Бодлын хураавар…

2017 оны хоёрдугаар сарын 28 буюу шинэ сар ургахын өмнөх өдөр юм байна..энд ирснээс хойш яг таг огноо тийм ч ач холбогдолтой санагдахаа больсон..

Өнөөдөр ажлын 2 дахь өдөр байлаа.

“Prince Bay Farm” гэх хэдэн тахиа шувуутай, ойрын хэрэгцээний ногоо жимсээ тариалчихдаг талбайтай ганц хүний эзэмшил энэхүү эдлэн газарт 14 хоног ажиллахаар ирсэн нь энэ. Байр үнэгүй, өдөр, оройн хоолыг бэлдээд өгчинө тэгээд дээрээс нь сайхан байгальд, арвин баялаг амьдралын туршлагатай хүний яриа түүхийг сонсоод байхад тун сонирхолтой..

20170227_175443 (1).jpg

Миний ажлын орчин нэг иймэрхүү..

 Ажлын 6 өдөртэй.  Өглөө 9 цагт эхлээд 12-д амран өдрийн хоолоо идчихээд, 1-т дахин ажилдаа гараад 3-т буучихна. Хийж чадахгүй болон ядарч унатал хийгээд байх ч зүйлс алга. Жишээ нь, өчигдөр өнөөдөр хоёрт газар сийрүүлэх, зэрлэг арилгах, тахиа шувуу услах зэргийг хийлээ.

Бага байхаасаа л худаг дээр ховоо татаж хонь малаа усалж, эгчтэйгээ хамт таньдаг айлынхаа тариалангийн талбайд очиж зэрлэг цэвэрлэж өгдөг байсан болохоор төрж өссөн ахуй, хүүхэд насны дурсамж сэргээн сайхан. Нэг бодлын бясалгал аятай..

20170228_113143.jpg

Зэрлэгийг багадаа гараараа зулгааж түүдэг байсан бол одоо ийм хадуураар хэд ширвээд л болчихно.

 Өнөөдөр өглөөгүүр нэлээн халуун байлаа. Цельсийн нэмэх 25 хэм гэлээ. Маргааш бүр 28 гэнэ. Ерөнхийдөө энд 20 гаруйтай л байх юм. Америкийн зүүн өмнөд хэсэгт далайн уур амьсгалд ойр газар л даа. Хойд Каролайна мужийн Тэбор хот/Tabor city. 

Намайг ирэхэд өөр сайн дурын ажилтан байсангүй. Тиймээс гэрийн эзэн өвгөнөө ширтсэн шиг 3 хоногийг өнгөрөөсний эцэст өнөөдөр Коннектикут мужаас нэг залуу ирлээ. Дөнгөж 20 гарч яваа л байрын залуухан юм аа гэтэл улаан өвсчин бололтой. Ирэнгүүтээ татаад ажил хийсэнгүй. Өрөөгөөр дүүрэн заваан нял хийсэн үнэр…

20170228_120559

Маягтай соруултай бас…

“Чи ерөөсөө татаж байгаагүй юм уу?” гээд байхаар нь “үгүй ээ…” гэж мэдэхгүй дүр эсгэн ганц нэг соров. Мэдээж ямар байдаг, яаж үйлчилдгийг нь ч мэдэх хойно ийм өдрийн халуунд хүсэх зүйл биш гээд холхон байхыг хичээв. Энд 3 долоо хонох юм гэсэн тэгэхээр эртнээс зайгаа барьж хил хязгаар тогтоохгүй бол богино хугацаа биш. Дараагийн газар руугаа явахад 13 хоног дутуу байна гэдэг.

 Үлдэж буй сар гаруйн хугацаагаа ийнхүү явахаар төлөвлөчихлөө.

20170228_204333.jpg

Флорида мужаар бүтэн тойроод баруун тийшээ эргэн Алабама, Миссипи, Луйзана, Тексас гээд Нью Мексико хүртэл яваад тэндээсээ Нью Йорк хот руу явах. Тэнд нэг танил “заавал ирээд яв” гээд байгаа учраас төлөвлөгөөндөө багтаахаас аргагүй. Тэгээд сарын төгсгөлд АНУ-ын нийслэлээр эцсийн зогсоолоо хийн буцна даа.

Дээрх газруудынхаа заримд нь иймэрхүү сайн дурын ажлаа ч үргэлжлүүлэхээр зохицуулчихлаа. Ер нь өнөөдөр сайхан бүтээмжтэй өдөр байлаа.

