Гоё арга зааж өгье ;)

Зуны ажил-аялал эхлээд хөдөө хээр их явж байгаагаас шалтгаалан эндээ тухтайхан ч бичвэр оруулалгүй тун чиг уджээ..
Сонгууль далимдуулж хөдөөнөөс ирчихээд гадаах халуунд тээрэн хэвтэж байх зуураа аль 2014 онд ЗӨА-ийн аялалд гарахдаа л цүнхэлж яваад замаасаа буцааж байсан номоо дахин барьж авлаа.
Энэ бол “Монголын их хатдын нууц товчоо” гэх ном. Жак Уэтерфорд хэмээх эрдэмтний бүтээл бөгөөд тэрээр мөн “Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис Хаан” гэх бүтээлийг ч гаргасан “нөхөр”..энэхүү 2 бүтээл хоёулаа л цөөнгүй хэл дээр хэвлэгдсэн гэнэ. Тиймээс биднийг дажгүй сайхан суртчилаад өгсөн мэт санагдана.
Үнэндээ бол замд явж байхад “Монгол” гэхээр үүлгэртсэн нүдээр өмнөөс хардаг хэрнээ “Чингис” гэнгүүт “өө тийн…” гээд л дуу нь чангарах хүмүүстэй цөөнгүй таарч явсан болохоор энэхүү АГУУ хүнээр овоглож яваадаа бахархахгүй байхын аргагүй ээ…
За, би үнэндээ энэхүү бичвэрээр тэс ондоо зүйлийг хөндөх санаатай эхлүүлсэн юм ш дээ. Тэгэхээр одоо гол сэдэвтээ оръё.
Гэхдээ яах аргагүй энэ номтой холбоотой юм. Учир нь, номын 14-р нүүрнээс “…Монголчууд магадгүй түүхэнд хамгийн нууцлаг засаг төрийг удирдан явуулж байжээ. Тэд цөөн хэдэн тэмдэглэлийг монгол хэлээр бичиж хадгалж үлдээсэн бөгөөд аль ч эзлэгдсэн харьяат албатдаа монгол хэл сурахыг зөвшөөрдөггүй байлаа.” гэхийг уншаад сар гаруйхны өмнө Америкаар явж байхад тохиолдсон нэгэн явдлаа хуваалцмаар санагдав. Дамжуулан хэрэглэх ч боломжтой арга 😉
АНУ-аар 3 сар үргэлжлүүлсэн үүргэвчтэй аяллын маань төгсгөл дөхөж байсан үе. Энэ улсаар 90 орчим хоног явахдаа анх удаа дотоодын нислэг ашиглан Денверээс Чикаго хотоор дамжин зүүн эрэг рүү буцаж байгаа байдал. Гэтэл Нью Йоркт цаг агаарын таагүй байдалтай хэмээн Чикагод онгоц хойшлон хүлээж байснаа өөрийн хайхрамжгүйгээс онгоцноосоо бүр хоцроод өглөөний нислэгтэй болчихдог юм. 30-хан минут хойшилсныг тэсэн ядаж байсан хүн чинь 10 цаг гэнгүүт үнэхээр тэсвэр алдах мэт. Уг нь 2-хон цагийн нислэг ш дээ гэж бодохоор л дургүй хүрээд байв.
Гэхдээ яах вэ номынхоо ачаар нэгэн буянтай хүн гэртээ урьж сайхан хоол цайгаар дайлан, хэсэг амраагаад гаргасанд маш их баярласан. Тэгээгүй бол үнэн бүрхэг байсан юм.
Тэгээд өглөө нь Нью Йорк хотын LaGuardia онгоцны буудалд буугаад байрлах газар руугаа автобусдахаар болов. Очих газар Цэнтраль паркийн хажууханд нэгэн дэн буудал. Хоёр дугаарын автобусанд суух ёстой гэж бодон үүргэвчээ ачаанаас авчихаад гол хаалгаар гадагш гарах гэтэл хаалганы дэргэд тасалбар авдаг бололтой автомат машинууд эгнэсэн харагдлаа. Цааш гаран автобусны зогсоолд очтол хэдэд ирэх, хаашаа явах гээд цагийн хуваарь байхаас гадна “суухаасаа өмнө тасалбараа авна уу” гэсэн анхааруулга байна. Англи хэлийг бага сага гадарладаг л бол энэ улсад нийтийн тээврийн сүлжээний мэдээлэлжсэн байдал, ойлгомжтой, түргэн шуурхай үйлчилгээ зэрэг нь үнэхээр таалагдсан, өөлөх юмгүй сайхан..
Буцаж очоод нөгөө автомат машинаас нь тасалбар авах болтол жирийн иргэн, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн сонголтуудтай, тэгээд тэдгээр нь ялгаатай үнэтэй байхаар нь задгай зоосондоо тааруулан “хөгжлийн бэрхшээлтэй” гэх тасалбарыг нь авчихав.
Төд удалгүй автобусандаа ортол үнэндээ тоосон шинж алгаа, тэгэхээр нь “өө ийм байсан бол бүр авдаг ч үгүй байж” гэсэн шүү юм бодогдов.
Өглөө ид ачааллын үе байсан учраас нэлээн удаан ч явав, Нью Йорк хотын төрх байдал төсөөлж байсантай хээ огт нийлээгүйн улмаас сэтгэл ч жаахан гонсойчихов.
Тийнхүү явсаар нэгэн буудалд зогстол албаны хувцастай 3 хүн орж ирэн хүмүүсийн тасалбарыг шалгаж эхэллээ. Тэр байдлаас хэрэг нэг л бишидсэнийг ойлгон “сэтгэх” бодол зурсхийлээ. Яавч үнэнээ хэлж болохгүй тиймээс ээлж болонгуут нь нөгөөхөө үзүүлтэл “та яахаараа ийм тасалбар авсан юм бэ?” гэхээр нь огт ойлгохгүй байгаа царайлан “яахав дээ ганц удаа ш дээ, гайгүй биз дээ яавал гэж…” зэргээр бараг л “сонин юу байна хөгшөөн” маягаар Монгол хэлээрээ дуржигнуултал “заа хүлээж бай” гээд цааш эргэн нөгөө 2-тоо “энэ эмэгтэй тасалбараа буруу авчихаж бас юу ч хэлээд байгаа нь ойлгох юм алга” гэж дуулдав. Удсан ч үгүй буугаад явцгаачихав. Буусных нь дараа үнэхээр тэсэлгүй инээд алдчихсандаа ойр суусан хүмүүсээс санаа зовсхийн гэмгүй царайлан цонхоор ширтсэн гэж байгаа.
Хэрвээ би ийм арга хэрэглэлгүй “Ваат?” гээд л эхэлсэн бол төгсгөл нь ямар байхыг таашгүй, тэд чинь заримдаа зэвүүнээ ш дээ..тиймээс хаа явсан газартаа тохирох аргыг нь хэрэглэх нь зүйтэй. 
Өмнө нь мөн нэг найздаа “унаган англи хэлтэй бол амар байхгүй юу…” хэмээн гомдоллох янзтай хэлтэл тэрээр “цөөнх байна гэдэг бол давуу талтай, жишээ нь одоо бид 2-ын хоорондоо эх хэлээрээ ярьж байгааг хэн ч ойлгохгүй ш дээ харин эд нарт тийм эрх чөлөө байхгүй” гэж билээ. Ёстой л үнэн хэлсэн байгаан.
Тиймээс эх хэл, элгэн нутаг, эжий аав шиг минь үнэт зүйлс ховор юм даа.
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s