Category Archives: Uncategorized

Эверестийн зүг марш…

Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг аялагч бүхэн өөр өөрсдийн гэсэн онцгой хүсэл мөрөөдөл, зорилго, аялах хэв маягтай замд гардаг гэж боддог. Тэр нь тухайн хүний юунд илүү сонирхолтойгоос шалтгаалахаас биш “заавал тэгж ингэж яв, аял” гэсэн хатуу дүрэм байдаггүй нь сайхан.

Миний хувьд бол очсон газар бүрийнхээ өндөр цэгт тэмүүлдэг. Тэр нь “УУЛ”. Гэвч, одоогоор гавьж олон ууланд гарч амжаагүй болохоор ууланд дуртай гэж хэлэхэд үнэн ичмээр ээ…

Зүүн Өмнөд Азиар аялж явахдаа Вьетнам, Камбож, Лаос 3 улсын оргил гэгддэг Фансипан болон Тайланд улсын Дой Энтэнон уулнуудад гарснаас өөр шалиагүй. Фансипан далайн түвшнээс дээш 3143, харин Тайландынх нь 2565 байсан.

Монгол улсынхаа ноён оргил Хүйтэн (4374м) рүү ч зүглээгүй хэрнээ одоо дэлхийн дээвэр гэгддэг Эверестийг зорих гээд сууж байгаа маань хэтэрхий тэнэг эрсдэлтэй алхам байж ч магадгүй мэт санагдах, хааяа..

Гэхдээ энэ удаа бол 8848 метрийн өндөрт орших Сагармата оргилд гарахгүй. Харин гол зорилго маань 5364 метрийн өндөрт байдаг Эверестийн үндсэн отогт нь очих юм. Ийшээ очиход наах нь Калапатхар/Kalapatthar гэж 5545 метрийн өндөртэй уулыг давах юм билээ. Тэгэхээр үндсэндээ энэ удаа бол өөрийгөө сорих хамгийн өндөр цэгийг 5545 метр гэж үзэж байгаа.

Өмнө нь 3000-аас дээш гарч үзээгүй болохоор тэр 5000-д ямар гутал, хувцас, хэрэглэл чухал болохыг баттай мэдэхэд үнэхээр бүрхэг байлаа. Тиймээс худалдан авалт хийж бэлтгэлээ хангахад ч бэрх байсныг нуух юун.

Өмнө явсан хүмүүсийн тэмдэглэлийг харахад “хүйтэн шүү дулаан хувцаслаарай”, “өндрийн өөрчлөлтөнд даралт хэлбэлзэж толгой өвдөнө тэгээд хоолны дуршил багасдаг учраас шаардлагатай эм бэлдмэлүүд сайн аваарай” гэсэн байх. Нэг талаас эдгээр хүмүүсийн үгэнд итгэн шаардлагатай бүхнийг авлаа гэхэд очоод онц хэрэглэгдэхгүй дараа болохвий, тэгээд ч ачаагаа өөрөө үүрэх болохоор маш хянамгай хандах хэрэгтэй, мөн эргэж ирээд шууд харихгүй дахин замд богино бус хугацаагаар явах учраас яах билээ гэх зэргээр тээнэгэлзэж тээнэгэлзэж доорх байдлаар бэлтгэлээ хангалаа.

20171004_133453

Цельсийн хасах 20 хэмийн хүйтэнд ажрахгүй гэх аяны хөнжил түрээсэлснийг эс тооцвол жаахан нимгэн хувцаслачихвуу даа л гэмээр. Гэхдээ нэг зүйлд сэтгэл амраад байгаа нь тэгтлээ хүйтэрдэггүй зөөлөн дулаан уур амьсгалтай, далайн түвшинд амьдардаг хүмүүст бол тэнд хүйтэн бөгөөд өндрийн өөрчлөлт их мэдрэгддэг байж магадгүй юм харин манайх ямар билээ гэж бодогдох. Нөгөөтэйгүүр хэтэрхий сэрэмжлүүлэг, бэлтгэл нь эргээд сэтгэл зүйд нөлөөлдөг учраас алзахгүй л гэж бодож байна.

20171002_161801_001

За нэг иймэрхүү байдалтай маргааш өглөө эрт 5 цагт Катмандугаас хөдөлнө. Фаплу/Phаplu гэх газар руу автобусаар очоод Лукла, Намчэ Базаар, Дэнбочэ, Эверестийн отог тэгээд эргээд энэ замаараа доошлон арай баруунтайгуур Жири/Jiri гэдэг газарт алхалтаа дуусган Катманду руу автобусдах бодолтой. Нийтдээ 400 гаруй километр газрыг 20 орчим хоногт дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Заа, энд хүргээд тэмдэглэлээ өндөрлөе. Тун удахгүй сонирхолтой сайхан ая замын мэдээлэл дүүрэн уулзацгаая 🙂

Advertisements

Санаж явахад бүтнээ…

Гэрээс гараад 20 хоножээ..

Аяллын гол чиглэл Өмнөд Ази. Энэхүү бүс нутагт Энэтхэгийг тойрсон Балба, Бутан, Бангладеш, Шри Ланка, Мальдив, Пакистан гэх орнууд багтдагийг та бүхэн сайн мэдэж байгаа.

Хойгуураа Хималай, Хинду Күш, Памир зэрэг дэлхийн дээвэр болсон цаст нуруудаар, харин урдуураа Энэтхэгийн далай руу түрж орсон сонин байрлал, эрс тэс уур амьсгал, угсаатан-соёл шашны олон өнгө холилдсон хэн бүхний сонирхлыг татдаг газар.

Миний хувьд энэ чиглэлийг сонгосон гол шалтгаан нь “УУЛ”. Өнгөрсөн өвөл Америкт байхдаа бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн “Эверест” киног үзсэн юм. 1996 оны хавар Жомолунгма оргил руу гарч буй багийнханд тохиолдож байгаа эмгэнэлт болоод баярт үйл явдлыг сэтгэл шимширч мөн сэргэтэл үзүүлсэн бүтээл байсан. Тус киног үзчихээд фэйсбүүкдээ “хэзээ нэгэн цагт очно доо..” гээд холбоосыг нь бусадтай хуваалцаж байлаа. Тэгэхэд нэг хүн “очмоор л байна даанч хэтэрхий үнэтэй” гэсэн байсан. Тэр үед “мэдээж үнэтэй, гэхдээ боломжгүй зүйл гэж байхгүй” хэмээн хариулж байлаа.

