“Ийм л гэр бүлтэй болох юмсан…”

Америк дахь танил, найз нөхдөө түшиглэн нутгийн айлуудаар хоноглосон өдрүүд үргэлжилсээр…

Өнөө өглөө 11 дэхь айлдаа сэрлээ. АНУ-ын зүүн өмнөд хэсэгт Хойд, Өмнөд хоёр Каролайна мужийн заагт жижиг хотын захад байх энэхүү газарт 2 долоо хоногийн сайн дурын ажил хийхээр ирсэн. Хоног хугацаа ч хурдан өнгөрч байна даа. Нөгөөдөр гэхэд дараагийнхаа айлд очно гэсэн төлөвлөгөөтэй сууж байх..

Дахин шинэ айлд очихоосоо урьтаж намайг хонуулж, гэр бүлийнхээ нэгэн гишүүн аятай загнасан өмнөх сайхан сэтгэлт хүмүүсээ дурьдахгүй байхын аргагүй билээ.

Айл №7. 

2014, 2015 оны хоёр зун дараалан Хэнтий, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудаар ажил-аяллын шугамаар хамт явж танилцсан Дэн гэх залуугийнд Охайо мужийн Синсиннати хотод байх хугацааны 5 хоногоо сайхан өнгөрөөсөн.

Тэрээр Монгол руу 10 гаруй жил явж байгаа бөгөөд бүр 2008 оны зудтай өвөл хөдөө малчин айлд өвөлжиж хал үзэж халуун чулуу долоосон Монголжсон америк гэхэд буруудамгүй санагддаг. Монгол хэлээр тун сайн ярьчихна. Эхнэр нь Энни мөн ажлын шугамаар нэлээн хэд очсон юм билээ. Нэг удаагийн очилтоор нь Дорнод руу явж байгаад жолооч нь хурд хэтрүүлэн замын хажуу руу орж машины осолд хүртэл орж байсан гэнэ. Тэгэхээр энэ 2 хүн бидний амьдрал ахуй, зан, заншлыг бол сайнтай муутай нь аргагүй л мэддэг хүмүүс. Тиймдээ ч эднийд байхад “харцаараа ойлголцоно” гэгчээр үнэхээр энгийн тухтай байсан.

20170218_154419.jpg

Үлгэр жишээ авахуйц сайхан гэр бүл

Эднийх бага насны 3 хүүхэдтэй. Бага 2 нь ихэр 4-тэй, том нь 7-той. Тэнд өнгөрүүлсэн 5 хоногийн хамгийн жаргалтай нь энэ 3-тай тоглох байсан мэт, одоо бодоход…бага хүү нь “чамайг хэн гэдэг билээ?” гээд л байнга асууна хөөрхөн гэж..тэгээд “Чимэдээ” гээд хэлэхээр “Чимнэй” буюу яндан гэж ойлгоод гэрийнхээ задгай галны дэргэд очин яндангаа тайлбарлана, үнэхээр эгдүүтэй. Том охин нь сагс тоглох дуртай. Дээд давхартаа байрлах тэр 3-ын тоглоомын өрөөг янзлан намайг байрлуулсан болохоор хамтдаа тоглохоос өөр сонголтгүй. Үнэнийг хэлэхэд тэнд байх хугацаанд жаахан ядарсан л даа. Өдөр нь Дэн юм үзүүлнэ гэж ийш тийш нь авч давхиад л, орой нь нөгөө 3-тай бужигнах гэдэг.

20170218_111201.jpg

Тоглоомын өрөөнд нь байрлачихсан болохоор орыг маань ийнхүү эзэгнээстэй энэ 3

Гэхдээ энд байх хугацаандаа Дэн, Энни 2-ын харилцаа, хүүхдүүддээ хандах хандлага, өглөөний цайгаа хэн нь бэлдэх, оройд хүүхдүүдээ оронд нь оруулахаас өгсүүлээд бүх зүйлс нь “ийм л гэр бүлтэй болох юмсан” гэж бодоход хүргэсэн. Үнэхээр бие биендээ хайртай, халамжтай, амьдралаа аваад явчих чадвартай байвал хэдэн ч хүүхэд гаргасан яахав дээ…ерөөсөө чадахынхаа хэрээр олон хүүхэд гаргая ч гэж бодогдоод амжсан гэжугаа, ккк..

Тухайлбал, ажлын өдрүүдэд Энни Дэниэс эрт ажилдаа гардаг болохоор Энниг шүршүүрт орон өөрийгөө бэлдэж байх зуур Дэн өглөөний цайгаа янзалж, том охиноо сургуульд нь явахад анхаараад зогсож байх. Оройд аль ажил багатай нь хүүхдүүдээ авна, ирээд оройн хоолоо 6.30-7.00-ын хооронд идчихээд 30 мин орчим хүүхдүүдийнхээ дуртай киног үзүүлнэ, 8 цагт “pajama time” гээд унтлаганы хувцсыг нь өмсгөн шүд амыг нь угаалгачихаад хамтдаа ном уншин тэгээд 9 гэхэд оронд нь оруулчихна.

Ийнхүү хүүхдүүдээ эрт унтуулчихаад өөрсдөдөө цаг гаргадаг гэлээ. Маш зүйтэй хэн хэндээ эерэг нөлөөтэй цагийн менежмент санагдсан.

Харин амралтын өдрүүдэд гадуур гарч музей юмуу амьтны хүрээлэн гэх мэтчилэн халуун ам бүлээрээ байх боломжтой газар очно. Намайг байх Ням гарагт “Монгол найзуудтай чинь уулзуулна” гэсээр амьтны хүрээлэн орсон. Миний найзууд гэдэг нь энэ 2. Хүний нутагт ширээ бөхтэйгөө, гэдэс цатгалан царай зүс гайгүйтэй байгаад нь баярласан..

20170218_165602.jpg

Тэндээс буцаж ирэхдээ нэг хөгжилтэй зүйл тохиолдсон. 3 хүүхдээ ардаа зориулалтын сандалд, тэгээд нөгөө 2 урдаа суугаад яг таардаг бололтой. Гэтэл би илүүдчихсэн. Музейд очихдоо бол Энни том охинтойгоо автобусаар явсан байсан юм. Харин бид 4 замаараа маргааш нь явах миний унааны тасалбарыг зохицуулах гээд зам хазайсан байлаа.

Тэгээд цаг жаахан оройтож, сэрүүхэн болж даарахын зэрэгцээ гэдэс өлсөж эхэлсэн болохоор хурдхан буцмаар санагдан “би автобусаар явчихъя аа асуудалгүй” гэтэл “үгүй ээ, чи зочин урдаа сууна, харин чиний мэддэг аргаар зохицуулчихна” гээд Энни арын манайхаар бол хонины хонхорт хэвтчихэв. Ингэж яваагаа цагдаад мэдэгдвэл нэлээн чанга торгуулдаг гэлээ. Гэхдээ хэн ч шалгаж, хэн нь ч баригдахааргүй байсан л даа.

Тийнхүү Энниг ард хэвтэж байхад ч гэсэн нөгөө 4 “Ээжээ, урд ямар машин явж байна, сая хажуугаар ямархуу машин өнгөрсөн бэ?” гэх мэтчилэн тоглоод явах нь их хөөрхөн хөгжилтэй.

