Сэтгэл хөдөлгөсөн гайхалтай бүтээлүүд..

Флорида мужийн Жаксэнвилл хотод ирээд 4 хонож байна. Энэ өдрүүдэд ганц амжуулж байгаа юм нь кино л үзэж байх шив дээ…уг хүн нь (би гэсэн үг :)) тэгтлээ кинонд дурлаад байдаггүй юм..багаасаа дэлгэц ширтэж хорвоо ертөнцтэй танилцаагүй болохоор магадгүй дадаагүй зуршил байж болох талтай.

Гэвч, юутай ч энэ өдрүүдэд үзэхгүй байхын аргагүй бүтээлүүдээр сэтгэл оюунаа умдаалж, урам зоригоо улам хурцлах боломжийг алдахгүйн төлөө махан биеэ чилж хөштөл сууж байна.

За одоо үзсэн кинонуудаасаа сорчлон та бүхэнтэй хуваалцъя, заавал үзээрэй гэж захья.

Торгон мөчүүдэд нь зүрх оволзон, нулимс урсах зэргээр янз бүр л болж үзэхээр бүтээлүүд байлаа. Эдгээр кинонууд бүгд бодит түүхэн явдлаас сэдэвлэгдэхийн зэрэгцээ “ХҮН” гэдэг нэрийн доор багтах бид “СЭТГЭЛ” гэх зүйлээрээ л бусад амьд биетээс ялгагддаг. Тиймээс юу ч тохиолдсон байлаа гэсэн сэтгэлийн тэнхээтэй, зоригтой, тууштайгаар өөртөө итгэвэл, нөгөөтэйгүүр итгэл найдвараа алдсан, өөрийгөө хаячихсан нэгнийг зөв залж чадвал хэн ч байсан эргэн сэргэх хязгааргүй хүч, багтаамжтай юм шүү гэдгийг товойлгон харуулсан нь гайхалтай байв.

WILD

 

Өчигдөр өглөөхөн номыг нь нэгэн танилаасаа сонсоод, өдөр хотын төвөөр явж байхдаа хуучин номын дэлгүүрээс олж авчихаад эхлүүлээд явж байсан юм.

1995 онд, Шериль Стрэйд гэх залуухан эмэгтэй өөрт тохиолдсон бэрхшээл, гунигт явдлуудаас ангижирч, өөрийгөө олж амьдралаа дахин шинээр эхлүүлэхээр “Pacific Crest Trail” буюу АНУ-ын баруун талаар Канадын хилээс Мексикийн хил хүртэл үргэлжлэх онгон зэлүүд газраар 4286 км замыг 94 хоногийн хугацаанд туулсан бодит адал явдалдаа тулгуурлан “WILD” нэртэй ном бичсэнийг нь 2014 онд дэлгэцийн бүтээл болгожээ.

АНУ-аар хийж буй энэ удаагийн аялал маань цаг хугацааны боломжид хязгаарлагдан баруун талын газар нутаг нь тэр чигтээ үлдэж байгаа учраас дараа ийнхүү явахын дохио ч юм билүү гэж бодогдох. “Into the Wild” -аас өөр иймэрхүү кино үзэж байсангүй. Тиймээс өөрийгөө орлуулан мөрөөдсөн 2-дахь бүтээл боллоо.

Trailer: Wild

FREEDOM WRITERS

Нэг хэсэг биднийг байлдан дагуулаад авсан “Хэцүү анги” кинотой төстэйдүү бүтээл санагдлаа.

Хар голдуухан арьстай цагаач танхай этгээдүүдийн цуглуулга гэж ойлгогдохоор сурагчидтай нэгэн ангид багш нь болж очих залуухан бүсгүй тэр хүүхдүүдтэй хүн ёсоор харьцаж, бага наснаас нь сэтгэлд нь бугласан, амьдралд нь өдөр тутам тохиолдох хар бараан үйл явдлуудыг өдрийн тэмдэглэл байдлаар бичүүлэх болон ном авч өгөх, музей үзүүлэх, зочин урьж яриа хийлгэх зэргээр ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг хүнд сэдвийг зөөлөн аргаар ойлгуулан дотоод хүнд нь хүрч, засрах боломжгүй мэт үзэгдэж байсан тэдгээр хүүхдүүдийг зөв замд оруулж байгааг гайхалтай харуулсан бүтээл байна. Мөн л бодит явдлаас сэдэвлэсэн.

Үнэндээ.., бид хэн байх тэгээд хэн болох вэ гэдэгт нийгмийн хандлага, тойрон хүрээлэл, гэр бүлийн орчин, найз нөхөд гэх мэт гадаад хүчин зүйлс маш том нөлөөтэй юм. Энэ дэлхийд ирэхдээ бид бүгд яг адилхан улаан нялзрай цав цагаахан цаас мэт байдаг. Харин эдгээр гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр тэрхүү цаасан дээр юу ч бичигдэж, зурагдах боломжтой. Бид хэн ч болж болно…

Trailer: Freedom Writers 

MOONLIGHT

Гэр бүлийн орчин таагүй, сургууль дээрээ дээрэлхүүлж шоовдорлогддог зэргээс шалтгаалан сэтгэлийн хүнд шарх олчихсон нэгэн хүү томрох тусмаа бие бялдрын хөгжил, сэтгэл санааны байдлаасаа үүдэн өөрийгөө ойлгодоггүй, хүлээн зөвшөөрч чаддаггүйгээр бэлгийн цөөнх хүмүүс нийгмийн тогтсон ойлголт хандлагаас өөр төрснөөрөө дотроосоо болоод гаднаас ямар их дарамт, шахалттай учирдгийг маш тодорхой харуулж чадсан сэтгэл хөдөлгөсөн торгон агшнууд олонтой, яах аргагүй л Оскар авахаас өөрцгүй бүтээл байна билээ. “Заавал үзээрэй” гэхээс өөр юу хэлхэвдээ…

Trailer: Moonlight

За тэгээд Hidden Figures, Soul Surfer гээд кинонуудыг үзсэн боловч цаг оройтоод шөнө сууж чаддаггүй онцлогтой хүн чинь нүд ам сонин оргид байнаа унтах минь..Та бүхэн мөн сэтгэл догдлуулсан сайхан кинонуудаасаа хуваалцаарай явахаасаа өмнө амжуулаад үзчихье!

Одоо энд шөнийн 1 цаг дөхжээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s