Уулчин Г.Өсөхбаяр нэгэн ярилцлагатаа “…хэрвээ чи Эверестэд очоогүй, эсвэл очиж үзье ч гэж боддоггүй бол хамгийн тэнэг амьтан.” гэснийг хараад арай ч хамгийн тэнэг нь биш юм байна гээд баярлаж билээ, хэхэ..харин та аль ангилалд нь багтав?

Гэхдээ энэ удаа бол мөрөөдлийнхөө зөвхөн эхний алхмуудыг л хийж явна. Учир нь, өөрийнхөө 4374 метрийн өндөрт орших Хүйтний оргил руу ч гарч үзээгүй байж хоёр дахин өндөр лүү зүтгэх зориг алга, нөгөөтэйгүүр одоохондоо тийм 50000 доллар ч (Эверест рүү гарах зардал хамгийн багадаа 50, тэгээд дээш байдаг юм гэсэн. Уулчин Г.Өсөхбаяр 100 ам.доллар зарцуулагдсан гэж хэлсэн байналээ) байхгүй байна.

Гэвч “энэ яваа насандаа заавал гарна” гэсэн мөрөөдөлтэй. Санаж явахад бүтнэ гэдэг дээ…

Тиймээс энэ удаа 5364 метрийн өндөрт байрладаг үндсэн отог руу нь очих төлөвлөгөөтэй ирсэн. Ирж очихын 12-16 хоног алхдаг юм гэсэн гээд Катманду хотод буухдаа 90 хоногийн визийг 100 ам.доллараар даруулсан.

Жич: дараагийн аялагчдад товчхон мэдээлэл хүргэхэд: визийг хил дээрээсээ олгож байна, 15 хүртэлх хоног нь 25, 1 сар бол 60, тэгээд 90 хүртэл хоног байх бол 100 гэнэ. Нэг хувь цээж зурагтай байхад визийн мэдүүлгийг, орж ирсэн тухайгаа илэрхийлсэн жижиг анкеттай хамт бөглөөд өгөхөд л 10 минут хангалттай санагдсан. Визийн хураамжаа доллараар авдаг юм билээ.

Харин би яг одоо бол Балба улсын хоёрдахь том хот болох Похара буюу 8091 метрийн өндөрт орших ноён оргилтой, 7000 метрээс дээш 13, 6000 метрээс дээш орших 16 өндөр оргилуудыг тус тус өөртөө багтаасан Аннапурна нурууны бэлд Фева (Phewa) нуурын хөвөөнд сууна.

Энд ирээд 4 хонолоо. 10-аад хонох болвуу..үнэхээр гайхалтай байгальтай газар юм. Өглөө бүр хажуу уул руу гарч амьсгаагаа задлахын зэрэгцээ алсад сүндэрлэх цаст оргилуудаар сэтгэлээ баясган, дотоод хүндээ “даалгавар” өгч байна.

Чин сэтгэлээсээ хүсэж чадвал мөрөөдөл биелдэг юм шүү дээ…

20170924_090841.jpg

Нислэг хойшлогдсон тохиолдолд яах вэ?

