Христэд адислагдсан өдөр…

Хойд, Өмнөд 2 Каролайна мужийн хил дээр орших Тэйбор/Tabor гэдэг жижиг суурингийн захад орших айлд ирээд 8 дахь өдрөө өнгөрөөж байна. Түрүүчийн Бямба гарагт ирсэн болохоор өнөөдөр 2 дахь бүтэн сайн гэсэн үг л дээ.

3000 хүрэхгүй шахам хүн амтай боловч 30, 40-өөрөө сүм байдаг гэх энэ газраас явахаасаа өмнө аль нэгэн сүмд нь очиж үзэх юмсан гэж бодоод байлаа. “Өөр өөр урсгалуудынх нь ялгаа юундаа байна?” гэдгийг сонирхохоос гадна иймэрхүү газар очихоор өөрийн эрхгүй сайхан мэдрэмж төрдөг..

Энд ирснээс хойш өглөө бүр гүйж байгаа нь дахин нэг сайшаалтай зүйл. Тийнхүү шогшиж явах замд 2 сүм таарна, цагийг нь харахад Ням гарагт 11-ээс мөргөл гэхийг харчихаад өнөөдрийг хүлээсэн гэхэд болно.

Өмнөх бүтэн сайнд дөнгөж ирсэн өдрийн маргааш нь байсан болохоор очиж түвдээгүй юм. Харин өнөөдөр яваад очлоо.

Байгаа газраас 10-хан минутын зайд учраас арай эрт оччихсон байв. Хүмүүс ирээгүйг ашиглан багахан хэмжээний бичлэг хийнгээ энэ тэрийг сонирхож суулаа. Доторх орчин, тохижилт, сандал суудалнаас нь өгсүүлээд сайхан гэж..танхимын гол хойморт загалмайгаа залчихсан, индрийн ойролцоо 2 туг байсны нэг нь дээрээ халзан бүргэдтэй Америк улсын, нөгөөх нь хэрээсэн дүрстэй сүмийн туг, тэгээд дунд нь “Ариун Библи” гэсэн зузаан хар ном тавиастай харагдав.

20170305_103932 (1).jpg

Төд удалгүй хүмүүс нь цугларлаа. Аргагүй жижиг газар бололтой намайг оролцуулаад 17 хүн л ирэв. Бүгд бие биентэйгээ гар барих, тэврэх зэргээр мэндэлж, тун чиг баяр хөөртэйгөөр инээж баясан сонин хачинаа хөөрөлдөх нь маш таатай.

Миний хувьд тэдний сонирхолтой агшнуудыг нь биччих юмсан гэсэн байдалтай нүдийг нь хариулан утас руугаа хялам хийнгээ хажуу дахь Библээ харсан дүр үзүүлэн сууж байв. Гэтэл, эхнээсээ ирээд мэндэллээ…Ойрд ингэж хүмүүстэй харилцаагүй үнэхээр сайхан мэдрэмж. Жаахан уйтгарлаад байсны шалтгаанаа ч олох шиг болов.

Тэдний дундаас Билл гэх хүн ирээд өөрийгөө энэ сүмийн номлогч гээд нэлээн дэлгэрэнгүй ярилцлаа. Би ч Монголоос ирсэн, ганцаараа аялж яваа гэдгээ хэлтэл тэрээр “ийм сонин гэнэтийн зочин чамд өөрийгөө танилцуулах боломж олгоноо” гэхээр нь “яадаг билээ” гэсэн бодолтой гайхаж байлаа.

Өмнө Синсиннати хотод байхдаа очсон сүмтэй төстэй үйл ажиллагаатай санагдав. Библээс ишлэн номлоно, 2-3 удаа дуулах, хандивын таваг аялуулах зэргээр..гэхдээ энд өмнөхтэй харьцуулахад маш цөөхөн хүн байсан учир үйл ажиллагаа нь цомхон явагдлаа, сүүлд нь кофены цаг ч гэж байсангүй.

Гэвч маш сайхан санагдсан. 

Билл хэлсэн ёсоороо мөргөлийн дундуур “өнөөдөр онцгой зочинтой” гэсээр намайг гараад ир хэмээн дохилоо.