Ийнхүү бие биендээ хайр халамжтай байхаас гадна хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, заримдаа найз нөхөд шиг байх нь их таалагдсан. Ялангуяа аав нь охиныхоо хумсыг будаж өгөх, үсийг нь самнах гээд л гайхалтай агшнууд…

20170219_113322.jpg

Охиноо гоёж буй аав..

Явахаас өмнө өдрийн хоол бэлдэж өгөн юу ч тохиолдсон хэлээрэй, хэдийд ч ирж болно гээд гэрийнхээ нэг түлхүүрийг өгч, дараагийн очих газар болох Чарлестон, Жаксэнвилл хотуудад байгаа найз, ахдаа гэртээ байлгахыг хэлж өгсөн.

Хэдхэн хоносон хэдий ч орхиод явахад хамгийн амаргүй санагдталаа дотноссон хүмүүс..

 

Христэд адислагдсан өдөр…

Хойд, Өмнөд 2 Каролайна мужийн хил дээр орших Тэйбор/Tabor гэдэг жижиг суурингийн захад орших айлд ирээд 8 дахь өдрөө өнгөрөөж байна. Түрүүчийн Бямба гарагт ирсэн болохоор өнөөдөр 2 дахь бүтэн сайн гэсэн үг л дээ.

3000 хүрэхгүй шахам хүн амтай боловч 30, 40-өөрөө сүм байдаг гэх энэ газраас явахаасаа өмнө аль нэгэн сүмд нь очиж үзэх юмсан гэж бодоод байлаа. “Өөр өөр урсгалуудынх нь ялгаа юундаа байна?” гэдгийг сонирхохоос гадна иймэрхүү газар очихоор өөрийн эрхгүй сайхан мэдрэмж төрдөг..

Энд ирснээс хойш өглөө бүр гүйж байгаа нь дахин нэг сайшаалтай зүйл. Тийнхүү шогшиж явах замд 2 сүм таарна, цагийг нь харахад Ням гарагт 11-ээс мөргөл гэхийг харчихаад өнөөдрийг хүлээсэн гэхэд болно.

Өмнөх бүтэн сайнд дөнгөж ирсэн өдрийн маргааш нь байсан болохоор очиж түвдээгүй юм. Харин өнөөдөр яваад очлоо.

Байгаа газраас 10-хан минутын зайд учраас арай эрт оччихсон байв. Хүмүүс ирээгүйг ашиглан багахан хэмжээний бичлэг хийнгээ энэ тэрийг сонирхож суулаа. Доторх орчин, тохижилт, сандал суудалнаас нь өгсүүлээд сайхан гэж..танхимын гол хойморт загалмайгаа залчихсан, индрийн ойролцоо 2 туг байсны нэг нь дээрээ халзан бүргэдтэй Америк улсын, нөгөөх нь хэрээсэн дүрстэй сүмийн туг, тэгээд дунд нь “Ариун Библи” гэсэн зузаан хар ном тавиастай харагдав.

20170305_103932 (1).jpg

Төд удалгүй хүмүүс нь цугларлаа. Аргагүй жижиг газар бололтой намайг оролцуулаад 17 хүн л ирэв. Бүгд бие биентэйгээ гар барих, тэврэх зэргээр мэндэлж, тун чиг баяр хөөртэйгөөр инээж баясан сонин хачинаа хөөрөлдөх нь маш таатай.

Миний хувьд тэдний сонирхолтой агшнуудыг нь биччих юмсан гэсэн байдалтай нүдийг нь хариулан утас руугаа хялам хийнгээ хажуу дахь Библээ харсан дүр үзүүлэн сууж байв. Гэтэл, эхнээсээ ирээд мэндэллээ…Ойрд ингэж хүмүүстэй харилцаагүй үнэхээр сайхан мэдрэмж. Жаахан уйтгарлаад байсны шалтгаанаа ч олох шиг болов.

Тэдний дундаас Билл гэх хүн ирээд өөрийгөө энэ сүмийн номлогч гээд нэлээн дэлгэрэнгүй ярилцлаа. Би ч Монголоос ирсэн, ганцаараа аялж яваа гэдгээ хэлтэл тэрээр “ийм сонин гэнэтийн зочин чамд өөрийгөө танилцуулах боломж олгоноо” гэхээр нь “яадаг билээ” гэсэн бодолтой гайхаж байлаа.

Өмнө Синсиннати хотод байхдаа очсон сүмтэй төстэй үйл ажиллагаатай санагдав. Библээс ишлэн номлоно, 2-3 удаа дуулах, хандивын таваг аялуулах зэргээр..гэхдээ энд өмнөхтэй харьцуулахад маш цөөхөн хүн байсан учир үйл ажиллагаа нь цомхон явагдлаа, сүүлд нь кофены цаг ч гэж байсангүй.

Гэвч маш сайхан санагдсан. 

Билл хэлсэн ёсоороо мөргөлийн дундуур “өнөөдөр онцгой зочинтой” гэсээр намайг гараад ир хэмээн дохилоо.

Жаахан сандарсан байдалтай өөрийгөө танилцуулан нэр усаа хэлээд, хэзээ ирсэн, хаагуур аялсан, яагаад ганцаараа аялах болсон гэх мэтээр жаахан яриад суух гэтэл Билл “чиний төлөө бүгдээрээ залбиръя” гээд хэсэг чимээгүй зогсов. Тэгснээ, “цаашдаа элдэв саад бэрхшээл тохиолдохгүй ээ яагаад гэвэл Бурхан чамтай хамт байгаа” гэлээ. Тэгж хэлэнгүүт нь аав ээж минь холын замд гарахын өмнө ерөөлийн үгээ айлдах шиг санагдан гэнэт огшоод хамар шархираад явчихсан. 

Ямар Бурхан надтай хамт байх нь тийм ч чухал биш л дээ. Хамгийн гол нь миний бодолд юу эргэлдэж байна вэ гэдгээс бүх зүйлс шалтгаалах хойно өнөөдрийн энэхүү үйл явдлаар сэтгэлээ сэргээж тэдгээр гайхалтай энергитэй хүмүүсээр цэнэглэгдэж авсандаа л баяртай байна. 

Мөргөлийн төгсгөлд намайг танхимын голд зогсоож байгаад хүн бүр ирэн гар барьж тэврээд аян замын ерөөл өргөв. Номлогчийн эхнэр нь Библи бэлэглэлээ.

20170305_130350 (1).jpg

Ганцаараа яваа гэхээр насыг маань сонирхоно. Насаа хэлтэл “үгүй ээ 30 гарсан гэж харагдахгүй байнадаа” гэцгээлээ. Тийм л дээ замд явахаар наснаасаа залуу харагддаг нь гарцаагүй үнэн учраас гайхсангүй. 

Хажуугаас нэг нь “би чамайг дөхүүлээд өгье манайх тэр зүгрүү” гээд эргэж ирэхдээ машинаас буув.

Намайг хүргэж өгсөн буянтай хүн цахилгааны инженерээр дагнан ажиллаж байгаад саяхнаас тэтгэвэртээ суусан гэхээр нь “АЗ ЖАРГАЛ”-ын талаарх бодлыг нь асуугаадхав. Тэрээр, “Би азтай хүн. Хүссэн амьдралаараа сайхан амьдарч байна. Өөр хэн нэгний хүссэнээр биш яг өөрийн санаж бодсоноороо амьдарна гэдэг л АЗ ЖАРГАЛ” гэж хариулсан юм. 

