Нутгийн айлуудаар…

Үүргэвчээ үүрснээс хойшхи 8-дахь өдрийнхөө өглөө 6-дахь айлдаа сэрлээ.

Өмнөх аяллуудынхаа туршид ганц нэгхэн удаа л айлд хонож байсныг эс тооцвол ихэнхдээ дэн буудлын нийтийн өрөөгөөр явсан байдаг. Одоо ийнхүү нутгийн айлуудаар хоноглох тусам маш сонирхолтой бөгөөд өгөөжтэй болохыг нь ойлгож эхэллээ. Тиймээс иймэрхүү эрх чөлөөг төгсгөлгүй үргэлжлүүлмээр санагдах…

Бидний хэл, соёл, шашин, амьдралын хэв маяг, төрж өссөн орчин нөхцөл, боломж, бэрхшээлүүд гэх мэтээр нэг нэгнээсээ ялгагдах зүйлс олон байж болох ч биднийг “ХҮН” гэдэг нэрийн дор нэгтгэдэг ганцхан юм нь бид бие биенээ гэсэн энэрэх, хайрлах, туслах, өрөвдөх, гэгэлзэх, санагалзах сэтгэл зүрхтэй юм.

“ХҮН” хүнд илүүддэггүй юм шүү гэх зүйр үг юутай үнэн бэ…

Өдөр бүр шинэ хүмүүстэй уулзаж, тэдний сонин содон ертөнцөөр аялж байгаа болохоор хуваалцах мэдээлэл хэтэрхий ихдээд, заримдаа хаанаас нь яаж эвлүүлэхэд ч төвөгтэй санагдах, мөн хонож байгаа айлынхаа хүмүүстэй, тэдний найз нөхөдтэй нь бужигнахаар тэгээд л тогтвортой суух боломжгүй болох..Миний хувьд бичихээрээ чихэвчээ хийн дуртай хөгжмөө тавьж байгаад нэлээн удаан суудаг онцлогтой учраас цаг нэлээн шаардагддаг сул талтай.

Ийнхүү айлаар хоноглох нь буудлын, хоолны, заримдаа унааны ч мөнгө хэмнэчих олон давуу талуудтайн дээр маш сонирхолтой үүх түүх сонсон, амьдралын хэв маягийг үзэж, тэднээс суралцах болоод хуваалцах зүйлс ч ямар их байгааг ойлгох нь гайхалтай. “Иймэрхүү байдлаар дэлхийн бүх улсаар явбал?…” гэх бодолдоо ээрэгдчихээд л байна.

2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Бостон хотоос Мэйнь мужийн Портлэнд хотод очихоор бараг 3-н долоо хоногийн өмнө автобусны тасалбараа захиалчихсан. Эрт захиалах тусмаа хямд байдаг гээд төлөвлөгөө гаргаж дадаагүй надад хэдэн чиглэлээ тодруулах жаахан ядаргаатай байсан. Бостон-Портлэнд, Портлэнд-Бостон, Бостон-Бөрлингтон гээд онлайнаар захиалгаа хийж байтал картан дахь мөнгө дуусчихав. Тэгэхээр нь Монгол болон ЗӨА-ийн орнууд шигээ бодон, биеэрээ очоод захиалбал илүү хямд байж магадгүй гээд маргааш нь нэгдсэн автобусны буудалд (Boston South Station) нь яваад очлоо. Гэвч бодсоноос эсрэг байв. Онлайн захиалга хийхэд үйлчилгээний төлбөр гэж 2-хон доллар нэмэгдэж байхад бэлнээр авахаар бараг $10-20, тэгээд хоног нь тулчихсан бол бүр үнэтэй болчихдог гээд нүд орой дээр гартал хэлдэг байгаа.

Хойд Каролайна хүртэл явах дахиад 4 тасалбар авах шаардлагатай, тэдгээр нь цөөхөн суудал үлдсэнд сандарсан хэрэг л дээ. Тэгээд гэрийнхэн рүүгээ “мөнгө” гэж хэлэх үү гэтэл цагийн зөрүүнээс шалтгаалан амралтын өдрийн яг шөнө дунд, Монгол буцах 2-тоо хэдэн доллар дайгаад ч цаг алдах болохоор хэсэг эргэлзэж байгаад нэг дугаар луу залгаадхав. Тэр нь бид 3-т их тус болдог, Бостонд амьдардаг хүн байсан юм. Тэгээд учраа хэлтэл “Зааза, санаа зоволтгүй маргааш яваад очьё” гэлээ. Тийнхүү ирээд төлөвлөсөн бүх чиглэлийн тасалбаруудыг маань үнэгүй захиалаад өгсөн гэхэд итгэмгүй. Залуудаа чамгүй их явсан, ялангуяа хуучны соц орнуудаар ажлын ч аяллын ч шугамаар юм юм үзсэн гэж ярьдаг болохоор хол замд явахын жаргал, зовлонг мэдэрсэн аргагүй л нүд тайлсан нь мэдэгдэв. Хүн тэгээд ер нь өөрөө биеэрээ мэдэрч байж л аливааг жинхэнэ ойлгодог мэт.

