Ганцаараа аялахын давуу талууд…

Хэдхэн жилийн өмнө л гэхэд ганцаараа аялах нь байтугай хүссэн газар руугаа явах боломжгүй байсантай харьцуулахад өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд гадаад ертөнц гэдэг үнэхээр хүсэх л юм бол хаашаа ч явахад нээлттэй сайхан болжээ…нэг бодлын ийм цаг үед төрсөн бид азтай юм…

Гэвч, харамсалтай нь хүн бүр үүргэвчээ үүрээд гарч чадахгүй байна. “Чаддаггүй”-н гол шалтгаануудын нэг нь “аюултай” гэх нөгөө л нэг айсан, цэрвэсэн, болгоомжилсон хандлагатай нь холбогдох…

Миний бие Зүүн Өмнөд Азийн 9 улс болон БНХАУ-ыг оролцуулан нийт 10 улсаар жирийн иргэдийн дунд орж, нийтийн тээвэр ашиглан ганцаараа 7 сарын турш яваад ирэхэд бидний боддог шиг аюултай зүйлс огт тааралдаж байгаагүй ээ. Харин ч ийм хэв маягаар аялах нь өөрийгөө танин мэдэж олох, нуугдмал чадваруудаа ил гаргах маш том боломж юм гэдгийг л баттай мэдэж авсан, өөрийгөө нээх сонгодог арга. Тиймээс ганцаарчилсан урт хугацааны аялалд ховсдуулчихсан гэхэд болно. Одоо бол надад буцах зам байхгүй мэт санагддаг ч заримдаа тийм ч амар биш юм аа, ялангуяа сэтгэл зүрхний дуудлагаар хэн нэгэнтэй холбогдчихсон үед…“Аялмаар байвч гэр бүлтэй учраас удаан явах ямар ч боломжгүй” гээд харамсангуй хэлэх хүмүүсийг ойлгож эхэлж байна. Тиймээс залуучуудыг ямар нэгэн татлаа түтлээгүй үедээ л хол яваасай гэж хүсмээр.. 

Гэхдээ “хүсэл байвал арга зам олддог” гэгчээр үнэхээр аялмаар байвал явах хэрэгтэй, анхны алхмаа туршаад үзэх нь зүйтэй. Эцсийн эцэст өөртөө л үнэнч байх нь чухал. Тийм учраас дараагийнхаа ганцаарчилсан аялалыг АНУ-ыг илүү танин мэдэхэд зориулах гээд сэтгэл маш өндөр сууна. Энэ удаагийн аялал маань байгаль эхийн хосгүй бүтээлүүдийг түшиглэхээс илүү “ХҮН” гэх өөрсөд рүүгээ чиглэсэн байх болно. Учир нь төрөх, үхэхийн энэхэн зуурт хэрхэн зөв амьдрах тухайд эрэлхийлэл хийх бодолтой.

Харин одоо, хэн ч байсан урт хугацаагаар аялахад ямар ч аюулгүй төдийгүй бүр “ганцаараа” явах нь ямар чухал давуу талуудтай болохыг та бүхэнд сонирхуулъя:

  1. Өөртөө итгэлтэй болох

Өөртөө итгэлтэй байх, энэ зан чанарыг олж эзэмшинэ гэдэг ажил, амьдрал гээд аль ч талбарт хамгийн чухал гэдгийг мэддэг боловч бидний ихэнх нь бүрэн дүүрэн хараахан хэрэгжүүлж чаддаггүй мэт харагддаг.

Үүргэвчээ үүрэн замд гарснаас хойш алхам бүр зөвхөн надаас шалтгаалж, алдсан ч оносон ч бүх хариуцлага толгой дээр минь бууж ирдэг учраас цаг минут тутамд өөрийнхөө л төлөө шийдвэр гаргадаг. Аливаа тулгарсан саад бэрхшээлийг зөвхөн өөрөө шийдэхээс өөр ямар ч сонголт байдаггүй. Тэр хэрээр асуудалтай тулгарч, өөрийгөө сорьж түүнийгээ даван туулах тусам урам авч, өөрийнхөө ертөнцийг томоор хардаг.