Ийнхүү эерэг энергитэй сайхан хүмүүстэй хөөрөлдсөн гайхалтай өдөр байлаа. 

Эргэж ирээд гадаа гоё болохоор нөгөө 2 сайн дурын ажилтантайгаа модон дундуур жаахан алхав. Сэтгэл санаа өөдрөг байхаар бүх зүйлд уриалгахан байхын зэрэгцээ бусдад ч тэгж ханддагийг өөрийнхөө байдлаас ойлгоод л…

 

20170305_144524 (1).jpg

Энэ фермийг муу хэлэлтгүй хэд хоногийг сонирхолтой өнгөрөөж байна. Гэвч байрлаж буй өрөөний гэрэл гэгээ орох байдлаас эхлүүлэн тааламжгүй санагдах зүйлс зөндөө л дөө сөрөг талаас нь харвал. Тухайлбал сүүлийн 3 шөнийг хувцастайгаа унтаж өнгөрөөлөө. Тамхины утаанд ханиалгахын зэрэгцээ үнэрэнд нь яагаад ч унтаж чадахгүй болохоор бүх цонхоо онгойлгочихно. Гэтэл сүүлийн өдрүүдэд шөнөдөө нэлээн сэрүүхэн хоноод гадаа унтах боломж хязгаарлагдаастай.

Одоо бол дараагийнхаа очих газрыг хоног тоолон хүлээх гэгчээр байгаа. Цэвэрхэн шүршүүрт ханатлаа орчихоод тааламжтай үнэртэх дулаан зөөлхөн хөнжилд бүх хувцсаа тайчаад унтах юмсан гэж бодох…

Харин ч 8 биш 4-хөн хоног үлдсэн болохоор гайгүй ээ..

Бодлын хураавар…

2017 оны хоёрдугаар сарын 28 буюу шинэ сар ургахын өмнөх өдөр юм байна..энд ирснээс хойш яг таг огноо тийм ч ач холбогдолтой санагдахаа больсон..

Өнөөдөр ажлын 2 дахь өдөр байлаа.

“Prince Bay Farm” гэх хэдэн тахиа шувуутай, ойрын хэрэгцээний ногоо жимсээ тариалчихдаг талбайтай ганц хүний эзэмшил энэхүү эдлэн газарт 14 хоног ажиллахаар ирсэн нь энэ. Байр үнэгүй, өдөр, оройн хоолыг бэлдээд өгчинө тэгээд дээрээс нь сайхан байгальд, арвин баялаг амьдралын туршлагатай хүний яриа түүхийг сонсоод байхад тун сонирхолтой..

20170227_175443 (1).jpg

Миний ажлын орчин нэг иймэрхүү..

 Ажлын 6 өдөртэй.  Өглөө 9 цагт эхлээд 12-д амран өдрийн хоолоо идчихээд, 1-т дахин ажилдаа гараад 3-т буучихна. Хийж чадахгүй болон ядарч унатал хийгээд байх ч зүйлс алга. Жишээ нь, өчигдөр өнөөдөр хоёрт газар сийрүүлэх, зэрлэг арилгах, тахиа шувуу услах зэргийг хийлээ.

Бага байхаасаа л худаг дээр ховоо татаж хонь малаа усалж, эгчтэйгээ хамт таньдаг айлынхаа тариалангийн талбайд очиж зэрлэг цэвэрлэж өгдөг байсан болохоор төрж өссөн ахуй, хүүхэд насны дурсамж сэргээн сайхан. Нэг бодлын бясалгал аятай..

20170228_113143.jpg

Зэрлэгийг багадаа гараараа зулгааж түүдэг байсан бол одоо ийм хадуураар хэд ширвээд л болчихно.

 Өнөөдөр өглөөгүүр нэлээн халуун байлаа. Цельсийн нэмэх 25 хэм гэлээ. Маргааш бүр 28 гэнэ. Ерөнхийдөө энд 20 гаруйтай л байх юм. Америкийн зүүн өмнөд хэсэгт далайн уур амьсгалд ойр газар л даа. Хойд Каролайна мужийн Тэбор хот/Tabor city. 

Намайг ирэхэд өөр сайн дурын ажилтан байсангүй. Тиймээс гэрийн эзэн өвгөнөө ширтсэн шиг 3 хоногийг өнгөрөөсний эцэст өнөөдөр Коннектикут мужаас нэг залуу ирлээ. Дөнгөж 20 гарч яваа л байрын залуухан юм аа гэтэл улаан өвсчин бололтой. Ирэнгүүтээ татаад ажил хийсэнгүй. Өрөөгөөр дүүрэн заваан нял хийсэн үнэр…

20170228_120559

Маягтай соруултай бас…

“Чи ерөөсөө татаж байгаагүй юм уу?” гээд байхаар нь “үгүй ээ…” гэж мэдэхгүй дүр эсгэн ганц нэг соров. Мэдээж ямар байдаг, яаж үйлчилдгийг нь ч мэдэх хойно ийм өдрийн халуунд хүсэх зүйл биш гээд холхон байхыг хичээв. Энд 3 долоо хонох юм гэсэн тэгэхээр эртнээс зайгаа барьж хил хязгаар тогтоохгүй бол богино хугацаа биш. Дараагийн газар руугаа явахад 13 хоног дутуу байна гэдэг.

 Үлдэж буй сар гаруйн хугацаагаа ийнхүү явахаар төлөвлөчихлөө.

20170228_204333.jpg

Флорида мужаар бүтэн тойроод баруун тийшээ эргэн Алабама, Миссипи, Луйзана, Тексас гээд Нью Мексико хүртэл яваад тэндээсээ Нью Йорк хот руу явах. Тэнд нэг танил “заавал ирээд яв” гээд байгаа учраас төлөвлөгөөндөө багтаахаас аргагүй. Тэгээд сарын төгсгөлд АНУ-ын нийслэлээр эцсийн зогсоолоо хийн буцна даа.

Дээрх газруудынхаа заримд нь иймэрхүү сайн дурын ажлаа ч үргэлжлүүлэхээр зохицуулчихлаа. Ер нь өнөөдөр сайхан бүтээмжтэй өдөр байлаа.

***

Өчигдөр өглөө гэнэт 4 цагт сэрчихсэн. Маш сэргэг тэгснээ энэ аяллынхаа тухай заавал ном бичих учиртай гээд янз бүрийн бодолд ээрэгдэн дэвтэр балаа баахан хэмлэж суув. Нэр нь ямар байх уу, агуулга нь хэдэн бичвэртэй байвал зүгээр бол, эхний  “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” ном маань юу билээ гээд л нөгөөхөө эргүүлж тойруулаад, тэгээд өдөрт 1 бичвэр оруулаад байхад энэ хугацаандаа амжчихна, очоод гаргавал гоё оо гэх мэтчилэнгээр сайхан мөрөөдөв. Гэтэл өнөөдөр ямар ч тийм уур амьсгал байдаггүй ээ. Сонин шүү, за яахав харж л байя…

Бас, өнөөдрийн хувьд сэтгэлээр унасан нэг зүйл тохиолдов.