***

Өчигдөр өглөө гэнэт 4 цагт сэрчихсэн. Маш сэргэг тэгснээ энэ аяллынхаа тухай заавал ном бичих учиртай гээд янз бүрийн бодолд ээрэгдэн дэвтэр балаа баахан хэмлэж суув. Нэр нь ямар байх уу, агуулга нь хэдэн бичвэртэй байвал зүгээр бол, эхний  “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” ном маань юу билээ гээд л нөгөөхөө эргүүлж тойруулаад, тэгээд өдөрт 1 бичвэр оруулаад байхад энэ хугацаандаа амжчихна, очоод гаргавал гоё оо гэх мэтчилэнгээр сайхан мөрөөдөв. Гэтэл өнөөдөр ямар ч тийм уур амьсгал байдаггүй ээ. Сонин шүү, за яахав харж л байя…

Бас, өнөөдрийн хувьд сэтгэлээр унасан нэг зүйл тохиолдов.

Фэйсбүүк дэх “Дэлхийгээр аялах нь” хуудсанд оруулсан нэгэн бичлэгийг үзсэн хүний сэтгэгдэл байсан юм л даа тэр нь…юу гэхээр “англи хэл чинь маш муу, аймшигтай аялгатай байнаа ном журмынх нь дагуу сайжруул” гэсэн байлаа.

Өөрийнх нь дутагдлыг хэлж шүүмжлэхээр таатай бус ханддаг хүмүүний адилаар би ч гэсэн анхандаа тийм байдлаар хариу урвал үзүүлсэн. Гэхдээ үүнийгээ ил гаргаагүй зүгээр л дотроо бухимдаад байв. ТэгээдЯаж, ямар нэгэн байдлаар түүнийг доош нь хийчих хариулт олох уу?, юу гэж бичвэл тэр хүнийг дийлэх үү?” гэдэг бодол байн байн орж ирээд байсан. Тэрхүү сэтгэгдлийг өглөө 11-ийн үед уншсан юм. Түүнээс хойш бараг цаг орчим тэгж бодсон байх аа. Харин одоо 7, 8 цагийн дараа гэхэд тэрхүү бодлоос ангижирчихжээ. Сэтгэл эмзэглээд байх зүйл огт алга. 

Гэвч ганцхан цаг ч гэлээ тэрхүү 60 минутанд хичнээн эд эсээ шал хэрэггүй бухимдалд үхүүлсэн бол гэдгээ бодохоос харамсмаар…Нөгөөтэйгүүр, “үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно” гэдэг ямар үнэн болохыг ойлгуулсан тэр хүнд “БАЯРЛАЛАА” гэж талархмаар…Бид нээрээ ямар ч ашиггүй байдлаар нэг нэгнийгээ хэмлээд яахав дээ..

Тиймээс, би өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрдөг. Миний Англи хэлний мэдлэг дутуу гэдгийг мэддэг. Болдогсон бол англи хэлтэй оронд дор хаяж 2, 3 жил болох юмсан, үг, өгүүлбэрийн бүтцээ бодолгүй ярьдаг, бичдэг болох юмсан гэж хүсдэг.

Гэхдээ ийм ч гэсэн “АЯЛАХ” гэх хүссэн зүйлээ хийгээд явахад асуудал гардаггүй учраас үнэндээ санаа зовдоггүй. Хэлийг сайн сурна гэдэгт цаг хугацаа шаардагдах тул дутагдалдаа ороогдон итгэлгүй царайлаад байх ямар ч шаардлагагүйг мэддэг болохоор сүртэй юманд ч тооцдоггүй юм аа.

Тэгээд ч үүргэвчтэй аялж явахад хэлний энэхүү бэрхшээл давуу тал болох үеүд зөндөө ш дээ. Тухайлбал, тэс өөр улсаас ирснийг мэдэнгүүт нутгийн хүмүүс илүү уриалгахан хандана. Мөн юу хэлснийг нь ойлгохгүй дүр үзүүлж байгаад сэргэлэнтэх гэх мэтчилэнгээр..:) 

Өмнө нь унаган англи хэлтэй залуучуудад их атаардаг байлаа. Эд нарын нэг болж төрөхгүй гээд л…Энэхүү санаагаа нэгэн найздаа хэлтэл “Үгүй ээ харин ч энэ чинь давуу тал байхгүй юу. Жишээ нь одоо бид 2-ыг метронд ингээд Монголоор юу ч ярьсан тэд ойлгохгүй. Харин англи хэлтнүүд бол ингэж чадахгүй ш дээ” гэж билээ. Ёстой үнэн санагдсан. 

Би ийм аймшигтай гэж хэлэгдэх аялгатай ч гэлээ нэг удаа хамтран ажилласан хүмүүс маань дахин ажиллах хүсэлт тавьдаг төдийгүй өөрөө боломжгүй бол найз нөхдөдөө уламжилж өгдгийг нь бодохоор хүн хоорондын гинжин холбоо үүсэхэд ганц хэлний төгс цэвэр дуудлага, мэдлэг 100 хувь хангалттай биш юм гэж бодогддог. 

Хамгийн чухал нь хүний итгэлийг даахуйц байна гэдэг илүү гүн агуулгатай, ирээдүйтэй зан чанар мэт. 

Advertisements

2 thoughts on “Бодлын хураавар…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s