Битгий зэврээрэй!

Тогтвортой сууж төвлөрөх, ялангуяа урт, нуршсан өгүүлбэр, бичвэр унших цаг зав, тэвчээр хатуужлаар хомс болж буй өнөө цагт сонин сайхнаа хуваалцахад нэг талаас төвөгтэй, нөгөө талаас амар мэт санагдах.

Төвөгтэй гэдэг нь ганц нэгхэн өгүүлбэр, дүрст бичлэгээр санаа, сэтгэгдлээ бүрэн гүйцэт илэрхийлж чадахгүй байх талтай.

Амар нь болохоор хэдхэн минутын дүрс буулгаад, эсвэл цөөхөн хэдэн зураг оруулаад л товчхон өгүүлбэр биччихэж болно. Гэвч нэг л хангалтгүй мэдрэмж, сэтгэл ханамжгүй байдал..

Аливаа зүйлс хялбарчлагдах тусам бидний төрөлхийн авьяас чадвар улам доройтож, мохож байдаг нь гарцаагүй үнэн юм. Жишээ нь, өөрийнхөө байдлаас харахад тэмдэглэлээ бичээд байвал бичээд л байх шинжтэй..сүүлийн 3 өдөрт ойр ойрхон бичвэрүүд оруулчихлаа. Гэтэл заримдаа тэр дүрст бичлэгүүдээр далимдуулан бичих гэдэгт маш хойрго болчихдог. Тэгээд хойргосоод байх тусам завгүй, ядарлаа, хуваалцах сонин сайхан алга гэх мэтээр улам л бичихгүй арга сэдээд байх шинжтэй.

Оюун бодол ийм байхын зэрэгцээ бидний махан бие ч адилхандаа..дасгал хийгээд эхэлчихвэл байнга хийгээд баймаар санагддаг, харин хийхгүй хэд өнжчихөөр тэгээд л нозоорно, наазгайрна, залхуурна.

Бүх юмс л идэвхгүй, хөдөлгөөнгүй байвал зэвэрч гунддаг нь байгалийн жам гэлтэй, хэрэглээгүй төмөр  ч гэсэн зэвэрсэн харагддаг…

Тиймээс гадаад хүнийхээ бүрэлдэхүүн хэсэг болох махан бие болоод дотоод хүнийхээ сэтгэл, бодол, мөрөөдөл зэргийг байнга дасгалжуулж завгүй байлгах нь чухал.

Хийж буй ажилдаа дургүй, юу хийхээ ч мэдэхгүй, цаашаа яах нь ч тодорхойгүй үеүд тохиолддог байлаа. Ганцаараа л ийм азгүй байгаа мэт санагдан өөртөө, өрөөлд шалтгаангүй уурлах, гомдох, сэтгэлээр унах тохиолдлууд зөндөө байсаан. Тийм байдалд орсны гол шалтгаан нь дургүй үйлээ хийж, сэтгэл санаа болоод бие махбодийн хувьд зэвэрч эхлэх дохио тэмдэг байжээ хэмээн одоо боддог юм. “Нэг л болж өгөхгүй байгаагаа анзаарна” гэдэг тун чухал зүйл. “Өөр арга зам байгаа” гэдгийг хэлж байна гэсэн үг.

2005 оны Стэнфордын их сургуулийн төгсөлтөнд Стив Жобсын хэлсэн алдартай илтгэлийг хааяа сонсох дуртай. Тэрээр, …“Та бүхэн өөрийн дуртай зүйлээ хайж олоорой. Дуртай зүйлээ хараахан олж амжаагүй бол цааш хайгаад бай, хойш бүү суу!”

Тиймээс яаж ч байсан “БИТГИЙ ЗЭВРЭЭРЭЙ!”.

2 thoughts on “Битгий зэврээрэй!

  1. Muzzy

    Хэрэв өдөр тутмынхаа үйл явдал, сонирхолтой зүйлсийг бичиж амжихгүй байгаа бол утсан дээрээ ч юм уу аудио бичлэг хийгээд хадгалаад явбал зүгээр байх. Дараа нь ном бичихдээ болсон явдлыг эргэн санахад тустай. Өдөр бүр бичихээс илүү хялбар байх. Блог дээрээ завтай үедээ сайхан бичээд л…

    Reply

Leave a reply to Muzzy Cancel reply