Фэйсбүүк дэх “Дэлхийгээр аялах нь” хуудсанд оруулсан нэгэн бичлэгийг үзсэн хүний сэтгэгдэл байсан юм л даа тэр нь…юу гэхээр “англи хэл чинь маш муу, аймшигтай аялгатай байнаа ном журмынх нь дагуу сайжруул” гэсэн байлаа.

Өөрийнх нь дутагдлыг хэлж шүүмжлэхээр таатай бус ханддаг хүмүүний адилаар би ч гэсэн анхандаа тийм байдлаар хариу урвал үзүүлсэн. Гэхдээ үүнийгээ ил гаргаагүй зүгээр л дотроо бухимдаад байв. ТэгээдЯаж, ямар нэгэн байдлаар түүнийг доош нь хийчих хариулт олох уу?, юу гэж бичвэл тэр хүнийг дийлэх үү?” гэдэг бодол байн байн орж ирээд байсан. Тэрхүү сэтгэгдлийг өглөө 11-ийн үед уншсан юм. Түүнээс хойш бараг цаг орчим тэгж бодсон байх аа. Харин одоо 7, 8 цагийн дараа гэхэд тэрхүү бодлоос ангижирчихжээ. Сэтгэл эмзэглээд байх зүйл огт алга. 

Гэвч ганцхан цаг ч гэлээ тэрхүү 60 минутанд хичнээн эд эсээ шал хэрэггүй бухимдалд үхүүлсэн бол гэдгээ бодохоос харамсмаар…Нөгөөтэйгүүр, “үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно” гэдэг ямар үнэн болохыг ойлгуулсан тэр хүнд “БАЯРЛАЛАА” гэж талархмаар…Бид нээрээ ямар ч ашиггүй байдлаар нэг нэгнийгээ хэмлээд яахав дээ..

Тиймээс, би өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрдөг. Миний Англи хэлний мэдлэг дутуу гэдгийг мэддэг. Болдогсон бол англи хэлтэй оронд дор хаяж 2, 3 жил болох юмсан, үг, өгүүлбэрийн бүтцээ бодолгүй ярьдаг, бичдэг болох юмсан гэж хүсдэг.

Гэхдээ ийм ч гэсэн “АЯЛАХ” гэх хүссэн зүйлээ хийгээд явахад асуудал гардаггүй учраас үнэндээ санаа зовдоггүй. Хэлийг сайн сурна гэдэгт цаг хугацаа шаардагдах тул дутагдалдаа ороогдон итгэлгүй царайлаад байх ямар ч шаардлагагүйг мэддэг болохоор сүртэй юманд ч тооцдоггүй юм аа.

Тэгээд ч үүргэвчтэй аялж явахад хэлний энэхүү бэрхшээл давуу тал болох үеүд зөндөө ш дээ. Тухайлбал, тэс өөр улсаас ирснийг мэдэнгүүт нутгийн хүмүүс илүү уриалгахан хандана. Мөн юу хэлснийг нь ойлгохгүй дүр үзүүлж байгаад сэргэлэнтэх гэх мэтчилэнгээр..:) 

Өмнө нь унаган англи хэлтэй залуучуудад их атаардаг байлаа. Эд нарын нэг болж төрөхгүй гээд л…Энэхүү санаагаа нэгэн найздаа хэлтэл “Үгүй ээ харин ч энэ чинь давуу тал байхгүй юу. Жишээ нь одоо бид 2-ыг метронд ингээд Монголоор юу ч ярьсан тэд ойлгохгүй. Харин англи хэлтнүүд бол ингэж чадахгүй ш дээ” гэж билээ. Ёстой үнэн санагдсан. 

Би ийм аймшигтай гэж хэлэгдэх аялгатай ч гэлээ нэг удаа хамтран ажилласан хүмүүс маань дахин ажиллах хүсэлт тавьдаг төдийгүй өөрөө боломжгүй бол найз нөхдөдөө уламжилж өгдгийг нь бодохоор хүн хоорондын гинжин холбоо үүсэхэд ганц хэлний төгс цэвэр дуудлага, мэдлэг 100 хувь хангалттай биш юм гэж бодогддог. 

Хамгийн чухал нь хүний итгэлийг даахуйц байна гэдэг илүү гүн агуулгатай, ирээдүйтэй зан чанар мэт. 

Цаг хожих боломж

2017 оны хоёрдугаар сарын 14-ний Мягмар гараг буюу “Хайр“-ын өдөр.

Өчигдөр зам дөхүүлж өгсөн хүнээс “амьдралын утга учир юу вэ?” хэмээн асуухад тэрээр “хайрлах болоод хайрлагдах” гэж хариулсан юм. Тийм ч байж магадгүй…Гэхдээ хүн бүр адилгүй учраас өөр өөр хариулт хэлэх нь гарцаагүй.

Юутай ч хайр олон талтай шигээ янз бүрээр илэрч, илэрхийлэгддэг мэт санагддаг.

Замд гарснаас хойшхи 10 гаруй хоногийг 6 айлаар дамжиж өнгөрүүллээ. Тэд намайг огт танихгүй, нэр мэдэх төдий, ганц нэг уулзсанаас цаашгүй хэрнээ гэртээ байлган, аль байдгаараа дайлж, гадуур дотуур дагуулж явах зэргээр бүхий л зүйлд чин сэтгэлээсээ хандаж байсан сайхан хүмүүсийг хайрлахгүй байхын аргагүй. Тэд ч мөн намайг ямар нэгэн хэмжээгээр хайрласан учраас тийм хандлага гаргасан гэдэгт нь итгэлтэй байна. Хайрлах, хайрлагдах гэдэг үнэхээр чухал мэдрэмж…

Ийнхүү алхам тутамдаа гайхалтай хүмүүстэй таарч, санаж сэдсэн маань бүтэмжтэй явааг бурхны сургаалиар “үйлийн үр” гэж бодвол “өөрийгөө урьд насандаа овоо гайгүй явждээ” гэж дөвийлгөмөөр..Гэвч, миний бодлоор ийм сайхан учрал, тохиолуудыг урьд насандаа үйлдсэн буян гэлгүйгээр өнөөдрөөс өмнөх цаг мөчүүдэд бодож, санаж, хүссэн эерэг бодлуудын биелэл, хийсэн үйлдлүүдийн үр дүн л гэж харвал илүү бодитой мэт.

Харин энэ хугацаанд хоносон айл, уулзаж учирсан хүмүүс, тохиолдсон адал явдал, туршлага гээд бүгдийг багтаасан өгөөжтэйхөн бичвэр оруулах боломжоор тун хомс яваад байгаа ч одоо ийнхүү цаг гаруй автобус хүлээх зуураа тэдгээр буян нь дэлгэрсэн хүмүүсийнхээ тухай цухас дурдаадахъя.

Айл 1. 

Мэйнь мужийн Портлэнд хотод очихдоо хоносон анхны айл. Гэрийн эзнийг Грег гэдэг боловч миний Монголчилсноор “Гээгий”каучсөүрфин – ээр олсон. Энэ ямар учиртай цахим хуудас юм бол, хэрхэн ашигладаг зэргийг сонирхож байвал “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номондоо оруулсан байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Тэрээр 57 настай, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ дагнасан хувийн компанитай, 3 хүүтэй, эхнэр нь бага хүүтэйгээ хамт Италид сурдаг гэх мэтээр нэлээн тансаг амьдардаг, чинээлэг айл болох нь тодорхой байсан.

