Зөн совин

Луйзана мужийн Нью Орлиэнс хотыг “гоё газар шүү..” гэхийг цөөнгүй хүнээс сонссон болохоор төлөвлөгөөндөө багтаан, 3 хоногийг өнгөрүүлэхээр автобусны тасалбараа нэлээн эрт захиалчихаад байв. Унаагаа шийдчихсэн тохиолдолд дараагийн зохицуулах гол асуудал болох хоноглох айлаа хайлаа. 7 хоногийн өмнөөс эхлэн каучсөрфингээр 10 гаруй хүмүүс рүү хүсэлт явуулсан боловч нааштай хариу огт ирэхгүй байлаа. Завгүй, боломжгүй, аялж яваа, хотоос гадагш гарна гээд бүгд татгалзсан байдалтай.

Тэгэхээр нь фэйсбүүкд хүртэл зар орууллаа. Гэсэн ч найдвар байдаггүй ээ.

Хамгийн гол нь энэ аяллынхаа туршид зөвхөн айлаар хоноглоно гээд нэг төрлийн “амлалт”, “сорилт” гэмээр зүйлийг бодчихсон яваа учраас хэрвээ хэн нэгнээс хариу ирэхгүй бол тэгээд мөнгө төлдөг газар гэхээр хэлсэндээ хүрэхгүй мэт санагдан дахин ганц нэг хүн рүү хүсэлт явуулав.

Харин өчигдөр өглөө замд гарахын өмнөхөн нэг хүнээс “Манайд байрлаж болно. Харин манайх олон нохойтой, мөн зориулалтын шүршүүр байхгүй шланкаар усанд ордог.” гэсэн хариуг ирүүлсэн байв.

Зөвшөөрсөн хариу нь сайхан сонсогдсон ч “шланкыг шүршүүр болгож хэрэглэдэг”  гэдэг нь “за энэ чинь хэн болж таарав, өмнөх байрласан хүмүүсийн сэтгэгдэл ямар байна” гэх зэргээр жаахан лавшруулан харахад хүргэв. Гэтэл хангалттай мэдээлэл байдаггүй ээ. Иймэрхүү ямар ч сэтгэгдэлгүй байна гэдэг бол нэг талаас өмнө нь надаас өөр хүн хоноогүй, эсвэл хүмүүсийн сэтгэлд огт хүрээгүй гэсэн үг юм.

Каучсөрфингөөс айл сонгоход урьд нь хоноглоод явсан хүмүүсийн сэтгэгдэл маш чухал байдаг. Би өөрөө хотод гэртээ байхдаа иймэрхүү аялагчдыг хонуулаад гаргадаг байсан болохоор аль аль талаас нь сайн мэднэ. Манайх хотын төвөөс жаахан зайтай гэр хороололд учраас тэдгээр хүмүүсийн ихэнх нь байршилд ач холбогдол өгөлгүйгээр зөвхөн өмнөх хоногчдын үлдээсэн сэтгэгдлээр ирцгээсэн байдаг байв. Тэгээд ч аялагчид гэдэг аливаа зүйлийг хар, цагаантай нь шууд хэлдэг, бичдэг нөхдүүд явдаг болохоор бодит байдлаас тийм ч зөрүүтэй байдаггүй юм. Тиймээс ганц ч сэтгэгдэлгүй тэр хүнийг гайхлаа, хэсэг эргэлзэв.

Гэтэл, энэ нь 10 гариу хүний дотроос анхны нааштай хариу байхын зэрэгцээ нэг л сонин өөр амьдралын хэв маяг мэт санагдсан тул сониуч зандаа хөтлөгдөн “Өө асуудалгүй, хүлээн авсанд баярлалаа.”  гээд хаягийг нь авчихав. Өгсөн хаягийг нь гүүглийн газрын зурагт оруулаад хартал хотын төвөөсөө нэлээд зайтай юм аа, автобусаар 30 орчим минут яваад суухдаа ч тэр, буугаад ч тэр хэсэг алхах зайд гэж харагдлаа.

