Хэрхэн тань шиг болох вэ?

Сүүлийн үед “хэрхэн тань шиг болох вэ?”, “яавал ингэж аялах вэ?” гэх асуултууд цөөнгүй ирэх боллоо. Олон хүмүүсийн ирэхийг хүсдэг Америкаар нь жаргаж яваа мэт харагдаад байгаа болохоор тэр юм болов уу…гэтэл урьд нь Зүүн Өмнөд Азийн орнуудаар явж байхдаа дийлэнхдээ “болгоомжтой” гэж сонсдог байлаа. Ингээд харахаар хандлагын ялгаа асар их байгаа биз..гэвч муу юм тохиолдохоо хүрвэл хаана ч, бүр гэртээ байсан ч ороод ирнэ гэж боддог. Тэгэхээр сайн ч тэр, саар нь ч тэр аливаа зүйл “цаг нь болох” гэх зарчимтай мэт санагддаг.

Миний ийнхүү аялаад байгаа ч гэсэн тэр цаг нь болсонтой холбоотой байх аа. Нэгэн номонд үүнийг бүр “10000 цагийн дүрэм” гээд тайлбарлачихсан байсан. 5, 10, бүр 20-н мянган цаг байлаа ч гэсэн гол санаа нь бол мөрөөдөл, зорилгодоо үнэнч, тууштай, тэвчээртэй байхыг л илэрхийлсэн нь ойлгомжтой.

Дээрх над шиг болох тухай асуултанд бүрэн дүүрэн хариулах үнэхээр боломжгүй билээ. Яагаад? гэхээр бид бүгд харилцан адилгүй шүү дээ. Адил байх ч албагүй. Тиймээс бүгдээрээ аялна, аялах ёстой гэж бодохгүй байна. Замд таарсан ихэнх хүмүүс “анхны Монгол, та нар яагаад аялдаггүй юм бэ?” гэхээр нь тоглоом шоглоом болгон “бид дэндүү цөөхүүлээ 3-хан сая, хэрвээ бүгд аялвал хэн нь улс эх орноо авч явах юм бэ., би ажилгүй учраас л ингэж яваа” гэж хэлдэг.

Харин, долоон сар ганцаарчилсан үүргэвчтэй аялал хийсэн туршлагаасаа ганцхан зүйлийг баттай хэлж чадахаар болсон. Тэр нь иймэрхүү урт хугацааны аяллыг ганцаараа, ялангуяа залуу насандаа (30 хүрэхээсээ өмнө) хийх нь өөрийгөө таньж мэдэх, нээх, олох хамгийн шилдэг арга байна. Тиймээс 12-р ангиа төгсөөд чадахгүй юмаа гэхэд их сургуулиа төгсөнгүүтээ үүргэвчээ үүрээд гардаг байвал их зүгээр. Ийм шийдвэрт хүрэхэд тодорхой хэмжээний санхүүгийн боломж шаардагдах нь мэдээж. Гэвч, хүсэл эрмэлзлэл байхад “мөнгө” бол нэн тэргүүнд тавигдах чухал эд биш ээ.

Мөн дараагийн нэг асуудал нь “хэл муутай яах уу?” гэдэг. Арван жилд үзсэн харь хэл болоод хүн бүрт заяагддаг байгалийн хэлэндээ итгэлгүй байгаа бол майхан саваа бэлдэж аваад, үүргэвчээ үүрэн Баян-Өлгий аймаг ороод үз. Хоёр, гурван хоног автобус юмуу микрогоор эсвэл 20, 30 хоног алхсан ч таны сонголт. Мөн унаа унаа дамжин явсаар Хөвсгөлийн тайгад очоод цаатан иргэдийн аж амьдралтай танилцаадах. Тэгээд ийнхүү хамгийн хямд гарцуудыг хайн нутгийн хүмүүсийн арга эвийг олох байдлаар ингэж явах таалагдвал, дахин иймэрхүү маягаар явахыг хүсэж байвал хаашаа ч явсан асуудалгүй л гэсэн үг.

Аялагч, жуулчин хоёр бол ялгаатай ойлголт, хэв маяг. Ялангуяа урт хугацааны үүргэвчтэй аялал хийхэд үргэлж “бүсээ чангалж” явна, нөгөөтэйгүүр байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд байх шаардлагатай тун хариуцлагатай “сайн дурын алба” гэж болохоор.. Дарсан зурагнууд шигээ байнга сайхан байдаггүй л дээ. Сайхан ч тал бий, саар ч бэрхшээлүүд зөндөө. Гэхдээ хамгийн гол нь хувь хүн өөрөө үүнийг хүсэж байна уу, үгүй юу гэдгээс л шалтгаалдаг.

Түүнчлэн, “аюултай юу?”, “би чадах болов уу?”, “тийшээ яаж явах уу?”,очоод юу хийх үү?” зэрэг асуултууд тавьж байгаа нөхдүүдийг “арай л болоогүй байна даа” гэж дүгнэдэг.

“АЮУЛТАЙ ЮУ?” гэж асууж байгаа бол сэтгэл зүйн хувьд замд гарахад бэлэн болоогүй байнаа гэсэн үг. Дотоод хүн бэлэн болоогүй тохиолдолд юу ч тохиолдсон бэрхшээл юм шиг л санагдана. Харин зүрх сэтгэл 100% зөвшөөрсөн үед ямар ч саад бэрхшээл тулгарлаа гэсэн даваад л гардаг.

Ер нь хүн бүр өөр өөрийн гэсэн гүйцэтгэх “гэрийн даалгавар”-тай энэ хорвоод илгээгддэг мэт санагддаг. Тиймээс, миний ийнхүү яваад байгаа нь хүртэл би үүнийг хийхэд зориулагдсандаа юм болов уу гэж баярладаг. Яагаад гэхээр өөрийн мөн чанар, сонирхол, өдийг хүртэл явсан замналаа эргээд харахад Стив Жобсын хэлдэг шиг тодорхой цэгүүд холбогдсон байдаг юм.

Тэгэхээр бид бүгдээрээ “үүргэвч үүрсэн аялагч” гэж бодохгүй байна. Харин хүн бүр өөрийнхөө хийж гүйцэтгэх, бүтээх ёстой даалгаврыг олох нь л чухал.

Тиймээс “хэрхэн тань шиг болох вэ?” гээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд над шиг болох албагүй, болох ч боломжгүй. Бид бүгд дахин давтагдашгүй учраас хамгийн чухал нь “өөрийгөө ол” гэж хэлмээр байна.

Гэхдээ,

Амьдрал бол АЯЛАЛ…

Advertisements

2 thoughts on “Хэрхэн тань шиг болох вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s