This slideshow requires JavaScript.

Би энэ айлд 10 жилийн найзтайгаа очсон. Найз маань энэ мужид боловч Портлэнд хотоос 2 цагийн зайд амьдардаг, тэгээд нийтийн тээвэр явдаггүй газарт болохоор гэрийнхэнд нь төвөг учруулаад яахав гэж бодсондоо эндээ хоночихоод эргээд Бостон явахаар төлөвлөсөн байсан юм. Грег бид 2-т тус тусад нь өрөө гаргаж өгсөн. Магадгүй энэ Америкт эхнэр, нөхрүүд л биш бол цугтаа унтах гэсэн ойлголт байдаггүй байж магадгүй. Манай Монгол гэрт бол яаж “зулдаг” билээдээ, хэхэ..

Маргааш өглөө нь ажлын өдөр байсан ч “зүгээрээ, санаа зоволтгүй” гэж байгаад бид 2-ыг далайн эрэгт хүргэж АНУ-ын хамгийн анхны гэрэлт цамхгийг үзүүлсэн үнэхээр сайхан сэтгэлтэй, тусч хүн байсаан. Аялах дуртай юм билээ тиймээс хаа нэгтээ дахин таарахыг үгүйсгэхгүй байна.

Айл 2.

Дараагийн очих газар Вермонт мужийн Миддлэбөри байсан ч Портлэндээс шууд унаа явдаггүй учраас дахин Бостондоо эргэж ирсэн. Энэ хотод хоёр удаагийн тохиолдлоор 6 сар болсон юм болохоор метро унаандаа асуудалгүй учраас хотын нэлээд захруу айлд хонохоор болсон. Соньяа гэх энэ эмэгтэйг дээрхтэй адил каучсөүрфингээр олсон.

19-тэй хүүгээ аялалд явуулчихсан гээд ганцаараа амьдарч байгаа 40 настай Орос гаралтай, маш идэвхтэй амьдралын хэв маягтай, спортлог эмэгтэй. Намайг очсон орой бүжгийн хичээлтэй “сонирхвол хамт явъя” гээд swing бүжгийн хичээлд очин, шөнө дунд хүртэл хөлсөө гоожтол дэвхэцсэн.

This slideshow requires JavaScript.

Өмнөх орой нь хамтдаа оройн хоол хийж, үлдсэнийг нь аваад яваарай гэсэн байдалтай 2 алимтай хамт гаргаж тавьчихаад цанаар гулгана гээд өглөө эрт гараад явчихсан байсан.

Айл 3.

Дараагийн очих чиглэлийн автобусны таарамжгүй нөхцлөөс шалтгаалан төлөвлөгөөнд багтаагүй Бөрлингтон хотод оччихсон. Гэвч, байрлах айлаа мөн л дээрх байдлаар зохицуулчихсан болохоор шинэ газар, шинэ хүмүүстэй уулзаж явахад харамсаад байх зүйлгүй байсан. Харин ч ийшээ очсон нь оносон байлаа.

Бөрлингтон нь Вермонт мужийн хамгийн том хот төдийгүй, хонуулсан айлын 2 маань миний насны залуу хосууд үнэхээр цоглог, очингуут цагаан дарсаар даруулсан Мексик оройн хоолоор дайлуулан, дараа нь шөнийн хотыг үзүүлнэ гээд дагуулж гараад манайхаар “ПиСи” тоглоомын газар гэмээр газарт оруулан өмнө хийж үзээгүй зүйлийг маань хийлгэн хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээж чадсан гайхалтай хүмүүс.

This slideshow requires JavaScript.

Эрэгтэй нь Тодд, эмэгтэйг нь Энни гэх бөгөөд мөн л үүргэвчтэй аялагчид. Гурвуулаа Зүүн Өмнөд Азийн орнуудаар аялчихсан болохоор ярианы сэдэв нийлээд сайхан байсан. Дараагийн аяллын төлөвлөгөө нь Европоос эхлүүлэн газраар Орос, Монгол, Хятад гэсэн. Тиймээс тун удахгүй Монголд дахин таарах, би гэртээ хонуулах боломж гарна гэдэгт найдаж байгаа.

Айл 4. 

Миддлэбөри хотод сүүлийн 3 зун хамт ажилласан хүн маань амьдардаг болохоор эхнээсээ очихыг зорьсон газар. Энэ хүн бол 20 гаруй жил Монголыг тасралтгүй зорьж байгаа Сас Карри гэдэг буянтай хөгшин байдаг юм.

ЗӨА-ийн орнууд руу хийх 7 сарын аяллын маань санхүүгийн талыг бий болгосон хүн. Учир нь 2014 оны зун 2 америктай ажиллаж 2300 доллар хуримтлуулсны нэг нь энэ эмэгтэй. Өнгөрсөн зун номоо хэвлүүлэхэд ч мөн тусалсан. “Тусалсан” гэдэг нь тэрээр надад зүгээр мөнгө өгөөгүй ээ. Учир нь, Сас жил бүрийн зун ирж Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад амьдардаг цаатан иргэдэд эрүүл ахуйн анхан шатны тусламжийн зүйлсийг хүргэж, тэдний соёл, уламжлалт ахуй амьдралыг баримтжуулан авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Харин энэхүү ажилаа хийхэд нь миний бие хэлмэрчилж хөдөлмөрөө үнэлүүлдэг гэсэн үг.

This slideshow requires JavaScript.

Тэрээр “Миний зүрхэн дэх цаатнууд” ном, “Бөөгийн зан үйл”, “Говийн эмэгтэйчүүдийн дуу хоолой”, “Нүүдэл” гэх зэрэг баримтат кинонуудыг хийсэн нь гадныханд нэлээд хүрч байгаа. Энэ нь нэг талаар Монгол орон, Монголчууд биднийг сурталчилж байгаа сайн хэрэг гэж боддог.

Сас надад дам болон шуудаар мөн ч их тус болсон. Ганцхан жишээг дурьдахад одоо ийнхүү Америкаар явж байгаагийн “ногоон гэрэл”-ийг хүртэл асааж өгсөн гол хүн.

Айл 5. 

Сасынхаас холгүй амьдардаг бөгөөд Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүн болон Сибирийн нарс оруулж ирэх зэргээр байнга сонин содон санаа сэдэж явдаг энэ хүнийг Рожер гэдэг. Өнгөрсөн жил хальт танилцсанаас цаашгүй боловч хэзээний сайн танил мэт сэтгэгдэл төрүүлдэг, маш энгийн хүн байгаа юм.

Бидний хэлдгээр “хар ажил” хийн хээгүй амьдардаг гэдэг үүднээс нь энэ удаагийн аяллын нэг зорилго болох Америкчуудын жирийн иргэдийн амьдрал ахуйтай танилцах гэдэг сонирхлоороо Рожерийнд заавал хонох хэрэгтэй гэж бодсон. Хонох хүсэлтэй байгаагаа хэлтэл “манайхыг голохгүй л бол хичнээн ч хоногоор хамаагүй байж болно” гэснээ намайг усанд орж магадгүй гэж бодсон бололтой 20 км-ийн цаана байх дэлгүүр орж банны хөшиг авсан байсан. Хөшигтэй, хөшиггүй би үнэндээ усанд орох шаардлагагүй гэсэн ч миний тав тухыг хангах гэж хичээсэн тэр хүний сэтгэл үнэхээр сайхан..