Өчигдөр өглөө 11.50-д байсан нислэг хойшлогдсоноос болоод өдөртөө Тайланд орчих байсан хүн төлөвлөснөөсөө бүхэл бүтэн 24 цагаар хоцорч очих нь, шал балайн…
Эйр Чайна (Аir China) байнга саатаж чирэгдэл учруулдаг гэдгийг өмнө үйлчлүүлсэн цөөнгүй зорчигчдоос нь сонссон тул цаашид явах хүмүүст хэрэг болж магадгүй гэдэг үүднээс өөрийн “хөгөө” хуваалцмаар санагдлаа.
За, эхний зүйл бол онгоц хойшлогдлоо гэдгийг мэдэнгүүтээ л хариуцсан газар нь давхиад орох хэрэгтэй юм байна. Тэгээд учир шалтгааныг нь асууж тодруулахын зэрэгцээ дараа нь нислэгтэй бол түүнийгээ хамгийн боломжит байдлаар зохицуулах нь зүйтэй.
Гэтэл би өөрийн туршлагагүйгээс “за, цаашаа мөн л Эйр Чайна юм чинь дараагийн нислэгтээ оруулаад зохицуулчихсан байлгүй юунд нь санаа зовдогийн миний буруугаас болсон биш, тэгэх учиртай” гэж бодоод, түүндээ бүр бат итгэчихсэн явав.
Тэгтэл “ҮГҮЙ” байлаа. Өөрөө л очиж хамгийн ойр нислэгт орохгүй бол туршлагатай хүмүүс нь урьдчилж нислэгээ солиулаад алгуурласан над шиг нь өчнөөн цагийг хүлээх шаардлагатай болох жишээтэй. Бөөн ядаргаа.
Тухайн компаний буруугаас болж хойшлогдсон учраас зорчигчдыг хонох газраар хангадаг гэлээ. Гэвч түүнд нь орж чадалгүй сандалд хэдэн цагийн нойр авсан гэж байгаа.
Тэгээд, Бээжинд буунгуут Ази бус царайтнууд дугаарлан зогсох “24/72 hour international transfer (Apply for leaving airport)” буюу “Онгоцны буудлаас гарах бол энд хандаарай” гэх виз авах шаардлагатай улсын иргэн шиг жижгэрэн зогсох шаардлагагүй.
Харин миний хувьд гэвэл онгоцонд танилцсан Канад аялагчтай буу халаад л зогсоод байлаа. Тийнхүү хүлээж хүлээж пасспортоо үзүүлтэл “танайх визгүй зорчих бол энд зогсох хэрэггүй ээ шууд тийшээ яв” гээд заангуут өөрийнхөө хянуур биш зангаас болж тэгж их хүлээснээ бодохоор үнэхээр уйлмаар болсон.
Энэхүү “аймшигтай” хариуг авахаас өмнөхөн Оросын Владивисток хот руу тэмцээнд яваа гэх 2 Монгол залуу “хэл мэдэхгүй, бас анх удаа явж байгаа болохоор яахаа мэддэггүй ээ та асуугаад өгөөч” гэхээр нь ойролцоох ажилтанд тасалбарыг нь үзүүлтэл “тэр шилэн хаалгаар ороод тэгээд доошоо буугаад Терминаль 3 руу шатл басаар яв” гэснийг Монгол руу хөрвүүлээд тэгээд бие биендээ амжилт хүсэн салцгаасан юм.
Харин дараахан нь өөрөө орохдоо л анх удаа явж байгаа хүнд ямар ойлгомжгүй зүйл болохыг мэдээд өөртөө гэмшив. Яагаад гэхээр тэр зааж өгсөн шилэн хаалтыг давангуут цаана “Foreigners”, “Chinese” гэсэн улаан бичигтэй хэдэн цонхнууд бол тоймгүй урт оочертой харагдана. Тэд бол онгоцны буудлаас гарах гээд гаалиар орж байгаа хүмүүс.
Харин онгоцны буудалдаа байж байгаад цаашаа нисэх бол хамгийн наад захын “International transfer” хэсгийг чиглэх учиртай. Цаадхаа бодвол хүн ч цөөтэй байна. Тэнд пасспорт, тасалбараа шалгуулан доошоо буугаад Security Check гэсэн бичигтэй хэсэг рүү цүнх савнаасаа зөөврийн компьютер, утас зэргээ гарган, тэлээ, цаг гээд металл орсон бүхнээ тайлж байгаад өөрийгөө шалгуулан цааш нэвтрээд л гүнзгий амьсгаа авч болно. Энэхүү гаалийн хяналтаар орохоосоо өмнө ус, ууж яваа зүйлсээ дуусгаарай, тэгэхгүй бол асгуулчихна.
Гэтэл нөгөө 2 залуу энэ “дамжин өнгөрөх” гэдгээр биш харин тэр урт дарааллын ард зогсчихсон бол яанаа, нислэгтээ амжиж суусан л байгаадаа зэргээр санаа зовон, хэрвээ ийм будлиантайг нь мэдсэн бол дагуулаад явдаг байж гэх зэргээр гэмшээд л байна.
Англи хэлийг ойлгодог бол буруу зөрүү явсан ч сурагласаар байгаад л учраа олчихдог. Харин юу ч хэлгүй хүнд үнэхээр хэцүү гэдгийг ойлгож байна. Тэгээд нислэгийн цаг давчуу нөхцөлд буруу хэсгээр орчихвол Бээжингийн онгоцны буудал шиг түм түжигнэсэн газар ямар хэцүү гээч..тийм яарч сандарсан үед л Буянт Ухаагаа санах шиг…
За тэгээд онгоцны буудалд хонохдоо дуу чимээ, хөл хөдөлгөөн багатай газрыг сонгох нь зүйтэй байдаг болохоор дээшээ гарсан. Дээшээ бас тийм ч амар гаргачихгүй ээ. Тэгэнгүүт нь “Эйр Чайнагийн нислэг хойшлогдсоноос би одоо ингээд явж байна, юм асууя” гээд л ширүүхэн дуугарчихсан чинь дараагийн нислэгийн хэсгийг тасалж аваад “ор ор” гэсэн.
Тийнхүү дээшээ нэвтрээд дунд хэсгийн гурван эгнээ сандлын голд тухлаад авав. Цаад талд нэг хүн унтаж буй бололтой харагдлаа. Өөрөөр ямар ч хүнгүй сайхан байв. Жаахан дуг хийж байтал харуул бололтой хүн ирээд “пасспортоо үзүүл” гэхээр нь “маргааш өдөр Бангкок руу нислэгтэй өглөө эндээс тасалбараа аваарай” гэсэн гэхэд яваад өгсөн. Харин нөгөө талын сандалд хэвтсэн нөхрийг тасалбартай юм бол доошоо буу гээд дагуулаад явчихав. Ингээд тэнд ганцаараа үлдэн хөл хөдөлгөөнгүй газарт нүдний хаалт, чихний бөглөөсөө хийж аваад цүнхээ тэврэх юмуу хөлөн доороо тавиад хэвтэхэд гайгүй, өглөө нь маш сайхан амарчихсан гэртээ байгаа мэт сэрсэн шүү.
Нислэгийн цаг яагаа ч үгүй болохоор биеийнхээ чилээг жаахан гаргаж аваад тасалбараа бичүүлэн яг өчигдрийнхөө дарааллаар явахад оройтой харьцуулахад хүн цөөтэй маш амар байна. Урьд шөнө 11-12-ын үед бол тэр шуугиан бүгчим байгаа энэ тэр бол бүр муурч унамаар..
Тэгээд нислэг болоогүй бол яарч сандрах ямар ч шаардлагагүйгээр өглөөний ундаа зохицуулах юмуу эсвэл мэдээлэл өгөх хэсгээс WiFi-ийн код аван компьютерээ асаагаад суучихаж болно.
Миний хувьд урьд нь туршиж үзээгүй нэг гоё юм нь шүршүүр байсан. Air China business lounge-ийн доод талд Shower гэсэн бичиг-зурагтай нийтийн бие засах газарт байналээ. Гар нүүрийн алчууртай байхад л дотроо шампунь, биеийн шингэн савантай ус нь садартал гоожоод янзтай.
Хотоос гарахад бороо ороод хүйтэн зэвэргэн байсан бол энд буунгуут л өмссөн хувцас дараа болоод хөлс чийхраад эрс тэс уур амьсгалтай газраас халуун дулаан газарт ирэх үнэн ядаргаатайг мэдэж байгаа хэрнээ л гэнэдчихнэ. Энэ үед хүйтэн шүршүүрээс өөр сайхан зүйл байхгүй мэт санагдана. Усанд орсны дараа нүүрэндээ түрхэх юмгүй гэдэгт санаа зоволтгүй ээ шууд гараад л брендийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд бэлэн байгаа, хэхэ..харин шүдний ооноосоо жаахныг биедээ авч явахад гэмгүй. Бүхлээр нь бол оруулахгүй.
 За нэг иймэрхүү байдалтай тэгээд эцэст нь хэлэхэд аливаа зүйл эргэлзээтэй, маргаантай байвал маш сайн лавлаж асуух л ёстой юм байна гэдгийг том сургамж болгон авлаа. Асуухаас хэзээ ч бүү татгалз, хаа нэгэн газар хариулт нь байгаа гэдэг дээ. Ёстой үнэн үг.
Харин нэгэнт үүссэн нөхцөл байдлыг өөрчилж чадахааргүй бол тэгээд л эерэг, өөдрөг, баяртай байхыг хичээх нь илүү үр дүнтэй.
Жич: 9 сарын 5-нд Бээжингийн онгоцны буудалд ноороглож суусан бичвэрээ өнөөдөр буюу 9 сарын 19-ны өдөр Непаль улсын нийслэл Катманду хотод орууллаа. Интернэтийн хурд муугаас болоод зураг хавсаргаж чадсангүй ээ..