Жаахан сандарсан байдалтай өөрийгөө танилцуулан нэр усаа хэлээд, хэзээ ирсэн, хаагуур аялсан, яагаад ганцаараа аялах болсон гэх мэтээр жаахан яриад суух гэтэл Билл “чиний төлөө бүгдээрээ залбиръя” гээд хэсэг чимээгүй зогсов. Тэгснээ, “цаашдаа элдэв саад бэрхшээл тохиолдохгүй ээ яагаад гэвэл Бурхан чамтай хамт байгаа” гэлээ. Тэгж хэлэнгүүт нь аав ээж минь холын замд гарахын өмнө ерөөлийн үгээ айлдах шиг санагдан гэнэт огшоод хамар шархираад явчихсан. 

Ямар Бурхан надтай хамт байх нь тийм ч чухал биш л дээ. Хамгийн гол нь миний бодолд юу эргэлдэж байна вэ гэдгээс бүх зүйлс шалтгаалах хойно өнөөдрийн энэхүү үйл явдлаар сэтгэлээ сэргээж тэдгээр гайхалтай энергитэй хүмүүсээр цэнэглэгдэж авсандаа л баяртай байна. 

Мөргөлийн төгсгөлд намайг танхимын голд зогсоож байгаад хүн бүр ирэн гар барьж тэврээд аян замын ерөөл өргөв. Номлогчийн эхнэр нь Библи бэлэглэлээ.

20170305_130350 (1).jpg

Ганцаараа яваа гэхээр насыг маань сонирхоно. Насаа хэлтэл “үгүй ээ 30 гарсан гэж харагдахгүй байнадаа” гэцгээлээ. Тийм л дээ замд явахаар наснаасаа залуу харагддаг нь гарцаагүй үнэн учраас гайхсангүй. 

Хажуугаас нэг нь “би чамайг дөхүүлээд өгье манайх тэр зүгрүү” гээд эргэж ирэхдээ машинаас буув.

Намайг хүргэж өгсөн буянтай хүн цахилгааны инженерээр дагнан ажиллаж байгаад саяхнаас тэтгэвэртээ суусан гэхээр нь “АЗ ЖАРГАЛ”-ын талаарх бодлыг нь асуугаадхав. Тэрээр, “Би азтай хүн. Хүссэн амьдралаараа сайхан амьдарч байна. Өөр хэн нэгний хүссэнээр биш яг өөрийн санаж бодсоноороо амьдарна гэдэг л АЗ ЖАРГАЛ” гэж хариулсан юм. 

Ийнхүү эерэг энергитэй сайхан хүмүүстэй хөөрөлдсөн гайхалтай өдөр байлаа. 

Эргэж ирээд гадаа гоё болохоор нөгөө 2 сайн дурын ажилтантайгаа модон дундуур жаахан алхав. Сэтгэл санаа өөдрөг байхаар бүх зүйлд уриалгахан байхын зэрэгцээ бусдад ч тэгж ханддагийг өөрийнхөө байдлаас ойлгоод л…

 

20170305_144524 (1).jpg

Энэ фермийг муу хэлэлтгүй хэд хоногийг сонирхолтой өнгөрөөж байна. Гэвч байрлаж буй өрөөний гэрэл гэгээ орох байдлаас эхлүүлэн тааламжгүй санагдах зүйлс зөндөө л дөө сөрөг талаас нь харвал. Тухайлбал сүүлийн 3 шөнийг хувцастайгаа унтаж өнгөрөөлөө. Тамхины утаанд ханиалгахын зэрэгцээ үнэрэнд нь яагаад ч унтаж чадахгүй болохоор бүх цонхоо онгойлгочихно. Гэтэл сүүлийн өдрүүдэд шөнөдөө нэлээн сэрүүхэн хоноод гадаа унтах боломж хязгаарлагдаастай.

Одоо бол дараагийнхаа очих газрыг хоног тоолон хүлээх гэгчээр байгаа. Цэвэрхэн шүршүүрт ханатлаа орчихоод тааламжтай үнэртэх дулаан зөөлхөн хөнжилд бүх хувцсаа тайчаад унтах юмсан гэж бодох…

Харин ч 8 биш 4-хөн хоног үлдсэн болохоор гайгүй ээ..

Advertisements

2 thoughts on “Христэд адислагдсан өдөр…

  1. Bolortuya

    Хатуужил тэвчээртэй, эерэг, эрч хүчтэй бүсгүйн зам нь дардан, аялал сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Мэдээллээ хуваалцаж байгаад баяртай байна .

    Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s