This slideshow requires JavaScript.

Айл 6. 

Өнгөрсөн зун Улаанбаатар хотод 2-хон цагийн орчуулга хийлгэх шаардлага гарлаа гээд найзаараа дамжуулан надтай холбогдсон энэ хүнийг Дан гэдэг. Мөн нэлээн олон жилийн өмнөөс Монголтой холбогдсон, Монгол эхнэртэй ч байсан хүн юм билээ. Үнэндээ тэрхүү 2 цагийн орчуулга нь салсан эхнэрийнхээ дүүтэй уулзаж, тэдэнтэй дахин холбоотой баймаар, үгүй ядаж “Монгол гэр бүл”-ийнхэндээ туслах хүсэлтэй байгаагаа дамжуулах байсан. Ярианаас нь сонсоход эхнэр байсан хүн нь гэнэт хаяад явчихсан бөгөөд өөрийнхөө талынхантай харилцахыг зөвшөөрдөггүй гэж ойлгогдсон. Нулимс унаган учирлан ярих түүний үгийг дамжуулах тийм ч амар байгаагүй. Тэгээд “хэцүү цагт хэл болж тус хүргэсэн” учраас Америкт ирвэл заавал манайхаар ирээрэй гээд явсан юм.

This slideshow requires JavaScript.

Иймэрхүү байдлаар 10 гаруй хоногийг дахин давтагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрүүлжээ.

Эдгээр хүмүүсийн надад хүргэсэн энэхүү тус, чин сэтгэлийн өглөгийг хэзээ, хэрхэн хариулахаа мэдэхгүй байгаа боловч ямар ч байсан мартахгүй гэдгээ л сайн мэдэж байна.

 

 

Нутгийн айлуудаар…

Үүргэвчээ үүрснээс хойшхи 8-дахь өдрийнхөө өглөө 6-дахь айлдаа сэрлээ.

Өмнөх аяллуудынхаа туршид ганц нэгхэн удаа л айлд хонож байсныг эс тооцвол ихэнхдээ дэн буудлын нийтийн өрөөгөөр явсан байдаг. Одоо ийнхүү нутгийн айлуудаар хоноглох тусам маш сонирхолтой бөгөөд өгөөжтэй болохыг нь ойлгож эхэллээ. Тиймээс иймэрхүү эрх чөлөөг төгсгөлгүй үргэлжлүүлмээр санагдах…

Бидний хэл, соёл, шашин, амьдралын хэв маяг, төрж өссөн орчин нөхцөл, боломж, бэрхшээлүүд гэх мэтээр нэг нэгнээсээ ялгагдах зүйлс олон байж болох ч биднийг “ХҮН” гэдэг нэрийн дор нэгтгэдэг ганцхан юм нь бид бие биенээ гэсэн энэрэх, хайрлах, туслах, өрөвдөх, гэгэлзэх, санагалзах сэтгэл зүрхтэй юм.

“ХҮН” хүнд илүүддэггүй юм шүү гэх зүйр үг юутай үнэн бэ…

Өдөр бүр шинэ хүмүүстэй уулзаж, тэдний сонин содон ертөнцөөр аялж байгаа болохоор хуваалцах мэдээлэл хэтэрхий ихдээд, заримдаа хаанаас нь яаж эвлүүлэхэд ч төвөгтэй санагдах, мөн хонож байгаа айлынхаа хүмүүстэй, тэдний найз нөхөдтэй нь бужигнахаар тэгээд л тогтвортой суух боломжгүй болох..Миний хувьд бичихээрээ чихэвчээ хийн дуртай хөгжмөө тавьж байгаад нэлээн удаан суудаг онцлогтой учраас цаг нэлээн шаардагддаг сул талтай.

Ийнхүү айлаар хоноглох нь буудлын, хоолны, заримдаа унааны ч мөнгө хэмнэчих олон давуу талуудтайн дээр маш сонирхолтой үүх түүх сонсон, амьдралын хэв маягийг үзэж, тэднээс суралцах болоод хуваалцах зүйлс ч ямар их байгааг ойлгох нь гайхалтай. “Иймэрхүү байдлаар дэлхийн бүх улсаар явбал?…” гэх бодолдоо ээрэгдчихээд л байна.

2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Бостон хотоос Мэйнь мужийн Портлэнд хотод очихоор бараг 3-н долоо хоногийн өмнө автобусны тасалбараа захиалчихсан. Эрт захиалах тусмаа хямд байдаг гээд төлөвлөгөө гаргаж дадаагүй надад хэдэн чиглэлээ тодруулах жаахан ядаргаатай байсан. Бостон-Портлэнд, Портлэнд-Бостон, Бостон-Бөрлингтон гээд онлайнаар захиалгаа хийж байтал картан дахь мөнгө дуусчихав. Тэгэхээр нь Монгол болон ЗӨА-ийн орнууд шигээ бодон, биеэрээ очоод захиалбал илүү хямд байж магадгүй гээд маргааш нь нэгдсэн автобусны буудалд (Boston South Station) нь яваад очлоо. Гэвч бодсоноос эсрэг байв. Онлайн захиалга хийхэд үйлчилгээний төлбөр гэж 2-хон доллар нэмэгдэж байхад бэлнээр авахаар бараг $10-20, тэгээд хоног нь тулчихсан бол бүр үнэтэй болчихдог гээд нүд орой дээр гартал хэлдэг байгаа.

Хойд Каролайна хүртэл явах дахиад 4 тасалбар авах шаардлагатай, тэдгээр нь цөөхөн суудал үлдсэнд сандарсан хэрэг л дээ. Тэгээд гэрийнхэн рүүгээ “мөнгө” гэж хэлэх үү гэтэл цагийн зөрүүнээс шалтгаалан амралтын өдрийн яг шөнө дунд, Монгол буцах 2-тоо хэдэн доллар дайгаад ч цаг алдах болохоор хэсэг эргэлзэж байгаад нэг дугаар луу залгаадхав. Тэр нь бид 3-т их тус болдог, Бостонд амьдардаг хүн байсан юм. Тэгээд учраа хэлтэл “Зааза, санаа зоволтгүй маргааш яваад очьё” гэлээ. Тийнхүү ирээд төлөвлөсөн бүх чиглэлийн тасалбаруудыг маань үнэгүй захиалаад өгсөн гэхэд итгэмгүй. Залуудаа чамгүй их явсан, ялангуяа хуучны соц орнуудаар ажлын ч аяллын ч шугамаар юм юм үзсэн гэж ярьдаг болохоор хол замд явахын жаргал, зовлонг мэдэрсэн аргагүй л нүд тайлсан нь мэдэгдэв. Хүн тэгээд ер нь өөрөө биеэрээ мэдэрч байж л аливааг жинхэнэ ойлгодог мэт.