Флорида мужийн Орлэндо хотоос энэ Нью Орлиэнс хот хүртэл бараг 30-аад цаг явж ирэв. Бушуухан л бууж алхах юмсан гэх хүсэл дүүрэн…

Тэгээд, автобусны буудлаас гарахаасаа өмнө 00 орж бие харагдсан бариу өмдөө жинсээр, углаашаа пүүз болгон өмслөө. Мөн хотын төвөөс зайтай газарт очих тул нэг хүрчихвэл гарахгүй байх магадлал өндөр гэж бодон ходоодоо ч хүртэл баярлуулав.

Гэвч, нэг л сонин мэдрэмж, ямар газар очих бол гэж бодохоор л…тийнхүү бодох тусам гоё санагдахгүй нь хачирхалтай. Өмнө нь ийм мэдрэмж огт төрж байгаагүй учраас сонин байлаа. Тэгээд жаахан сууж байгаад Миззури мужийн Сант Луйс-д амьдардаг найз руугаа “ийм айлд байрлах гэж байгаа юмаа гэтэл нэг л сонин санагдаад болдоггүй ээ юутай ч чамруу хэлье гэж бодлоо, тэгээд очоод ямархуу байгаагаа мэдэгднээ” гээд нэр, хаяг, утсыг нь үлдээчихэв. “127 цаг” кинонд гардаг залуу шиг гэж бодсон хэрэг.

Өмнө нь Мэйни мужийн Портлэнд хотод анхны айлдаа очихдоо л хамт явсан найзын маань нөхөр нь юу магад вэ гээд утас, хаягийг нь авч байснаас бус ийм тохиолдол гараагүй явлаа.

Хувцсаа сольчихсон, гэдэс дүүрэн, найздаа хэлчихсэн гээд юу ч тохиолдсон бүрэн хамгаалалттай аятай автобусны буудал руу алхлаа. Газрын зурагт хаанаас, хаа хүрэхээ сануулчихсан болохоор амар, дор нь олоод очив.

Буудалд автобусаа хүлээсэн аятай нүүрэндээ зөөлөн инээмсэглэл тодруулан зогсох энэхүү эмэгтэйд хаягаа үзүүлтэл “өө, би яг наад буудал дээр чинь буудаг юм надтай хамт яв” гэлээ. Санаа амрах шиг сайхан дотно мэдрэмж…

20170329_184049 (2).jpg

Одоо нэгэнт энэ хүнд найдчихсан болохоор автобусны цонхоор орчин тойрноо ажигласан шиг тааваараа явлаа. Урагшлах тусам замын хажуугаар цонх хаалга нь онгорхой байшин сав, эвдэрч унасан хашаа сараалж, цаашлах тусмаа хэд гурваараа хэлхэлдсэн хар бараан царайтай хүмүүс гээд “би хаана ирчихэв ээ?” гэж өөрийн эрхгүй гайхмаар орчин…

Гэтэл ийнхүү нурж эвдэрсэн байшин барилга нь 11 жилийн өмнө тохиолдсон байгалийн гамшиг буюу “Катарина” хар салхины үр дүн байхад, энд тэнд бөөгнөрөх хүмүүс болоод автобусны зорчигчид дунд ганцаараа цайвар царайтай байсан нь харуудын амьдардаг төвлөрсөн цэг рүү орж байжээ. Тэд надруу, би тэдэн рүү харсан байдалтай.

Автобуснаас нөгөө эмэгтэйтэйгээ (Марси) хамт буулаа. Охиноо сургуулиас нь авсан бололтой өөр нэгэн өнгөт арьстай эмэгтэй таарлаа, яриаг нь сонсоход бие биенээ сайн таньдаг хөршүүд бололтой, цаашлах тусам хөгжим хангинуулсан суудлын тэрэгнүүд энд тэнд зогсчихсон, өмд нь шувтрах алдсан, хүзүүндээ элдэв төрлийн гинжтэй, гиюүрсэн царайтай тамхи татсан залуучууд гайхсан, сониучирхсан нүдээр угтаж үдэн нэг л таагүй.

