Цаг хожих боломж

2017 оны хоёрдугаар сарын 14-ний Мягмар гараг буюу “Хайр“-ын өдөр.

Өчигдөр зам дөхүүлж өгсөн хүнээс “амьдралын утга учир юу вэ?” хэмээн асуухад тэрээр “хайрлах болоод хайрлагдах” гэж хариулсан юм. Тийм ч байж магадгүй…Гэхдээ хүн бүр адилгүй учраас өөр өөр хариулт хэлэх нь гарцаагүй.

Юутай ч хайр олон талтай шигээ янз бүрээр илэрч, илэрхийлэгддэг мэт санагддаг.

Замд гарснаас хойшхи 10 гаруй хоногийг 6 айлаар дамжиж өнгөрүүллээ. Тэд намайг огт танихгүй, нэр мэдэх төдий, ганц нэг уулзсанаас цаашгүй хэрнээ гэртээ байлган, аль байдгаараа дайлж, гадуур дотуур дагуулж явах зэргээр бүхий л зүйлд чин сэтгэлээсээ хандаж байсан сайхан хүмүүсийг хайрлахгүй байхын аргагүй. Тэд ч мөн намайг ямар нэгэн хэмжээгээр хайрласан учраас тийм хандлага гаргасан гэдэгт нь итгэлтэй байна. Хайрлах, хайрлагдах гэдэг үнэхээр чухал мэдрэмж…

Ийнхүү алхам тутамдаа гайхалтай хүмүүстэй таарч, санаж сэдсэн маань бүтэмжтэй явааг бурхны сургаалиар “үйлийн үр” гэж бодвол “өөрийгөө урьд насандаа овоо гайгүй явждээ” гэж дөвийлгөмөөр..Гэвч, миний бодлоор ийм сайхан учрал, тохиолуудыг урьд насандаа үйлдсэн буян гэлгүйгээр өнөөдрөөс өмнөх цаг мөчүүдэд бодож, санаж, хүссэн эерэг бодлуудын биелэл, хийсэн үйлдлүүдийн үр дүн л гэж харвал илүү бодитой мэт.

Харин энэ хугацаанд хоносон айл, уулзаж учирсан хүмүүс, тохиолдсон адал явдал, туршлага гээд бүгдийг багтаасан өгөөжтэйхөн бичвэр оруулах боломжоор тун хомс яваад байгаа ч одоо ийнхүү цаг гаруй автобус хүлээх зуураа тэдгээр буян нь дэлгэрсэн хүмүүсийнхээ тухай цухас дурдаадахъя.

Айл 1. 

Мэйнь мужийн Портлэнд хотод очихдоо хоносон анхны айл. Гэрийн эзнийг Грег гэдэг боловч миний Монголчилсноор “Гээгий”каучсөүрфин – ээр олсон. Энэ ямар учиртай цахим хуудас юм бол, хэрхэн ашигладаг зэргийг сонирхож байвал “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номондоо оруулсан байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Тэрээр 57 настай, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ дагнасан хувийн компанитай, 3 хүүтэй, эхнэр нь бага хүүтэйгээ хамт Италид сурдаг гэх мэтээр нэлээн тансаг амьдардаг, чинээлэг айл болох нь тодорхой байсан.

This slideshow requires JavaScript.

Би энэ айлд 10 жилийн найзтайгаа очсон. Найз маань энэ мужид боловч Портлэнд хотоос 2 цагийн зайд амьдардаг, тэгээд нийтийн тээвэр явдаггүй газарт болохоор гэрийнхэнд нь төвөг учруулаад яахав гэж бодсондоо эндээ хоночихоод эргээд Бостон явахаар төлөвлөсөн байсан юм. Грег бид 2-т тус тусад нь өрөө гаргаж өгсөн. Магадгүй энэ Америкт эхнэр, нөхрүүд л биш бол цугтаа унтах гэсэн ойлголт байдаггүй байж магадгүй. Манай Монгол гэрт бол яаж “зулдаг” билээдээ, хэхэ..