Өвлийн улиралд яагаад заавал АНУ-ын хүйтэн сэрүүн газрууд руу нь зорин, аяллаа Мэйнь мужаас эхлэхээр болсон бэ гэхээр Америкийн хамгийн зүүн хойд талд орших энэхүү мужид 10-н жилийн ангийн найз бүсгүй маань айлын бэр болоод 7 сарын өмнө ирсэн байлаа. Тэгэхээр ойрд уулзалдаагүй багийн найзтайгаа уулзах хүсэл их байхаас гадна таньдаг хүнээрээ далимдуулан Америк айлд хонож үзэх, мөн тэрээр ирснээсээ хойш Монгол хүнтэй уулзалдсангүй, өөр тийшээ ч гарч үзээгүй гэхээр нь Бостонд байх хугацаандаа ирүүлье гэж бодсонтой давхар холбогдсон хэрэг. Бэлэн байр, хоол, нутгийн хөтөч (би 😉 ) байгаа дээр нэг ч гэсэн хүнийг сайхан хоттой танилцуулахад юу нь буруудахав, тэ…Хүний газарт бие биендээ чаддаг чаддагаараа тус дэм болж ойр дотно байх ямар гоё байдаг билээдээ. Биднийг ч гэсэн Бостонд байх хугацаанд тэнд амьдардаг Монголчууд маань их тус болсоон..

Тийнхүү найз маань ирж 4 хоногийг өнгөрүүлээд, би ч мөн Бостонд байх сүүлчийн өдрүүд гэсэн шиг үзэж харах зүйлсээ сайн гүйцээлээ.

This slideshow requires JavaScript.

Тийнхүү хоёрдугаар сарын 2-ны өглөө хамт байсан 2-оо Монгол руу буцах замд нь оруулчихаад, эргэж ирээд байраа хүлээлгэж өгөөд замдаа гарав.

Бостонгоос Портлэнд орох бол тун амар байсан. Хоорондоо 3 цаг хүрэхгүй яваад л хүрчихдэг автобус нь дотроо утасгүй интернэт, залгуур, кино гарах дэлгэцтэй гээд үнэхээр тохилог. Энэ нь Megabus компанийн автобус бөгөөд нэг талдаа $7, заримдаа бүр 1 доллар гэх тохиолдол ч байдаг юм билээ. Гэхдээ тасалбар нь хатуу нөхцөлтэй нэг л захиалсан бол буцаах, өөрчлөх боломжгүй.

Портлэндээс өөр хот руу явах бодолгүй байсан болохоор тэнд ганцхан хоногийг төлөвлөсөн бөгөөд ийм богино хугацаанд хийхийг хүссэн ганц зүйл нь “Allagash” гэх нутгийн шар айрагны үйлдвэртэй танилцаж, нутгийн айлд хоноглох байв.

Очно гэж бодсон найзын гэр бүл энэ хотоос цааш 2 цаг явах зайд байдаг гэдгийг сүүлд мэдсэн учраас бусдад төвөг учруулахгүйн тулд couchsurfing -ээр айлаа зохицуулчихав. Грег гэх хүн маш уриалгахан нь аргагүй дахин дахин холбогдоод, бид 2-ыг пивоныхоо аяллыг дуусангуут ирж авахаар тохиролцов.

Гэтэл, Лхагий нэг л итгэл муутай байгаа бололтой “яанаа зүгээр л байгаадаа” гэхэд түүний нөхөр хүртэл итгэж өгөхгүй “тэр хүнийхээ утасны дугаар, гэрийн хаягийг нь өгчих” гэсэн байв. Би болохоор “манай Гээгий…” гэх мэтээр Лхагийг цаашлуулаад байлаа. Гэвч үнэндээ хэдэн насны, ямархуу хүн болохыг нь ч мэдээгүй байсан л даа..Ямар ч байсан болно, болгоно асуудалгүй гэдэгт итгэлтэй байлаа.

Гэтэл одоо 6-дахь айлдаа хонож байдаг..цаг хугацаа гэж үнэхээр хурдан, үзэж харах зүйлс хязгааргүй юм гэдгийг ойлгосоор…

За ийнхүү “Гээгий” гэж ямар нөхөр байсан болоод түүнээс хойш ямархуу айлуудаар орсныг дараагийн бичлэгээс сонирхоорой. Бичлэгээ үргэлжлүүлмээр байгаа хэдий ч ийнхүү зогсоох онцгой шаардлага гарсан бөлгөө 🙂 түр баяртай..

 

 

 

Үүргэвч

Аялалд гарахын өмнө үүргэвчээ баглах мөч хамгийн сэтгэл догдлом байдаг ч хэрэгтэй зүйлсээ хэрхэн багтаах гэдэгт нэлээд цухалддаг нь гэм биш зан. Тэгээд ч энэ удаа гэрээсээ биш дахин эргэж ирэхгүйгээр хөдөлж байгаа болохоор бүх зүйлсээ аваад явахаас аргагүй байлаа. Гэхдээ ч санасныг бодоход гайгүй л дээ. Яагаад гэхээр дэлгүүр хэсэхгүй байхын аргагүй газар 3 сар болчихоод хөдөлж байгаа юм чинь…энэ бол Бостон хот байсан юм.

За одоо, үүргэвч цүнхэндээ юу юуг багтааж замд гарснаа сонирхуулъя. Үндсэндээ 2 цүнхтэй яваа, нэг нь онц шаардлагагүй ихэнх зүйлсээ хийгээд ардаа үүрдэг том үүргэвч, нөгөөх нь комьпютер болон нэн шаардлагатай гэсэн тэмдэглэлийн дэвтэр, ганц нэг ном, залгуур чихэвч, усны сав гэх мэтээ хийгээд урдаа тэвэрчихдэг жижиг үүргэвч. Том үүргэвч 17, жижиг нь 4,2 килограмм байналээ.

16403356_10209834029419811_1595516862454878056_o-1

Өвөл цагийн үүргэвчтэй аялагч гэж өөрийгөө тодорхойлбол үнэхээр авсаархан явж байна. Тун нимгэн хөнгөн материалтай хоёрхон ээлжийн хувцастай, харин илүүц гэж болохуйц нэг юм нь эдгээр номнууд байж магадгүй. Энэхүү 20 орчим ном 6 кг болсон. Бостонгоос хөдлөхөөсөө өмнө уншсан болон онц ач холбогдолгүй гэж үзсэнээ номын санд өгсөн боловч тунаж үлдчихээд цүнхлэхээс өөр сонголт байсангүй.

20170206_214802

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод амьдардаг нэг найз маань казак түмний өв соёлыг хадгалан, бусдад суртчилах чиглэлийн бизнес эрхэлдэг юм. Түүнээсээ авч гарсан хэдэн цүнх болон хонины ноосон бүтээгдэхүүн сонирхсон нэг хүнд дээж болгож авчирсан зүйлсээс цөөхөн хэд үлдсэнийг хонуулсан айлууддаа гарын бэлэг болгохоор авч яваа. Бусдаар бол гоочлоод байх зүйлс үнэндээ алга.

20170206_214631

Өчигдөр орой Сас болон хөрштэй нь хамт 3-уулаа Виржинэс гэх жижиг хотруу орчихоод ирэх замдаа суурьшмал болон нүүдэлчин соёл иргэншлийн сул, давуу талуудын тухай яриа хөндлөө. Тэдний хувьд гэр бүлтэй болоод л нэг газраа төвхнөчихдөг болохоор тавилга, хувцас хунар, хүүхдийн тоглоом энээ тэрээ гэсээр нэг мэдэхэд л хэрэгцээнээс хэтэрсэн эд материаллаг зүйлс цугларчихсан байдаг бөгөөд түүндээ хүлэгдчихдэг гэлээ. Харин бидний хувьд бол эртнээс байн байн нутаг сэлгэж ирсэн учраас амьдралынхаа хэв маягт тохируулан авсаархан явж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Би ч гэсэн үүргэвчээ баглах бүрдээ л минималист байх ямар их давуу талуудтай болохыг ойлгох юмдаа…

 

Хүслээ дагасан зөв шийдвэрүүд…

Тавдахь шөнөө 4-дэхь айлдаа хонолоо. Гадаа цас орчихсон сайхан харагдана..