Өөртөө итгэдэг, найддаг, өөрөөрөө бахархаж “хэний ч тусламжгүйгээр би чадах юм байна” гэсэн бодлыг хэвшүүлэн хэрэгжүүлж эхэлнэ. Мөн хаана ч явсан янз бүрийн аргаар хэдэн төгрөг салгачих гэсэн нөхдүүд захаас тааралдах учраас нуруу цэх, толгой өндөр, хараа дээгүүр хэнээс ч тусламж дэмжлэг шаардлагагүй мэт, нэг үгээр хэлбэл бүхнийг мэддэг царайлж “хэнэггүй” харагдах нь маш чухал. Эхэндээ зөвхөн “тэгж харагдахын” төлөө жүжиглэх шаардлагатай, харин хэсэг хугацааны дараа төрөлх зан мэт хэвшчихдэг.

  1. Өөрийгөө олох, бүтээх

Дотоод хүнээ сонсох.

Ганцаараа явахад хэрвээ хүсэхгүй бол хэнтэй ч ярих шаардлагагүйгээр өөрийгөө тал талаас нь харах, сонсох, өнгөрснөө эргэцүүлэн бодож, дотоод хүнтэйгээ уулзах цаг маш их гардаг. Ингэж өөрийгөө чин сэтгэлээсээ сонсож чадсанаар би юуны төлөө, яах гэж яваад байна, миний хийж байгаа зүйлс өөрт маань таалагдаж байна уу үгүй юу, цаашид яах билээ гэх мэт асуултуудад хариулт хайж эхэлдэг. Тэгээд ч өдөр тутмын аар саар ахуйн асуудалд ороогдож бухимдахгүй болохоор зөв хариултаа ч олж чаддаг нь гайхалтай. Жинхэнэ дотоод хүнээ сонсдог гэсэн үг.

Өөрийгөө танин мэдэж, хийх дуртай зүйлээ олоод түүнийхээ төлөө цаг нарыг хайхралгүй явах ямар сайхан билээдээ…

  1. Бусадтай амархан танилцах боломж

Ганцаараа явж буй, ялангуяа том үүргэвчтэй, нэлээн урт хугацаанд явчихсан болвуу гэмээр царай төрхтэй байхад нутгийн хүмүүс маш уриалгахнаар сайхан хандаж, туслахад хэзээд бэлэн байдаг. Ялангуяа, эмэгтэйчүүд нь бол юу байгаагаараа дайлна, хамт зургаа авахуулна, очих газрын унаа тээврийн нөхцлийг яг үнэн бодитой хэлээд өгнө, өөрийн амьдрал ахуй, соёл, зан заншлаа чин сэтгэлээсээ хуваалцаж ахимаг настай бол ээж, эгч нар шиг минь, насаар бага бол үеийн найз, дүү нар шиг маань үнэхээр дотно хандсан тохиолдлууд олон таарч байлаа.

Эрэгтэй хүмүүс ч гэсэн сайхан сэтгэл гаргадаг боловч тэдний дийлэнх нь эцэстээ төстэй санаа бодолтой байдаг мэт хандлага (зөвхөн миний л хувийн туршлага) ажиглагдсан. Гэхдээ энэ бол учиргүй гар хөлнөөс бариад улаан цайм дайрна эсвэл хил давуулаад хүний наймаанд явуулчихна гэсэн үг огт биш. Харин “чи нөхөртэй юу?“, “хүүхэдтэй юу?“, “хаашаа явж байгаа юм, хүргээд өгөх үү?“, “орой завтай юу?”, “юм ууж жаахан суух уу?”, “хаана байрлаж байгаа юм, манайд очих уу?” гэдэг асуултууд бол түгээмэл. Харин хаана, хэзээ “ҮГҮЙ эсвэл ЗА” гэж хэлэхийг таны зөн совин буюу дотоод хүн чинь хэлээд өгнө.

Мөн хаа явсан газартаа бусад аялагчидтай найз нөхөд болоход нээлттэй, амар байдаг. 