Маргааш өглөө нь ажлын өдөр байсан ч “зүгээрээ, санаа зоволтгүй” гэж байгаад бид 2-ыг далайн эрэгт хүргэж АНУ-ын хамгийн анхны гэрэлт цамхгийг үзүүлсэн үнэхээр сайхан сэтгэлтэй, тусч хүн байсаан. Аялах дуртай юм билээ тиймээс хаа нэгтээ дахин таарахыг үгүйсгэхгүй байна.

Айл 2.

Дараагийн очих газар Вермонт мужийн Миддлэбөри байсан ч Портлэндээс шууд унаа явдаггүй учраас дахин Бостондоо эргэж ирсэн. Энэ хотод хоёр удаагийн тохиолдлоор 6 сар болсон юм болохоор метро унаандаа асуудалгүй учраас хотын нэлээд захруу айлд хонохоор болсон. Соньяа гэх энэ эмэгтэйг дээрхтэй адил каучсөүрфингээр олсон.

19-тэй хүүгээ аялалд явуулчихсан гээд ганцаараа амьдарч байгаа 40 настай Орос гаралтай, маш идэвхтэй амьдралын хэв маягтай, спортлог эмэгтэй. Намайг очсон орой бүжгийн хичээлтэй “сонирхвол хамт явъя” гээд swing бүжгийн хичээлд очин, шөнө дунд хүртэл хөлсөө гоожтол дэвхэцсэн.

This slideshow requires JavaScript.

Өмнөх орой нь хамтдаа оройн хоол хийж, үлдсэнийг нь аваад яваарай гэсэн байдалтай 2 алимтай хамт гаргаж тавьчихаад цанаар гулгана гээд өглөө эрт гараад явчихсан байсан.

Айл 3.

Дараагийн очих чиглэлийн автобусны таарамжгүй нөхцлөөс шалтгаалан төлөвлөгөөнд багтаагүй Бөрлингтон хотод оччихсон. Гэвч, байрлах айлаа мөн л дээрх байдлаар зохицуулчихсан болохоор шинэ газар, шинэ хүмүүстэй уулзаж явахад харамсаад байх зүйлгүй байсан. Харин ч ийшээ очсон нь оносон байлаа.

Бөрлингтон нь Вермонт мужийн хамгийн том хот төдийгүй, хонуулсан айлын 2 маань миний насны залуу хосууд үнэхээр цоглог, очингуут цагаан дарсаар даруулсан Мексик оройн хоолоор дайлуулан, дараа нь шөнийн хотыг үзүүлнэ гээд дагуулж гараад манайхаар “ПиСи” тоглоомын газар гэмээр газарт оруулан өмнө хийж үзээгүй зүйлийг маань хийлгэн хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээж чадсан гайхалтай хүмүүс.

This slideshow requires JavaScript.

Эрэгтэй нь Тодд, эмэгтэйг нь Энни гэх бөгөөд мөн л үүргэвчтэй аялагчид. Гурвуулаа Зүүн Өмнөд Азийн орнуудаар аялчихсан болохоор ярианы сэдэв нийлээд сайхан байсан. Дараагийн аяллын төлөвлөгөө нь Европоос эхлүүлэн газраар Орос, Монгол, Хятад гэсэн. Тиймээс тун удахгүй Монголд дахин таарах, би гэртээ хонуулах боломж гарна гэдэгт найдаж байгаа.

Айл 4. 

Миддлэбөри хотод сүүлийн 3 зун хамт ажилласан хүн маань амьдардаг болохоор эхнээсээ очихыг зорьсон газар. Энэ хүн бол 20 гаруй жил Монголыг тасралтгүй зорьж байгаа Сас Карри гэдэг буянтай хөгшин байдаг юм.

ЗӨА-ийн орнууд руу хийх 7 сарын аяллын маань санхүүгийн талыг бий болгосон хүн. Учир нь 2014 оны зун 2 америктай ажиллаж 2300 доллар хуримтлуулсны нэг нь энэ эмэгтэй. Өнгөрсөн зун номоо хэвлүүлэхэд ч мөн тусалсан. “Тусалсан” гэдэг нь тэрээр надад зүгээр мөнгө өгөөгүй ээ. Учир нь, Сас жил бүрийн зун ирж Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад амьдардаг цаатан иргэдэд эрүүл ахуйн анхан шатны тусламжийн зүйлсийг хүргэж, тэдний соёл, уламжлалт ахуй амьдралыг баримтжуулан авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Харин энэхүү ажилаа хийхэд нь миний бие хэлмэрчилж хөдөлмөрөө үнэлүүлдэг гэсэн үг.