Гоё арга зааж өгье ;)

Зуны ажил-аялал эхлээд хөдөө хээр их явж байгаагаас шалтгаалан эндээ тухтайхан ч бичвэр оруулалгүй тун чиг уджээ..
Сонгууль далимдуулж хөдөөнөөс ирчихээд гадаах халуунд тээрэн хэвтэж байх зуураа аль 2014 онд ЗӨА-ийн аялалд гарахдаа л цүнхэлж яваад замаасаа буцааж байсан номоо дахин барьж авлаа.
Энэ бол “Монголын их хатдын нууц товчоо” гэх ном. Жак Уэтерфорд хэмээх эрдэмтний бүтээл бөгөөд тэрээр мөн “Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис Хаан” гэх бүтээлийг ч гаргасан “нөхөр”..энэхүү 2 бүтээл хоёулаа л цөөнгүй хэл дээр хэвлэгдсэн гэнэ. Тиймээс биднийг дажгүй сайхан суртчилаад өгсөн мэт санагдана.
Үнэндээ бол замд явж байхад “Монгол” гэхээр үүлгэртсэн нүдээр өмнөөс хардаг хэрнээ “Чингис” гэнгүүт “өө тийн…” гээд л дуу нь чангарах хүмүүстэй цөөнгүй таарч явсан болохоор энэхүү АГУУ хүнээр овоглож яваадаа бахархахгүй байхын аргагүй ээ…
За, би үнэндээ энэхүү бичвэрээр тэс ондоо зүйлийг хөндөх санаатай эхлүүлсэн юм ш дээ. Тэгэхээр одоо гол сэдэвтээ оръё.
Гэхдээ яах аргагүй энэ номтой холбоотой юм. Учир нь, номын 14-р нүүрнээс “…Монголчууд магадгүй түүхэнд хамгийн нууцлаг засаг төрийг удирдан явуулж байжээ. Тэд цөөн хэдэн тэмдэглэлийг монгол хэлээр бичиж хадгалж үлдээсэн бөгөөд аль ч эзлэгдсэн харьяат албатдаа монгол хэл сурахыг зөвшөөрдөггүй байлаа.” гэхийг уншаад сар гаруйхны өмнө Америкаар явж байхад тохиолдсон нэгэн явдлаа хуваалцмаар санагдав. Дамжуулан хэрэглэх ч боломжтой арга 😉
АНУ-аар 3 сар үргэлжлүүлсэн үүргэвчтэй аяллын маань төгсгөл дөхөж байсан үе. Энэ улсаар 90 орчим хоног явахдаа анх удаа дотоодын нислэг ашиглан Денверээс Чикаго хотоор дамжин зүүн эрэг рүү буцаж байгаа байдал. Гэтэл Нью Йоркт цаг агаарын таагүй байдалтай хэмээн Чикагод онгоц хойшлон хүлээж байснаа өөрийн хайхрамжгүйгээс онгоцноосоо бүр хоцроод өглөөний нислэгтэй болчихдог юм. 30-хан минут хойшилсныг тэсэн ядаж байсан хүн чинь 10 цаг гэнгүүт үнэхээр тэсвэр алдах мэт. Уг нь 2-хон цагийн нислэг ш дээ гэж бодохоор л дургүй хүрээд байв.
Гэхдээ яах вэ номынхоо ачаар нэгэн буянтай хүн гэртээ урьж сайхан хоол цайгаар дайлан, хэсэг амраагаад гаргасанд маш их баярласан. Тэгээгүй бол үнэн бүрхэг байсан юм.
Тэгээд өглөө нь Нью Йорк хотын LaGuardia онгоцны буудалд буугаад байрлах газар руугаа автобусдахаар болов. Очих газар Цэнтраль паркийн хажууханд нэгэн дэн буудал. Хоёр дугаарын автобусанд суух ёстой гэж бодон үүргэвчээ ачаанаас авчихаад гол хаалгаар гадагш гарах гэтэл хаалганы дэргэд тасалбар авдаг бололтой автомат машинууд эгнэсэн харагдлаа. Цааш гаран автобусны зогсоолд очтол хэдэд ирэх, хаашаа явах гээд цагийн хуваарь байхаас гадна “суухаасаа өмнө тасалбараа авна уу” гэсэн анхааруулга байна. Англи хэлийг бага сага гадарладаг л бол энэ улсад нийтийн тээврийн сүлжээний мэдээлэлжсэн байдал, ойлгомжтой, түргэн шуурхай үйлчилгээ зэрэг нь үнэхээр таалагдсан, өөлөх юмгүй сайхан..
Буцаж очоод нөгөө автомат машинаас нь тасалбар авах болтол жирийн иргэн, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн сонголтуудтай, тэгээд тэдгээр нь ялгаатай үнэтэй байхаар нь задгай зоосондоо тааруулан “хөгжлийн бэрхшээлтэй” гэх тасалбарыг нь авчихав.
Төд удалгүй автобусандаа ортол үнэндээ тоосон шинж алгаа, тэгэхээр нь “өө ийм байсан бол бүр авдаг ч үгүй байж” гэсэн шүү юм бодогдов.
Өглөө ид ачааллын үе байсан учраас нэлээн удаан ч явав, Нью Йорк хотын төрх байдал төсөөлж байсантай хээ огт нийлээгүйн улмаас сэтгэл ч жаахан гонсойчихов.
Тийнхүү явсаар нэгэн буудалд зогстол албаны хувцастай 3 хүн орж ирэн хүмүүсийн тасалбарыг шалгаж эхэллээ. Тэр байдлаас хэрэг нэг л бишидсэнийг ойлгон “сэтгэх” бодол зурсхийлээ. Яавч үнэнээ хэлж болохгүй тиймээс ээлж болонгуут нь нөгөөхөө үзүүлтэл “та яахаараа ийм тасалбар авсан юм бэ?” гэхээр нь огт ойлгохгүй байгаа царайлан “яахав дээ ганц удаа ш дээ, гайгүй биз дээ яавал гэж…” зэргээр бараг л “сонин юу байна хөгшөөн” маягаар Монгол хэлээрээ дуржигнуултал “заа хүлээж бай” гээд цааш эргэн нөгөө 2-тоо “энэ эмэгтэй тасалбараа буруу авчихаж бас юу ч хэлээд байгаа нь ойлгох юм алга” гэж дуулдав. Удсан ч үгүй буугаад явцгаачихав. Буусных нь дараа үнэхээр тэсэлгүй инээд алдчихсандаа ойр суусан хүмүүсээс санаа зовсхийн гэмгүй царайлан цонхоор ширтсэн гэж байгаа.
Хэрвээ би ийм арга хэрэглэлгүй “Ваат?” гээд л эхэлсэн бол төгсгөл нь ямар байхыг таашгүй, тэд чинь заримдаа зэвүүнээ ш дээ..тиймээс хаа явсан газартаа тохирох аргыг нь хэрэглэх нь зүйтэй. 
Өмнө нь мөн нэг найздаа “унаган англи хэлтэй бол амар байхгүй юу…” хэмээн гомдоллох янзтай хэлтэл тэрээр “цөөнх байна гэдэг бол давуу талтай, жишээ нь одоо бид 2-ын хоорондоо эх хэлээрээ ярьж байгааг хэн ч ойлгохгүй ш дээ харин эд нарт тийм эрх чөлөө байхгүй” гэж билээ. Ёстой л үнэн хэлсэн байгаан.
Тиймээс эх хэл, элгэн нутаг, эжий аав шиг минь үнэт зүйлс ховор юм даа.

