чанартай сургалт нь гэсэн, олон хүн ирдэг юм байна, “Ом Карананда” гэдэг газар. 6 өдрийн 1150 рупийн үнэтэй анхан шатныханд зориулсан гэсэн хэрнээ иогоор хичээллээд 7 сар, 1 жил, бүр багшилдаг гэх хүмүүс ч байлаа. Зааварлагчтай явна гэдэг шал өөр юм гээч..Үүнтэй харьцуулахад би бол зүгээр л энгийн сунгалтын дасгал л хийж байж..Гэхдээ огт юу ч хийлгүйгээр мод болж, гүзээ харвинтай болчихоогүйдээ баярлалгүй яахав ээ, чамлахаар чанга атга гэдэг дээ. Багш нь нэлээн чанга, аашилж загнах энүүхэнд ширүүн хүүхэн байна. Хүнд аливааг заая сургая гэх сэтгэлтэй чадварлаг чанга багш ч сайхан л даа.

Энэхүү ашрамаас өглөө бүр 6-7-ийн хооронд бясалгал, дараа нь аштанга болон хада гээд иогийн хичээлүүдийг үнэгүй заадаг гэсэн. Хийнэ дээ..өнөөдрийн хичээлээс бие хэр буларсан байх бол.

Энд байхын бас нэгэн давуу тал нь интернэтгүй орчин юм. Өглөөнөөс орой хүртэл байнгын шахуу дасгал сургуулилттай байж байгаад ийнхүү өдрийн тэмдэглэлээ биччихээд л номоо жаахан уншина тэгээд 10-аас хэтрэхгүй унтаад өгөх. Үнэхээр эрүүл зуршил байна.

Жагарын оронд дурлаж эхэллээ…

2017 оны 11 дүгээр сарын 18-ны Бямба гараг. Энэтхэг улсын Ришикэш хот.

Иогийн нийслэл “Ришикэш”-т ирсний хоёрдахь өдөр тун завгүй бөгөөд жаахан ядралтын байдалтай өнгөрч байна. Энэ ядралт бол урьд өмнөхөөсөө илүү хөдөлж идэвхтэй байсны үр дүн буюу зөвхөн махан биенээс үзүүлж буй хариу үйлдэл юм. Өглөө цаг гаруй гүйгээд, дараа нь эрчимт хөдөлгөөнтэй иогийн хичээлд очоод, тэгээд нутгийн хөтөч маягтай Карлосыг (https://goo.gl/6G2efo) дагаж баахан алхаад, түрүүхэн Боливуд бүжгийн чөлөөт хичээлээс орж ирлээ.

Харин одоо товчхон ч гэсэн бичвэр оруулахгүй бол комьпютерийн залгуурын оролт таарахгүйн улмаас цэнэг дуусах нь. Мөн маргаашнаас интернэтгүй газар луу нүүж ч магадгүй болчихлоо. Тэр нь ашрам буюу манайхаар хийд гэнэ. Бүх зүйл нь маш энгийн, зөвхөн иог, бясалгалаар хичээллэх хүмүүст зориулагдсан газар юм байна. Өдөр Карлосыг дагаж очиж байдлыг харахад мод цэцэгс алагласан сайхан орчинтой, нам гүм үнэхээр л бие сэтгэлээ цэвэрлэж цэнэглэхэд зориулагдсан мэт санагдсан. Өглөө, оройн дасгал, хоол, байрлах үнэ зэрэг нь ердөө л өдрийн 2 еврод багтдаг гээд бараг л үнэгүй шахам дуулдлаа. Юутай ч сул өрөө олдвол тэнд байрлачихмаар санагдана.

Карлосын “иог бол зөвхөн биеийн уян хатан хөдөлгөөн бус, цаад утга учрыг нь сайн ойлгохын тулд эхнээс нь зөв газраа сонгож явах хэрэгтэй” гэж ахин дахин сануулснаар нөгөөдрөөс эхлэн санал болгосон газарт нь 6 хоногийн анхан шатны хичээлд явахаар болов. Iyengar гэдэг гэнэ. Олон нэрнийх нь ялгааг ч мэдэхгүй ээ..хэхэ, үнэндээ би багштай хэзээ ч хичээллэж байгаагүй, үзээгүй зүгээр л сунгалтын дасгал маягийн юм хийдэг учраас ингэх нь надад хэрэгтэй л дээ. Мөн 10 гаруй жил энд ирж иогоор хичээллэж байгаа хүний үгийг яахан сөрөх билээ.

Ришикэш буюу ариун Ганга мөрний 2 эргээр хөвөөлсөн энэхүү хотын талаар та бүхэнд “ийм тийм” гэж танилцуулах маш эрт байна. Юутай ч гайхамшигтай газар юм гэдгийг мэдэрч байна, харж байна. “Ришикэшт ирээгүй бол Энэтхэг улсаар аялсан гэж хэлээд яахавдээ” гэдэг юм гэсэн..үнэн бололтой.

20171118_152726.jpg

Ганга мөрөнд тольдсон Ришикэшийн нэгээхэн хэсэг

 Энэтхэг улсын нийслэл Делид ирээд түм түжигнэсэн толгой эргэм үмхий самхай ханхалсан орчинд замын түгжрэл дунд зогсож байхдаа хурдан л буцах тухай бодож байлаа. Харин одоо бол хэрхэн удах билээ шахуу юм бодож байх шиг.

Ийм л эрс тэс, хаана нь юу ч байж болохуйц өргөн уудам, асар баялаг өв соёл, уламжлалтай орон учраас зөв газарт нь хөлөө тавьсан бол ингээд л дурлачихдаг янзтай.

Тиймээс энэ улсын талаар сэтгэгдлээ илэрхийлж дүгнэлт гаргах цаг болоогүйг маш сайн ойлголоо.