Энэ улсаар ийнхүү үүргэвчээ үүрэн аялах юм гэж ер бодож байсангүй..

Гэтэл азаар ч гэх үү, санаандгүй ч гэмээр тохиолдлоор жил дараалан ирээд, одоо ийнхүү нутгийн айлуудаар хоноглоод явж байгаадаа заримдаа итгэмээргүй санагдах..

Өдий хүртэлх туулсан амьдралынхаа он жилүүдийг эргээд харахад “Гадныхан, Гадагшаа, Аялал” гэх зүйлстэй ямар нэгэн байдлаар холбоотой явж ирсэн байдаг. Тэгэхээр “хувь тавилан” гэж байдаг мэт. Бидний хэн байх, юуг хийж бүтээх нь цаанаасаа тодорхойлогдчихсон, энэ дэлхийд ирээд буцах хүртэлх хугацаандаа биелүүлэх даалгавар гэж хүн бүрт дахин давтагдашгүйгээр заяагддаг байх гэх бодлыг маань батлаад өгөх. Нөгөөтэйгүүр үүнийг “өөрийгөө олох” гэдгээр илэрхийлж болно…тэрхүү “даалгавар” юу болохыг таньж мэдтэл цаг хугацаа, тэсвэр тэвчээр, зарим нэгэн золиос ч шаардагддаг болохыг ойлгоод байгаа. Мөн аливаа зүйл “цаг нь болох” гэх зарчимтай мэт санагддаг. Тухайлбал, өнгөрсөн жил Америкт ирээд 3 сар болоход “энд үлдье” гэх бодол огт төрж байгаагүй. Гэтэл энэ удаа бол “үлдээд аялна” гэдгээ Монголоос хөөрөөгүй байх үедээ л шийдчихсэн байсан учраас харгалзан явах учиртай нөгөө 2-тоо хүртэл хэлж буцахдаа яах ёстойг нь захиж явсан. “Нөгөө 2” гэдэг маань энд эмчлүүлэхээр ирдэг жаахан охин, ээжтэйгээ.

Миний гол үүрэг нь тэр хоёрыг Улаанбаатараас Бостонд элдэв саадгүйгээр авч ирэх болоод буцах л даа. Өнгөрсөн жил энэ үүргээ бол 100% хангалттай биелүүлсэн. Харин энэ удаа өөрөө үлдэж аялах зорилгоо биелүүлэхээс гадна бас нэгэн бодол төрсөн нь тэр 2-ыг, ялангуяа охины ээжийн “өөртөө итгэх итгэл”-ийг жаахан ч гэсэн сэргээе гэж бодсонтой холбоотой. Ингэж бичих нь зохисгүй байж болох ч өөрт төрсөн бодлоо л хуваалцахыг хүссэн нь тэр..

Охины ээж бол миний насны эмэгтэй л дээ, гэхдээ намайг бодвол гэрийн эзэгтэй болчихсон, 4 хүүхдийн ээж гээд амьдрал гэгч далайн нэлээн гүнрүү аль эрт гишгэчихсэн, аливаад буурь суурьтай ханддаг “дотроо бодолтой, доороо суурьтай” гэж тодорхойлохуйц бүсгүй. Гэвч, нэг том дутагдал нь тэрээр “өөрийнхөө хүчинд найдаж эрсдэлтэй алхмуудыг хийн сонирхолтой, нээлттэй байх” гэх чухал чанараа нэлээн далдалчихсан мэт байдаг нь өөрийн эрхгүй эмзэглэхэд хүргэсэн. 2 удаагийн тохиолдлоор нийт 6 сар хамт байна гэдэг бол 7 юмуу 10-хан хонохоос өөр хэрэг байсан. Аль аль талаас нь бие биенээ гайгүй сайн мэдэхээр хугацаа.

Одоо цагт “өөртөө итгэлтэй байдал” хамгийн чухал учраас үеийн найзууд мэт болцгоосон түүнд хол замд ганцаараа (үнэндээ, охинтойгоо л доо) алхам тутмаа өөрөө хариуцан явах гэдэг ямар болохыг бага ч болов мэдрүүлэхийг хүссэн юм. Тэгээд ч дахин дахин ирэх боломжтой учраас хэдий болтол хүн дагаж явах билээ дээ…би тэр 2-ыг дагуулаад явахдаа тус хүргэж байгаа мэт боловч цаагуураа маш том хор хөнөөл учруулж буйгаа ойлгосон юм. Аливаа зүйлийг өөрөө гардан хийж байж л зовлон жаргалыг нь ойлгож, муухай сайхан амтыг нь мэдэрдэг учраас тэрхүү мэдрэмжийг л хуваалцахыг хичээсэн.

3 сарын өмнө…

Тэгээд, “замд гарах юм чинь мэдээж түрийвч хоосон явж болохгүй” гээд ирэнгүүтээ ажил хийхээр шийдсэн. Эхэндээ энэхүү шийдвэрийг маань эерэгээр хүлээн авч зөвшөөрөх хүн ховор байсаан. “Яагаад?” гэхээр ирсэн гол зорилгоосоо хазайхаас гадна хууль бус ажиллаж байгаад баригдчихвал эмчлүүлж байгаа охины ирээдүй болоод энд биднийг хариуцаж байсан байгууллагад маш хор хөнөөлтэй байх юм гэсэн. Магадгүй үнэн байсан байх. Гэхдээ, миний зүгээс бусдад тэгж муугаар нөлөөлөх алдаа гаргахгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан болохоор хэний ч эсэргүүцлийг тоогоогүй. Үүнд миний хэнэггүй зан ч эерэгээр нөлөөлсөнд баяртай байгаа. Мөн ямар нэгэн зүйл намайг харж үзсэн мэт ирснийхээ дараахан нь гудамжаар алхаж яваад л гэрийнхээ ойролцоо газарт ажилд орчихсон. “Санаж явахад бүтнээ” гэдэг л тэр байх..

Өнөөдөр бол нөгөө 2 маань өөрсдөө яваад ямар ч асуудалгүйгээр гэртээ аль хэдийн харьчихсан байхад би энд аялалдаа гарчихсан явж байна.

Энэ бүгдээс харахад бусдад төвөг учруулчихгүйгээр өөрийнхөө чин хүсэлд үнэнч үлдэж чадвал тэгээд л өөрт заяагдсан онцгой замаа дагах зөв алхмуудыг хийж байна гэсэн үг. Тийнхүү зөв шийдвэрүүдээ үргэлжлүүлсээр нэг эргээд харахад танд л зориулагдсан тэрхүү даалгавраа олчихсон, төдийгүй амжилттай сайхан биелүүлээд явж байгаагаа ойлгоно.

Эцсийн эцэст хүн бүр өөрөө өөртөө л үнэнч үлдэх нь чухал шүү дээ…