Хэрхэн тань шиг болох вэ?

Сүүлийн үед “хэрхэн тань шиг болох вэ?”, “яавал ингэж аялах вэ?” гэх асуултууд цөөнгүй ирэх боллоо. Олон хүмүүсийн ирэхийг хүсдэг Америкаар нь жаргаж яваа мэт харагдаад байгаа болохоор тэр юм болов уу…гэтэл урьд нь Зүүн Өмнөд Азийн орнуудаар явж байхдаа дийлэнхдээ “болгоомжтой” гэж сонсдог байлаа. Ингээд харахаар хандлагын ялгаа асар их байгаа биз..гэвч муу юм тохиолдохоо хүрвэл хаана ч, бүр гэртээ байсан ч ороод ирнэ гэж боддог. Тэгэхээр сайн ч тэр, саар нь ч тэр аливаа зүйл “цаг нь болох” гэх зарчимтай мэт санагддаг.

Миний ийнхүү аялаад байгаа ч гэсэн тэр цаг нь болсонтой холбоотой байх аа. Нэгэн номонд үүнийг бүр “10000 цагийн дүрэм” гээд тайлбарлачихсан байсан. 5, 10, бүр 20-н мянган цаг байлаа ч гэсэн гол санаа нь бол мөрөөдөл, зорилгодоо үнэнч, тууштай, тэвчээртэй байхыг л илэрхийлсэн нь ойлгомжтой.

Дээрх над шиг болох тухай асуултанд бүрэн дүүрэн хариулах үнэхээр боломжгүй билээ. Яагаад? гэхээр бид бүгд харилцан адилгүй шүү дээ. Адил байх ч албагүй. Тиймээс бүгдээрээ аялна, аялах ёстой гэж бодохгүй байна. Замд таарсан ихэнх хүмүүс “анхны Монгол, та нар яагаад аялдаггүй юм бэ?” гэхээр нь тоглоом шоглоом болгон “бид дэндүү цөөхүүлээ 3-хан сая, хэрвээ бүгд аялвал хэн нь улс эх орноо авч явах юм бэ., би ажилгүй учраас л ингэж яваа” гэж хэлдэг.

Харин, долоон сар ганцаарчилсан үүргэвчтэй аялал хийсэн туршлагаасаа ганцхан зүйлийг баттай хэлж чадахаар болсон. Тэр нь иймэрхүү урт хугацааны аяллыг ганцаараа, ялангуяа залуу насандаа (30 хүрэхээсээ өмнө) хийх нь өөрийгөө таньж мэдэх, нээх, олох хамгийн шилдэг арга байна. Тиймээс 12-р ангиа төгсөөд чадахгүй юмаа гэхэд их сургуулиа төгсөнгүүтээ үүргэвчээ үүрээд гардаг байвал их зүгээр. Ийм шийдвэрт хүрэхэд тодорхой хэмжээний санхүүгийн боломж шаардагдах нь мэдээж. Гэвч, хүсэл эрмэлзлэл байхад “мөнгө” бол нэн тэргүүнд тавигдах чухал эд биш ээ.

Мөн дараагийн нэг асуудал нь “хэл муутай яах уу?” гэдэг. Арван жилд үзсэн харь хэл болоод хүн бүрт заяагддаг байгалийн хэлэндээ итгэлгүй байгаа бол майхан саваа бэлдэж аваад, үүргэвчээ үүрэн Баян-Өлгий аймаг ороод үз. Хоёр, гурван хоног автобус юмуу микрогоор эсвэл 20, 30 хоног алхсан ч таны сонголт. Мөн унаа унаа дамжин явсаар Хөвсгөлийн тайгад очоод цаатан иргэдийн аж амьдралтай танилцаадах. Тэгээд ийнхүү хамгийн хямд гарцуудыг хайн нутгийн хүмүүсийн арга эвийг олох байдлаар ингэж явах таалагдвал, дахин иймэрхүү маягаар явахыг хүсэж байвал хаашаа ч явсан асуудалгүй л гэсэн үг.

Аялагч, жуулчин хоёр бол ялгаатай ойлголт, хэв маяг. Ялангуяа урт хугацааны үүргэвчтэй аялал хийхэд үргэлж “бүсээ чангалж” явна, нөгөөтэйгүүр байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд байх шаардлагатай тун хариуцлагатай “сайн дурын алба” гэж болохоор.. Дарсан зурагнууд шигээ байнга сайхан байдаггүй л дээ. Сайхан ч тал бий, саар ч бэрхшээлүүд зөндөө. Гэхдээ хамгийн гол нь хувь хүн өөрөө үүнийг хүсэж байна уу, үгүй юу гэдгээс л шалтгаалдаг.

Түүнчлэн, “аюултай юу?”, “би чадах болов уу?”, “тийшээ яаж явах уу?”,очоод юу хийх үү?” зэрэг асуултууд тавьж байгаа нөхдүүдийг “арай л болоогүй байна даа” гэж дүгнэдэг.

“АЮУЛТАЙ ЮУ?” гэж асууж байгаа бол сэтгэл зүйн хувьд замд гарахад бэлэн болоогүй байнаа гэсэн үг. Дотоод хүн бэлэн болоогүй тохиолдолд юу ч тохиолдсон бэрхшээл юм шиг л санагдана. Харин зүрх сэтгэл 100% зөвшөөрсөн үед ямар ч саад бэрхшээл тулгарлаа гэсэн даваад л гардаг.