Өвлийн улиралд яагаад заавал АНУ-ын хүйтэн сэрүүн газрууд руу нь зорин, аяллаа Мэйнь мужаас эхлэхээр болсон бэ гэхээр Америкийн хамгийн зүүн хойд талд орших энэхүү мужид 10-н жилийн ангийн найз бүсгүй маань айлын бэр болоод 7 сарын өмнө ирсэн байлаа. Тэгэхээр ойрд уулзалдаагүй багийн найзтайгаа уулзах хүсэл их байхаас гадна таньдаг хүнээрээ далимдуулан Америк айлд хонож үзэх, мөн тэрээр ирснээсээ хойш Монгол хүнтэй уулзалдсангүй, өөр тийшээ ч гарч үзээгүй гэхээр нь Бостонд байх хугацаандаа ирүүлье гэж бодсонтой давхар холбогдсон хэрэг. Бэлэн байр, хоол, нутгийн хөтөч (би 😉 ) байгаа дээр нэг ч гэсэн хүнийг сайхан хоттой танилцуулахад юу нь буруудахав, тэ…Хүний газарт бие биендээ чаддаг чаддагаараа тус дэм болж ойр дотно байх ямар гоё байдаг билээдээ. Биднийг ч гэсэн Бостонд байх хугацаанд тэнд амьдардаг Монголчууд маань их тус болсоон..

Тийнхүү найз маань ирж 4 хоногийг өнгөрүүлээд, би ч мөн Бостонд байх сүүлчийн өдрүүд гэсэн шиг үзэж харах зүйлсээ сайн гүйцээлээ.

This slideshow requires JavaScript.

Тийнхүү хоёрдугаар сарын 2-ны өглөө хамт байсан 2-оо Монгол руу буцах замд нь оруулчихаад, эргэж ирээд байраа хүлээлгэж өгөөд замдаа гарав.

Бостонгоос Портлэнд орох бол тун амар байсан. Хоорондоо 3 цаг хүрэхгүй яваад л хүрчихдэг автобус нь дотроо утасгүй интернэт, залгуур, кино гарах дэлгэцтэй гээд үнэхээр тохилог. Энэ нь Megabus компанийн автобус бөгөөд нэг талдаа $7, заримдаа бүр 1 доллар гэх тохиолдол ч байдаг юм билээ. Гэхдээ тасалбар нь хатуу нөхцөлтэй нэг л захиалсан бол буцаах, өөрчлөх боломжгүй.

Портлэндээс өөр хот руу явах бодолгүй байсан болохоор тэнд ганцхан хоногийг төлөвлөсөн бөгөөд ийм богино хугацаанд хийхийг хүссэн ганц зүйл нь “Allagash” гэх нутгийн шар айрагны үйлдвэртэй танилцаж, нутгийн айлд хоноглох байв.

Очно гэж бодсон найзын гэр бүл энэ хотоос цааш 2 цаг явах зайд байдаг гэдгийг сүүлд мэдсэн учраас бусдад төвөг учруулахгүйн тулд couchsurfing -ээр айлаа зохицуулчихав. Грег гэх хүн маш уриалгахан нь аргагүй дахин дахин холбогдоод, бид 2-ыг пивоныхоо аяллыг дуусангуут ирж авахаар тохиролцов.

Гэтэл, Лхагий нэг л итгэл муутай байгаа бололтой “яанаа зүгээр л байгаадаа” гэхэд түүний нөхөр хүртэл итгэж өгөхгүй “тэр хүнийхээ утасны дугаар, гэрийн хаягийг нь өгчих” гэсэн байв. Би болохоор “манай Гээгий…” гэх мэтээр Лхагийг цаашлуулаад байлаа. Гэвч үнэндээ хэдэн насны, ямархуу хүн болохыг нь ч мэдээгүй байсан л даа..Ямар ч байсан болно, болгоно асуудалгүй гэдэгт итгэлтэй байлаа.

Гэтэл одоо 6-дахь айлдаа хонож байдаг..цаг хугацаа гэж үнэхээр хурдан, үзэж харах зүйлс хязгааргүй юм гэдгийг ойлгосоор…

За ийнхүү “Гээгий” гэж ямар нөхөр байсан болоод түүнээс хойш ямархуу айлуудаар орсныг дараагийн бичлэгээс сонирхоорой. Бичлэгээ үргэлжлүүлмээр байгаа хэдий ч ийнхүү зогсоох онцгой шаардлага гарсан бөлгөө 🙂 түр баяртай..

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s