This slideshow requires JavaScript.

Тэрээр “Миний зүрхэн дэх цаатнууд” ном, “Бөөгийн зан үйл”, “Говийн эмэгтэйчүүдийн дуу хоолой”, “Нүүдэл” гэх зэрэг баримтат кинонуудыг хийсэн нь гадныханд нэлээд хүрч байгаа. Энэ нь нэг талаар Монгол орон, Монголчууд биднийг сурталчилж байгаа сайн хэрэг гэж боддог.

Сас надад дам болон шуудаар мөн ч их тус болсон. Ганцхан жишээг дурьдахад одоо ийнхүү Америкаар явж байгаагийн “ногоон гэрэл”-ийг хүртэл асааж өгсөн гол хүн.

Айл 5. 

Сасынхаас холгүй амьдардаг бөгөөд Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүн болон Сибирийн нарс оруулж ирэх зэргээр байнга сонин содон санаа сэдэж явдаг энэ хүнийг Рожер гэдэг. Өнгөрсөн жил хальт танилцсанаас цаашгүй боловч хэзээний сайн танил мэт сэтгэгдэл төрүүлдэг, маш энгийн хүн байгаа юм.

Бидний хэлдгээр “хар ажил” хийн хээгүй амьдардаг гэдэг үүднээс нь энэ удаагийн аяллын нэг зорилго болох Америкчуудын жирийн иргэдийн амьдрал ахуйтай танилцах гэдэг сонирхлоороо Рожерийнд заавал хонох хэрэгтэй гэж бодсон. Хонох хүсэлтэй байгаагаа хэлтэл “манайхыг голохгүй л бол хичнээн ч хоногоор хамаагүй байж болно” гэснээ намайг усанд орж магадгүй гэж бодсон бололтой 20 км-ийн цаана байх дэлгүүр орж банны хөшиг авсан байсан. Хөшигтэй, хөшиггүй би үнэндээ усанд орох шаардлагагүй гэсэн ч миний тав тухыг хангах гэж хичээсэн тэр хүний сэтгэл үнэхээр сайхан..

This slideshow requires JavaScript.

Айл 6. 

Өнгөрсөн зун Улаанбаатар хотод 2-хон цагийн орчуулга хийлгэх шаардлага гарлаа гээд найзаараа дамжуулан надтай холбогдсон энэ хүнийг Дан гэдэг. Мөн нэлээн олон жилийн өмнөөс Монголтой холбогдсон, Монгол эхнэртэй ч байсан хүн юм билээ. Үнэндээ тэрхүү 2 цагийн орчуулга нь салсан эхнэрийнхээ дүүтэй уулзаж, тэдэнтэй дахин холбоотой баймаар, үгүй ядаж “Монгол гэр бүл”-ийнхэндээ туслах хүсэлтэй байгаагаа дамжуулах байсан. Ярианаас нь сонсоход эхнэр байсан хүн нь гэнэт хаяад явчихсан бөгөөд өөрийнхөө талынхантай харилцахыг зөвшөөрдөггүй гэж ойлгогдсон. Нулимс унаган учирлан ярих түүний үгийг дамжуулах тийм ч амар байгаагүй. Тэгээд “хэцүү цагт хэл болж тус хүргэсэн” учраас Америкт ирвэл заавал манайхаар ирээрэй гээд явсан юм.

This slideshow requires JavaScript.

Иймэрхүү байдлаар 10 гаруй хоногийг дахин давтагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрүүлжээ.

Эдгээр хүмүүсийн надад хүргэсэн энэхүү тус, чин сэтгэлийн өглөгийг хэзээ, хэрхэн хариулахаа мэдэхгүй байгаа боловч ямар ч байсан мартахгүй гэдгээ л сайн мэдэж байна.

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s