  1. Эрх чөлөө

Өнгөрсөн үе болоод өнөөдөр ч дэлхийн зарим хэсэгт дуулддаг шиг хэцүү нөхцөл байдал Монголчууд бидний хувьд харьцангуй гайгүй гэж хэлж болохуйц боловч бидний “эмэгтэй, эрэгтэй” гэх хүйсэнд хамаатуулсан хэвшмэл ойлголт, нийгмийн хандлага, эргэн тойрон хүрээлэл болсон бусдын хүлээлт зэрэг нь “Эрх чөлөө” гэх энэхүү чухал үгийг жинхэнэ мөн чанараар нь хэрэглэх боломжийг хязгаарласаар л байна. Би хувьдаа энэхүү холбоо үгийг “хэнээс ч хамааралгүйгээр зөвхөн чин сэтгэлээсээ хүссэнээрээ бие даасан шийдвэрүүдийг гаргаж, зорьсноо биелүүлэх хязгааргүй боломж” гэж ойлгодог юм.

Хэл, соёлыг нь гүйцэд мэдэхгүй танил бус нийгэмд орохоор дээрх давхар дарамтуудыг мэдэрдэггүй нь намайг аялахад хүргэдэг байж ч магадгүй.  

Жишээлбэл, хоноглохоор сонгосон газар тухтай байвал хэд ч хонож болно, харин онцгүй санагдвал хүссэн үедээ гараад л дараагийн газар руугаа явах, унтмаар байвал цаг хэд болж байгааг ч хайхралгүй орондоо хэвтэх, идмээр байвал гараад л гудамжинд байх мухлаг юмуу ойрхон дэлгүүр ороод өөрт таалагдсанаа авах мөн аятайхан залуу тааралдвал санаа зоволтгүй харилцах зэрэгт хэн нэгний аяыг харж зөвшилцөх гэж цаг алдахгүй, нөгөөтэйгүүр хамгийн наад зах нь “бусдын адил байгаагүйгээрээ сөрөг дайралтанд өртөхвий” гэсэн болгоомжлолд автах шаардлагагүй нь сайхан.

Товчхондоо юу хүссэнээ хийх бүх зөвшөөрөл таны гарт.

  1. Бага мөнгө, их зүйл

Хосоороо юмуу бүлгээрээ явах нь зарим тохиолдолд давуу талтай. Тухайлбал буудлын өрөө, такси унааныхаа мөнгийг хувааж төлөхөд ганцаараа явснаас хямд тусна. Гэвч удаан хугацаагаар явахад ганцаараа байх нь хамаагүй хямдхан санагдсан. Ялангуяа ЗӨА-ийн орнуудаар аялахад буудлын нийтийн өрөөнүүд нь маш боломжийн хямд, зам дээр гараа өргөхөд моторт дугуйтай хүмүүс элбэг учраас дайгдах боломжтой, хамт яваа хүнээсээ санаа зовохгүйгээр хүссэн шийдвэрүүдээ гаргах гэх мэт. Мөн ганцаараа байхад их идэвхтэй болж аливаа шинэ, сонин содон зүйлсэд маш нээлттэй байдаг юм билээ. 

Миний нэг аялагч найз “аялмаар байвал 30 хүрэхээсээ өмнө замд гар” гэж хэлдэг байлаа. Аль болох насны залуу, цусны шингэн дээр “явах” гэдэг нь учиртай болоод тийнхүү дахин дахин сануулаад байсныг ойлгосон.

Товчхон дүгнэхэд, миний хэлж чадах ганцхан үнэн зүйл бол хэн ч ганцаараа явсан аюулгүй бөгөөд тийнхүү ганцаарчилсан аялал хийх нь өөрийгөө нээж олох хамгийн шилдэг арга.

Advertisements

2 thoughts on “Ганцаараа аялахын давуу талууд…

  1. Азжаргал

    Сайн байна байна уу? Ийм сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа.Хэрвээ боломжтой бол дараагийн удаа ганцаараа аялалд гарахад зайлшгүй шаардлагатай зүйлсийг хэлж өгөөч. Жишээлбэл: Хэлний мэдлэг дундаас дээш, эрүүл мэндийн даатгал, аяны дэр … гэдэг ч юм уу

    Reply
    1. Chimedee Post author

      Сайн уу! Бичлэг таалагдсанд баяртай байна. “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номонд маань таны сонирхож буй бүх мэдээлэл багтсан байгаадаа уг нь 🙂

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s