Өмнө нь найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ “харууд амьдардаг газар очоод дэмий” гэж сонссоноос биш ингээд дотор нь явж байгаагүй болохоор үнэхээр сонин байлаа. Эвгүйцмээр “сонин” гэсэн үг.

Хэсэг явж байгаад Марси “манайх энэ би гэрээрээ дайрч юмаа тавьчихаад чамайг хүргээд өгье” гэж хэлэнгүүт дотор уужрах шиг болов.

Гүүглийн газрын зурагт зааж буйгаар алхсаар Марсийнхаас 20 орчим минут явах зайд хүрээд очлоо. Гэрэл чийдэнгийн бараа харагдахгүй 2 давхар хуучны байшин, гадна нь жижиг оврын автобус байна, гадуурх намхавтар модон хашаа нь зэв болсон сараалжин төмөр хаалгатай.

“Ээ бурхан минь!” гээд Марсийн царайны өнгө хувирангуут “яанаа!” гэж бодон дотор эвгүй болсон ч “та наанаа зогсож байх уу? би хаалгыг нь тогшьё” гэхэд “тэгээ би хаашаа ч явахгүй ээ” гэлээ.

Ороод хаалгыг нь тогшлоо ямар ч чимээ гардаггүй, нэлээн чанга нүдлээ хариу алгаа. Тийнхүү зогсож байхад нэг сонирхолтой юм ажиглагдсан нь хаалгыг чанга нүдэх тусам миний зүрх тэр хэрээр хүчтэй цохилоод байлаа. Хаалганых нь цоорхойгоор хартал нэлээн эд хогшил харагдах ч ундуй сундуй байдалтай. “Хүн байна уу?” гээд жаахан чангаар хэлтэл хаанаас ч юм гэнэт нэг том нохой давхиад ирэв. Тэгтэл, Марси цаанаас “ямар аймаар юм бээ хурдан явъя явъя” гэх дуулдлаа. Нэг байтугай хэд хэдэн нохойтой гэдгийг ирүүлсэн зурвасаас нь мэдсэн болохоор харайж цоройлоод гар хуруу долоох нь ядаргаатай байхаас тийм ч цочирдсонгүй. Харин Марси нохойноос их айдаг бололтой “Бурхан минь, ямар аймаар юм бээ” л гэсээр байв.

Тэгээд гарах гэтэл хаалга онгойвол л гарчих байдалтай намайг ээрээд байхаар нь үүргэвч цүнхээ буулган хөнгөрч аваад ганцаараа тэндээс сугарах арга сүвэгчлэв. Амжилттай шүү!

20170329_193244.jpg

Ямар аймаар юм бэ..би чамайг ийм газар үлдээж чадахгүй. Эх хүний зөн гэж байдаг юм.” хэмээн Марси гуайг хэлэхэд тэгж хэлэхийг нь хүлээж байсан мэт санаа амрах шиг болов.