Ер нь хүн бүр өөр өөрийн гэсэн гүйцэтгэх “гэрийн даалгавар”-тай энэ хорвоод илгээгддэг мэт санагддаг. Тиймээс, миний ийнхүү яваад байгаа нь хүртэл би үүнийг хийхэд зориулагдсандаа юм болов уу гэж баярладаг. Яагаад гэхээр өөрийн мөн чанар, сонирхол, өдийг хүртэл явсан замналаа эргээд харахад Стив Жобсын хэлдэг шиг тодорхой цэгүүд холбогдсон байдаг юм.

Тэгэхээр бид бүгдээрээ “үүргэвч үүрсэн аялагч” гэж бодохгүй байна. Харин хүн бүр өөрийнхөө хийж гүйцэтгэх, бүтээх ёстой даалгаврыг олох нь л чухал.

Тиймээс “хэрхэн тань шиг болох вэ?” гээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд над шиг болох албагүй, болох ч боломжгүй. Бид бүгд дахин давтагдашгүй учраас хамгийн чухал нь “өөрийгөө ол” гэж хэлмээр байна.

Гэхдээ,

Амьдрал бол АЯЛАЛ…

Төлөвлөж дууслаа…

За, өнөөдөр 4 дүгээр сарын 3-ны өглөө 7 цаг өнгөрч байна. Одоо миний байгаа газар Тексас мужийн Хюьстон хот, харин 9-өөс дараагийн газар болох Оостин (Austin) хотруу хөдөлнө. Явахаасаа өмнө нэг бичлэг оруулчих гээд жаахан яарсан байдалтай.

Аяллаа дуусган гэрийн зүг хүлгийн жолоо залахад 4-хөн долоо хоногийн хугацаа үлджээ.

Нэг сонирхолтой нь 2 жилийн өмнөх яг энэ өдөр ЗӨА-ийн аяллаа дуусгаад гэртээ ирж байлаа. Цаг хугацаа ч харваж байна шүү…

Дөнгөж сая үлдсэн сар хүрэхгүйн хугацаанд хаана очиж, хаагуур явахаа бүрэн шийдэж, бүх унааныхаа тасалбаруудыг захиалчихлаа. Гол учир нь ахаас мөнгө ирсэн юм л даа. Сүүлд долларын ханш буугаад байгаан байшдээ..“өсөхөөр нь авна” гэлээ тэгэхээр “буугаад байгаасаа л” гэж бодож байя, хэхэ.

Ер нь хаа ч явсан унаанд л ихэнх төсөв явчихдаг. Гэхдээ энд арай л үнэтэй санагдаж байна. Цаг хугацаа нь тулчих юмуу, тасалбараа бэлэн мөнгөөр төлж авах гэвэл бүр ч үнэтэй болчихно. Тиймээс тав, арван доллар ч гэсэн хэмнэчих гээд эрт захиалчихаар жаахан баригдмал байдалтай. Сайхан санаа орж ирээд явах хугацаагаа хойшлуулах эсвэл чиглэлээ өөрчлөх гэхэд бараг боломжгүй талдаа…“манайх шиг өглөө нь очиж бичүүлээд л суучихдаг бол” гэх эрх чөлөөгөө заримдаа үгүйлэх..

За а, ийнхүү доорх байдлаар 4 сарын сүүл хүртэл яваад Нэгдсэн улсыг орхиж төрөлх тив рүүгээ ниснэ дээ.

Тексас мужийн Оостин, Эл Пэсо, Нью Мексико мужийн Албукүркү, Сэнта Фэ, Колорадо мужийн Денвер, Нью Йорк мужийн Нью-Йорк хот, тэгээд АНУ-ын нийслэлд төгсгөлийн цэгээ тавина.

20170403_070516.jpg

Энэ хооронд Оостин болон Албукүркү-д цөөн хэд хоногийн сайн дурын ажил хийх байгаа. Тухайлбал, өнөөдөр Оостин хотоос цаг гаруй машинаар явах зайд байх хэдэн тахиа шувуу, морьтой айлд очно. Angie, Ron гэсэн нэртэй хүмүүс байх шиг байгаан юутай ч кодыг нь биччихье 22107.

Хүүе ээ, үг олдож үхэр холдлоо унаанаасаа хоцрох нь гэж дахин сандран гүйхийг хүсэхгүй байна өө, хөдлөх минь…

Зөн совин

Луйзана мужийн Нью Орлиэнс хотыг “гоё газар шүү..” гэхийг цөөнгүй хүнээс сонссон болохоор төлөвлөгөөндөө багтаан, 3 хоногийг өнгөрүүлэхээр автобусны тасалбараа нэлээн эрт захиалчихаад байв. Унаагаа шийдчихсэн тохиолдолд дараагийн зохицуулах гол асуудал болох хоноглох айлаа хайлаа. 7 хоногийн өмнөөс эхлэн каучсөрфингээр 10 гаруй хүмүүс рүү хүсэлт явуулсан боловч нааштай хариу огт ирэхгүй байлаа. Завгүй, боломжгүй, аялж яваа, хотоос гадагш гарна гээд бүгд татгалзсан байдалтай.

Тэгэхээр нь фэйсбүүкд хүртэл зар орууллаа. Гэсэн ч найдвар байдаггүй ээ.

Хамгийн гол нь энэ аяллынхаа туршид зөвхөн айлаар хоноглоно гээд нэг төрлийн “амлалт”, “сорилт” гэмээр зүйлийг бодчихсон яваа учраас хэрвээ хэн нэгнээс хариу ирэхгүй бол тэгээд мөнгө төлдөг газар гэхээр хэлсэндээ хүрэхгүй мэт санагдан дахин ганц нэг хүн рүү хүсэлт явуулав.

Харин өчигдөр өглөө замд гарахын өмнөхөн нэг хүнээс “Манайд байрлаж болно. Харин манайх олон нохойтой, мөн зориулалтын шүршүүр байхгүй шланкаар усанд ордог.” гэсэн хариуг ирүүлсэн байв.

Зөвшөөрсөн хариу нь сайхан сонсогдсон ч “шланкыг шүршүүр болгож хэрэглэдэг”  гэдэг нь “за энэ чинь хэн болж таарав, өмнөх байрласан хүмүүсийн сэтгэгдэл ямар байна” гэх зэргээр жаахан лавшруулан харахад хүргэв. Гэтэл хангалттай мэдээлэл байдаггүй ээ. Иймэрхүү ямар ч сэтгэгдэлгүй байна гэдэг бол нэг талаас өмнө нь надаас өөр хүн хоноогүй, эсвэл хүмүүсийн сэтгэлд огт хүрээгүй гэсэн үг юм.

