Хүслээ дагасан зөв шийдвэрүүд…

Тавдахь шөнөө 4-дэхь айлдаа хонолоо. Гадаа цас орчихсон сайхан харагдана..

Энэ улсаар ийнхүү үүргэвчээ үүрэн аялах юм гэж ер бодож байсангүй..

Гэтэл азаар ч гэх үү, санаандгүй ч гэмээр тохиолдлоор жил дараалан ирээд, одоо ийнхүү нутгийн айлуудаар хоноглоод явж байгаадаа заримдаа итгэмээргүй санагдах..

Өдий хүртэлх туулсан амьдралынхаа он жилүүдийг эргээд харахад “Гадныхан, Гадагшаа, Аялал” гэх зүйлстэй ямар нэгэн байдлаар холбоотой явж ирсэн байдаг. Тэгэхээр “хувь тавилан” гэж байдаг мэт. Бидний хэн байх, юуг хийж бүтээх нь цаанаасаа тодорхойлогдчихсон, энэ дэлхийд ирээд буцах хүртэлх хугацаандаа биелүүлэх даалгавар гэж хүн бүрт дахин давтагдашгүйгээр заяагддаг байх гэх бодлыг маань батлаад өгөх. Нөгөөтэйгүүр үүнийг “өөрийгөө олох” гэдгээр илэрхийлж болно…тэрхүү “даалгавар” юу болохыг таньж мэдтэл цаг хугацаа, тэсвэр тэвчээр, зарим нэгэн золиос ч шаардагддаг болохыг ойлгоод байгаа. Мөн аливаа зүйл “цаг нь болох” гэх зарчимтай мэт санагддаг. Тухайлбал, өнгөрсөн жил Америкт ирээд 3 сар болоход “энд үлдье” гэх бодол огт төрж байгаагүй. Гэтэл энэ удаа бол “үлдээд аялна” гэдгээ Монголоос хөөрөөгүй байх үедээ л шийдчихсэн байсан учраас харгалзан явах учиртай нөгөө 2-тоо хүртэл хэлж буцахдаа яах ёстойг нь захиж явсан. “Нөгөө 2” гэдэг маань энд эмчлүүлэхээр ирдэг жаахан охин, ээжтэйгээ.

Миний гол үүрэг нь тэр хоёрыг Улаанбаатараас Бостонд элдэв саадгүйгээр авч ирэх болоод буцах л даа. Өнгөрсөн жил энэ үүргээ бол 100% хангалттай биелүүлсэн. Харин энэ удаа өөрөө үлдэж аялах зорилгоо биелүүлэхээс гадна бас нэгэн бодол төрсөн нь тэр 2-ыг, ялангуяа охины ээжийн “өөртөө итгэх итгэл”-ийг жаахан ч гэсэн сэргээе гэж бодсонтой холбоотой. Ингэж бичих нь зохисгүй байж болох ч өөрт төрсөн бодлоо л хуваалцахыг хүссэн нь тэр..

Охины ээж бол миний насны эмэгтэй л дээ, гэхдээ намайг бодвол гэрийн эзэгтэй болчихсон, 4 хүүхдийн ээж гээд амьдрал гэгч далайн нэлээн гүнрүү аль эрт гишгэчихсэн, аливаад буурь суурьтай ханддаг “дотроо бодолтой, доороо суурьтай” гэж тодорхойлохуйц бүсгүй. Гэвч, нэг том дутагдал нь тэрээр “өөрийнхөө хүчинд найдаж эрсдэлтэй алхмуудыг хийн сонирхолтой, нээлттэй байх” гэх чухал чанараа нэлээн далдалчихсан мэт байдаг нь өөрийн эрхгүй эмзэглэхэд хүргэсэн. 2 удаагийн тохиолдлоор нийт 6 сар хамт байна гэдэг бол 7 юмуу 10-хан хонохоос өөр хэрэг байсан. Аль аль талаас нь бие биенээ гайгүй сайн мэдэхээр хугацаа.

Одоо цагт “өөртөө итгэлтэй байдал” хамгийн чухал учраас үеийн найзууд мэт болцгоосон түүнд хол замд ганцаараа (үнэндээ, охинтойгоо л доо) алхам тутмаа өөрөө хариуцан явах гэдэг ямар болохыг бага ч болов мэдрүүлэхийг хүссэн юм. Тэгээд ч дахин дахин ирэх боломжтой учраас хэдий болтол хүн дагаж явах билээ дээ…би тэр 2-ыг дагуулаад явахдаа тус хүргэж байгаа мэт боловч цаагуураа маш том хор хөнөөл учруулж буйгаа ойлгосон юм. Аливаа зүйлийг өөрөө гардан хийж байж л зовлон жаргалыг нь ойлгож, муухай сайхан амтыг нь мэдэрдэг учраас тэрхүү мэдрэмжийг л хуваалцахыг хичээсэн.

3 сарын өмнө…

Тэгээд, “замд гарах юм чинь мэдээж түрийвч хоосон явж болохгүй” гээд ирэнгүүтээ ажил хийхээр шийдсэн. Эхэндээ энэхүү шийдвэрийг маань эерэгээр хүлээн авч зөвшөөрөх хүн ховор байсаан. “Яагаад?” гэхээр ирсэн гол зорилгоосоо хазайхаас гадна хууль бус ажиллаж байгаад баригдчихвал эмчлүүлж байгаа охины ирээдүй болоод энд биднийг хариуцаж байсан байгууллагад маш хор хөнөөлтэй байх юм гэсэн. Магадгүй үнэн байсан байх. Гэхдээ, миний зүгээс бусдад тэгж муугаар нөлөөлөх алдаа гаргахгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан болохоор хэний ч эсэргүүцлийг тоогоогүй. Үүнд миний хэнэггүй зан ч эерэгээр нөлөөлсөнд баяртай байгаа. Мөн ямар нэгэн зүйл намайг харж үзсэн мэт ирснийхээ дараахан нь гудамжаар алхаж яваад л гэрийнхээ ойролцоо газарт ажилд орчихсон. “Санаж явахад бүтнээ” гэдэг л тэр байх..

Өнөөдөр бол нөгөө 2 маань өөрсдөө яваад ямар ч асуудалгүйгээр гэртээ аль хэдийн харьчихсан байхад би энд аялалдаа гарчихсан явж байна.

Энэ бүгдээс харахад бусдад төвөг учруулчихгүйгээр өөрийнхөө чин хүсэлд үнэнч үлдэж чадвал тэгээд л өөрт заяагдсан онцгой замаа дагах зөв алхмуудыг хийж байна гэсэн үг. Тийнхүү зөв шийдвэрүүдээ үргэлжлүүлсээр нэг эргээд харахад танд л зориулагдсан тэрхүү даалгавраа олчихсон, төдийгүй амжилттай сайхан биелүүлээд явж байгаагаа ойлгоно.

Эцсийн эцэст хүн бүр өөрөө өөртөө л үнэнч үлдэх нь чухал шүү дээ…

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s