Эргэх замдаа “энэ юун хүн болохыг асууя” гээд замын нөгөө талд холгүй байх нэгэн байшингаас хүн гарч ирэхээр нь ингэлээ ингэлээ гээд “тэнд амьдардаг хүнийг таних уу?” гэтэл цаанаас охин нь болвуу гэмээр нэгэн эмэгтэй “ямар ч байсан 3 залуу амьдардаг гэхдээ юу хийдгийг нь мэдэхгүй”  гэхээр нь “ёоо ямар азаар хүнгүй үеэр нь таарч ирэв ээ” бушуухан холдох минь гэж бодогдов. Марси ч гэсэн үнэхээр цочирдсон шинжтэй “Бурхан минь!” гэхээс өөр зүйл хэлэхгүй явлаа. Буцаад хэсэг алхаж байгаад тэрээр “хамт ажилладаг хүн маань зарим өрөөгөө хүмүүст хөлслүүлдэг гэж дуулдсан асуугаадахъя” гээд ярьлаа. Утасны цаанаас сонсогдох ярианаас AIRBNB буюу аялагчид очсон газартаа айлын байрыг богино хугацаанд түрээслэн байрладаг тэр хэлбэр болохыг мэдэв. Дэн буудалтай харьцуулахад хамаагүй үнэтэй л дээ. Ер нь хосоороо яваа хүмүүст илүү тохиромтой юмуу гэж санагддаг байснаас биш өмнө нь хэрэглэж үзээгүй.

Тийнхүү тэр 2 хоорондоо ярьж байгаад хоногийн 50 гэхээр нь “надад дахиад сар гаруй замд явах хугацаа үлдсэн болохоор жаахан үнэтэй байна” гэтэл дахиад жаахан ярилцаж байгаад 3 хоногийн 100-д гэж тохиролцов. Төлөвлөж явснаас илүү гэнэтийн зардал гарсан ч гэлээ юу ч тохиолдож болох байсан тэр бүрхэг байдлаас гарц олж өгөн, чин сэтгэлээсээ тусалж байгаа сайхан сэтгэлтэй энэхүү эмэгтэйд талархахаас өөр юм бодогдохгүй байсан, үнэндээ..тэгээд намайг ирж авахаар болов. Тэр хооронд гэрт ирэн ойр зуурын зүйлс ярилцан жаахан суув.

12 хүүхэдтэй айлын дундах, өөрөө 3 хүү төрүүлсэн “АЗ ЖАРГАЛ” бол гэр бүл гэх энэ сайхан эмэгтэйд баярласан сэтгэлийн өчүүхэн илэрхийлэл болгон Казак найзаасаа авчирсан хэдэн цүнхнээс ганц үлдээд байсныгаа өгөхөд “Хувь заяа гэж байдаг юм аа, би өнөөдөр ажлаа тарчихаад өөр тийшээ явах гэж байснаа гэнэт больчихсон тэгэхээр чамтай л таарах гээд байсан байна.” гэх ээж шигээ насны хүнтэй ярилцах үнэхээр сайхан байсан.

20170329_201601.jpg

“Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой” гэх зүйр үгийн адил хар бор царайтай хүн бүр олиггүй, цадиггүй биш юм гэдгийг ингэж биеэрээ мэдрэв.

20170329_204754 (1).jpg

Өмнөх хоноглосон айлууд болоод харьцаж байсан хүмүүс бүгдээрээ цагаан цайвар төрлийнхөн байсан учраас өнөөдөр ийм зүйл тохиолдож дахин нэг шинэ зүйлийг ойлгож ухаарах цонх нээгдсэнд баяртай байна.

Байрлах газраа төвхнөчихөөд “ийм газар очих нь ээ” гээд бичсэн нөгөө найздаа болсон бүх явдлаа хэлтэл нөхөр нь тус газрыг хаягаар нь хайж үзээд “харуудын амьдардаг болохгүй бүтэхгүй бүхэн тохиолдож байдаг аюултай газар байсан байна” гэдэг байгаа.

Юутай ч ойрд шинэчлээгүй явсан блогтоо ийм урт бичлэг оруулах сэдлийг төрүүлж өгсөн үл мэдэгдэх тэр залуу болоод бороо асгасан энэ өдөр тухтай орчинд дуртай зүйлээ хийх боломжоор хангасан энэ 2 хүнд маш их талархаж сууна.

Амьдрал бол АЯЛАЛ, АДАЛ ЯВДАЛ шүү дээ…

Advertisements

2 thoughts on “Зөн совин

  1. Pingback: Зөн совин : NEM

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s