Каучсөрфингөөс айл сонгоход урьд нь хоноглоод явсан хүмүүсийн сэтгэгдэл маш чухал байдаг. Би өөрөө хотод гэртээ байхдаа иймэрхүү аялагчдыг хонуулаад гаргадаг байсан болохоор аль аль талаас нь сайн мэднэ. Манайх хотын төвөөс жаахан зайтай гэр хороололд учраас тэдгээр хүмүүсийн ихэнх нь байршилд ач холбогдол өгөлгүйгээр зөвхөн өмнөх хоногчдын үлдээсэн сэтгэгдлээр ирцгээсэн байдаг байв. Тэгээд ч аялагчид гэдэг аливаа зүйлийг хар, цагаантай нь шууд хэлдэг, бичдэг нөхдүүд явдаг болохоор бодит байдлаас тийм ч зөрүүтэй байдаггүй юм. Тиймээс ганц ч сэтгэгдэлгүй тэр хүнийг гайхлаа, хэсэг эргэлзэв.

Гэтэл, энэ нь 10 гариу хүний дотроос анхны нааштай хариу байхын зэрэгцээ нэг л сонин өөр амьдралын хэв маяг мэт санагдсан тул сониуч зандаа хөтлөгдөн “Өө асуудалгүй, хүлээн авсанд баярлалаа.”  гээд хаягийг нь авчихав. Өгсөн хаягийг нь гүүглийн газрын зурагт оруулаад хартал хотын төвөөсөө нэлээд зайтай юм аа, автобусаар 30 орчим минут яваад суухдаа ч тэр, буугаад ч тэр хэсэг алхах зайд гэж харагдлаа.

Флорида мужийн Орлэндо хотоос энэ Нью Орлиэнс хот хүртэл бараг 30-аад цаг явж ирэв. Бушуухан л бууж алхах юмсан гэх хүсэл дүүрэн…

Тэгээд, автобусны буудлаас гарахаасаа өмнө 00 орж бие харагдсан бариу өмдөө жинсээр, углаашаа пүүз болгон өмслөө. Мөн хотын төвөөс зайтай газарт очих тул нэг хүрчихвэл гарахгүй байх магадлал өндөр гэж бодон ходоодоо ч хүртэл баярлуулав.

Гэвч, нэг л сонин мэдрэмж, ямар газар очих бол гэж бодохоор л…тийнхүү бодох тусам гоё санагдахгүй нь хачирхалтай. Өмнө нь ийм мэдрэмж огт төрж байгаагүй учраас сонин байлаа. Тэгээд жаахан сууж байгаад Миззури мужийн Сант Луйс-д амьдардаг найз руугаа “ийм айлд байрлах гэж байгаа юмаа гэтэл нэг л сонин санагдаад болдоггүй ээ юутай ч чамруу хэлье гэж бодлоо, тэгээд очоод ямархуу байгаагаа мэдэгднээ” гээд нэр, хаяг, утсыг нь үлдээчихэв. “127 цаг” кинонд гардаг залуу шиг гэж бодсон хэрэг.

Өмнө нь Мэйни мужийн Портлэнд хотод анхны айлдаа очихдоо л хамт явсан найзын маань нөхөр нь юу магад вэ гээд утас, хаягийг нь авч байснаас бус ийм тохиолдол гараагүй явлаа.

Хувцсаа сольчихсон, гэдэс дүүрэн, найздаа хэлчихсэн гээд юу ч тохиолдсон бүрэн хамгаалалттай аятай автобусны буудал руу алхлаа. Газрын зурагт хаанаас, хаа хүрэхээ сануулчихсан болохоор амар, дор нь олоод очив.

Буудалд автобусаа хүлээсэн аятай нүүрэндээ зөөлөн инээмсэглэл тодруулан зогсох энэхүү эмэгтэйд хаягаа үзүүлтэл “өө, би яг наад буудал дээр чинь буудаг юм надтай хамт яв” гэлээ. Санаа амрах шиг сайхан дотно мэдрэмж…

20170329_184049 (2).jpg

Одоо нэгэнт энэ хүнд найдчихсан болохоор автобусны цонхоор орчин тойрноо ажигласан шиг тааваараа явлаа. Урагшлах тусам замын хажуугаар цонх хаалга нь онгорхой байшин сав, эвдэрч унасан хашаа сараалж, цаашлах тусмаа хэд гурваараа хэлхэлдсэн хар бараан царайтай хүмүүс гээд “би хаана ирчихэв ээ?” гэж өөрийн эрхгүй гайхмаар орчин…

Гэтэл ийнхүү нурж эвдэрсэн байшин барилга нь 11 жилийн өмнө тохиолдсон байгалийн гамшиг буюу “Катарина” хар салхины үр дүн байхад, энд тэнд бөөгнөрөх хүмүүс болоод автобусны зорчигчид дунд ганцаараа цайвар царайтай байсан нь харуудын амьдардаг төвлөрсөн цэг рүү орж байжээ. Тэд надруу, би тэдэн рүү харсан байдалтай.

Автобуснаас нөгөө эмэгтэйтэйгээ (Марси) хамт буулаа. Охиноо сургуулиас нь авсан бололтой өөр нэгэн өнгөт арьстай эмэгтэй таарлаа, яриаг нь сонсоход бие биенээ сайн таньдаг хөршүүд бололтой, цаашлах тусам хөгжим хангинуулсан суудлын тэрэгнүүд энд тэнд зогсчихсон, өмд нь шувтрах алдсан, хүзүүндээ элдэв төрлийн гинжтэй, гиюүрсэн царайтай тамхи татсан залуучууд гайхсан, сониучирхсан нүдээр угтаж үдэн нэг л таагүй.

Өмнө нь найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ “харууд амьдардаг газар очоод дэмий” гэж сонссоноос биш ингээд дотор нь явж байгаагүй болохоор үнэхээр сонин байлаа. Эвгүйцмээр “сонин” гэсэн үг.

Хэсэг явж байгаад Марси “манайх энэ би гэрээрээ дайрч юмаа тавьчихаад чамайг хүргээд өгье” гэж хэлэнгүүт дотор уужрах шиг болов.

Гүүглийн газрын зурагт зааж буйгаар алхсаар Марсийнхаас 20 орчим минут явах зайд хүрээд очлоо. Гэрэл чийдэнгийн бараа харагдахгүй 2 давхар хуучны байшин, гадна нь жижиг оврын автобус байна, гадуурх намхавтар модон хашаа нь зэв болсон сараалжин төмөр хаалгатай.

“Ээ бурхан минь!” гээд Марсийн царайны өнгө хувирангуут “яанаа!” гэж бодон дотор эвгүй болсон ч “та наанаа зогсож байх уу? би хаалгыг нь тогшьё” гэхэд “тэгээ би хаашаа ч явахгүй ээ” гэлээ.

Ороод хаалгыг нь тогшлоо ямар ч чимээ гардаггүй, нэлээн чанга нүдлээ хариу алгаа. Тийнхүү зогсож байхад нэг сонирхолтой юм ажиглагдсан нь хаалгыг чанга нүдэх тусам миний зүрх тэр хэрээр хүчтэй цохилоод байлаа. Хаалганых нь цоорхойгоор хартал нэлээн эд хогшил харагдах ч ундуй сундуй байдалтай. “Хүн байна уу?” гээд жаахан чангаар хэлтэл хаанаас ч юм гэнэт нэг том нохой давхиад ирэв. Тэгтэл, Марси цаанаас “ямар аймаар юм бээ хурдан явъя явъя” гэх дуулдлаа. Нэг байтугай хэд хэдэн нохойтой гэдгийг ирүүлсэн зурвасаас нь мэдсэн болохоор харайж цоройлоод гар хуруу долоох нь ядаргаатай байхаас тийм ч цочирдсонгүй. Харин Марси нохойноос их айдаг бололтой “Бурхан минь, ямар аймаар юм бээ” л гэсээр байв.

Тэгээд гарах гэтэл хаалга онгойвол л гарчих байдалтай намайг ээрээд байхаар нь үүргэвч цүнхээ буулган хөнгөрч аваад ганцаараа тэндээс сугарах арга сүвэгчлэв. Амжилттай шүү!

20170329_193244.jpg

Ямар аймаар юм бэ..би чамайг ийм газар үлдээж чадахгүй. Эх хүний зөн гэж байдаг юм.” хэмээн Марси гуайг хэлэхэд тэгж хэлэхийг нь хүлээж байсан мэт санаа амрах шиг болов.

Эргэх замдаа “энэ юун хүн болохыг асууя” гээд замын нөгөө талд холгүй байх нэгэн байшингаас хүн гарч ирэхээр нь ингэлээ ингэлээ гээд “тэнд амьдардаг хүнийг таних уу?” гэтэл цаанаас охин нь болвуу гэмээр нэгэн эмэгтэй “ямар ч байсан 3 залуу амьдардаг гэхдээ юу хийдгийг нь мэдэхгүй”  гэхээр нь “ёоо ямар азаар хүнгүй үеэр нь таарч ирэв ээ” бушуухан холдох минь гэж бодогдов. Марси ч гэсэн үнэхээр цочирдсон шинжтэй “Бурхан минь!” гэхээс өөр зүйл хэлэхгүй явлаа. Буцаад хэсэг алхаж байгаад тэрээр “хамт ажилладаг хүн маань зарим өрөөгөө хүмүүст хөлслүүлдэг гэж дуулдсан асуугаадахъя” гээд ярьлаа. Утасны цаанаас сонсогдох ярианаас AIRBNB буюу аялагчид очсон газартаа айлын байрыг богино хугацаанд түрээслэн байрладаг тэр хэлбэр болохыг мэдэв. Дэн буудалтай харьцуулахад хамаагүй үнэтэй л дээ. Ер нь хосоороо яваа хүмүүст илүү тохиромтой юмуу гэж санагддаг байснаас биш өмнө нь хэрэглэж үзээгүй.

Тийнхүү тэр 2 хоорондоо ярьж байгаад хоногийн 50 гэхээр нь “надад дахиад сар гаруй замд явах хугацаа үлдсэн болохоор жаахан үнэтэй байна” гэтэл дахиад жаахан ярилцаж байгаад 3 хоногийн 100-д гэж тохиролцов. Төлөвлөж явснаас илүү гэнэтийн зардал гарсан ч гэлээ юу ч тохиолдож болох байсан тэр бүрхэг байдлаас гарц олж өгөн, чин сэтгэлээсээ тусалж байгаа сайхан сэтгэлтэй энэхүү эмэгтэйд талархахаас өөр юм бодогдохгүй байсан, үнэндээ..тэгээд намайг ирж авахаар болов. Тэр хооронд гэрт ирэн ойр зуурын зүйлс ярилцан жаахан суув.

12 хүүхэдтэй айлын дундах, өөрөө 3 хүү төрүүлсэн “АЗ ЖАРГАЛ” бол гэр бүл гэх энэ сайхан эмэгтэйд баярласан сэтгэлийн өчүүхэн илэрхийлэл болгон Казак найзаасаа авчирсан хэдэн цүнхнээс ганц үлдээд байсныгаа өгөхөд “Хувь заяа гэж байдаг юм аа, би өнөөдөр ажлаа тарчихаад өөр тийшээ явах гэж байснаа гэнэт больчихсон тэгэхээр чамтай л таарах гээд байсан байна.” гэх ээж шигээ насны хүнтэй ярилцах үнэхээр сайхан байсан.

20170329_201601.jpg

“Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” гэх зүйр үгийн адил хар бор царайтай хүн бүр олиггүй, цадиггүй биш юм гэдгийг ингэж биеэрээ мэдрэв.

20170329_204754 (1).jpg

Өмнөх хоноглосон айлууд болоод харьцаж байсан хүмүүс бүгдээрээ цагаан цайвар төрлийнхөн байсан учраас өнөөдөр ийм зүйл тохиолдож дахин нэг шинэ зүйлийг ойлгож ухаарах цонх нээгдсэнд баяртай байна.

Байрлах газраа төвхнөчихөөд “ийм газар очих нь ээ” гээд бичсэн нөгөө найздаа болсон бүх явдлаа хэлтэл нөхөр нь тус газрыг хаягаар нь хайж үзээд “харуудын амьдардаг болохгүй бүтэхгүй бүхэн тохиолдож байдаг аюултай газар байсан байна” гэдэг байгаа.

Юутай ч ойрд шинэчлээгүй явсан блогтоо ийм урт бичлэг оруулах сэдлийг төрүүлж өгсөн үл мэдэгдэх тэр залуу болоод бороо асгасан энэ өдөр тухтай орчинд дуртай зүйлээ хийх боломжоор хангасан энэ 2 хүнд маш их талархаж сууна.

Амьдрал бол АЯЛАЛ, АДАЛ ЯВДАЛ шүү дээ…