Аз жаргалын эрэлд…

Өнөөдөр 2017 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр.

Түр оршин сууж буй улсын маань төрийн тэргүүн нь албан ёсоор солигдох түүхэн өдөр.

Миний зүгээс нэгэн сонирхолтой төслийг олны дунд эхлүүлж, өөртөө болон бусдад онцгой өдөр болгоё гэж шийдсэн юм.

“АЗ ЖАРГАЛ”…энэхүү холбоо үгэнд дургүй хүн гэж байдаггүй байх. Хүн бүр л “АЗ ЖАРГАЛ”-тай амьдрахыг хүсдэг. Гэвч, “бидний ихэнх нь яагаад сэтгэл гундуухан яваад байна вэ?” гэх асуулт сүүлийн үед байн байн бодогдох болсон.

“Диваажин” мэт төсөөлдөг энэ Америк улсын нийт хүн амын талаас илүү хувь нь хүртэл “амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун бус” байдаг гэнэ. Гэтэл бидэнд “аймшигтай” мэт ойлгогддог Афганистан улсын иргэд Америкчуудаас “илүү сэтгэл хангалуун” гэж гарсан гэх нэгэн судалгааны илтгэлийг сонсоод үнэхээр гайхсан юм. Мөн дэлхийн улс орнуудыг хэд хэдэн үзүүлэлтээр харьцуулан хэр аз жаргалтай байгааг нь гаргадаг “Дэлхийн аз жаргалын индекс” судалгааны эхний 10 улс гэхэд санаанд оромгүй үр дүн харагдахаас гадна сүүл мушгисан орнуудыг нь харахад ч сэтгэл эмзэглэмээр…манайх гэхэд сүүлээсээ 5-р байранд орсон байх жишээтэй.

Тэгээд, “УЧИР НЬ ЮУНД БАЙНА ВЭ?” гэж гайхсан хэвээр…

Тиймээс, өнөөдрөөс эхлэн доорх зүйлсийг хийхээр шийдсэн.

  1. Өдөр бүр, доорх 3-хан асуултыг аль болох олон хүнээс асуух,
  2. Энэхүү 3 асуултанд хүмүүс хэрхэн хариулсан тухай богино бичвэрүүдийг “Аз жаргалын эрэлд” нэртэй фэйсбүүкийн хуудсандаа оруулах,
  3. “АЗ ЖАРГАЛ”-тай холбогдох сайхан яриа, ярилцлага, дүрст бичлэг, кино болон судалгаа, нийтлэл гээд энэ талаарх эерэг мэдээлэл авч болох бүхий л сурвалжуудыг дээрх хуудсаараа хуваалцана.

Энэхүү төсөл-аянаа дараа жилийн энэ өдөр хүртэл үргэлжлүүлэх бөгөөд ирэх 364 өдөрт аль улсын хаана нь ямар хүнээс “АЗ ЖАРГАЛ”-ын хариултуудаа нэхээд зогсож байх бол гэдэг үнэхээр сонирхолтой санагдахын зэрэгцээ сэтгэл ч догдлоостой :)…

За тэгээд жишээ болгон өөрийнхөө хариултуудыг та бүхэнтэй хуваалцаж байна. Та ч гэсэн 10-хан минутыг өөртөө зориулаад чин сэтгэлээсээ хариулаад үзэхийг хүсье!

  1. Аз жаргал гэж юу вэ?

– Би “АЗ ЖАРГАЛ” гэх үгэнд үнэхээр дуртай. Яагаад гэхээр бодол санаа ҮГ, үг нь ҮЙЛДЭЛ, үйлдэл нь ЗУРШИЛ тэгээд зуршил гэдэг чинь тэр чигтээ АМЬДРАЛ болдог учраас миний юу бодож, санаж явах л хамгийн чухал гэж боддог. Өвөг дээдэс маань энэ зүй тогтлыг “Сайн явах санааных” гээд гуравхан үгээр сайхан хэлчихсэн байдаг. Тэгэхээр, аз жаргал гэдгийг бодол-сэтгэлийн төлөв байдал гэж ойлгодог. Юунд ч санаа зовохгүй, сэтгэл хангалуун бөгөөд амар амгалан байх. Нөгөөтэйгүүр, өнгөрсөндөө харамсахгүй, ирээдүйдээ яарахгүйгээр яг одоодоо л байх тухай гэж хэлж болно.

2. Юу таныг аз жаргалтай болгодог вэ?

– Аз жаргалтай байна гэдэг нь өөрийн эрхгүй инээмсэглэх, эргэн тойрны бүх зүйлс гэрэл гэгээтэй, өөдрөг харагдаж, хаа ч муу муухай юмс байхгүй мэт санагдан, чаддаг үйлээрээ бусдад тусалмаар сэдэл төрөх, өөрт илүү буюу хэрэглэдэггүй эд зүйлээсээ хэрэгтэй байгаа хүмүүст нь өгөх зэргээр өөрийнхөө БИ-гээс давсан мэдрэмжийг ямар нэгэн байдлаар бусадтай хуваалцах тэр урам зориг юм болов уу гэж боддог. Маш олон зүйлс намайг аз жаргалтай болгодог. Өглөө гараад гүйхдээ сэтгэл хөөрч зөрж өнгөрөх хүмүүс рүү инээмсэглэнэ, заримтай нь мэндэлнэ, дуртай дуугаа, бичлэгээ, киногоо үзэн дотор нь умбах, дотны хүмүүстэйгээ юу ч бодохгүй илэн далангүй ярилцах, хайртай хүнтэйгээ хамт байх, сайхан эерэг мэдээлэлтэй ном, нийтлэлүүдийг уншин дараагийн хийх зүйлсээ мөрөөдөх, бодож явсан бичлэгээ блогтоо оруулах ч сайхан шүү гээд төгсгөлгүй үргэлжилнэ. Гэхдээ.., аз жаргалтай байх нь сэтгэлийн төлөв учраас агшин зуурын мэдрэмж юм шиг байгаан. Тиймээс бидний бодол, сэтгэл, бие энэ гурав л дуртай зүйлсээрээ дутагдаж эхлэхээр аз жаргалгүй болдог мэт…тухайлбал, хэрвээ ганцаардаж байвал дотно сэтгэлээр дутагдах, уйтгартай санагдвал тоглоом наадгай, баяр цэнгэлээр, өлсөж байвал хоолоор, даарч байвал дулаан орчин эсвэл зузаахан хувцсаар, УБ-т утаанаас болж бухимдаж байгаа бол цэвэр агаараар, нийгэм стресстай байгаа нь хүмүүс нийтээрээ сайн сайхан зүйлсээр дутагдах гээд үргэлжлүүлж болно. Энэхүү хэрэгцээг нь нөхөхөд л  сайхан болчихно. Гэхдээ тэрхүү аз жаргалтай байх мэдрэмж тогтмол үргэлжилнэ гэж байхгүй. Харин дутагдаж байгаа хэрэгцээ шаардлагыг тунг нь тааруулж хангахгүй бол уйдаж залхсанаар өөр зүйлийг хүсдэг мэт.

3. Таны бодлоор хүмүүс бид яавал илүү аз жаргалтай байх вэ?  

    – Хүн бүр адилгүй учраас “яг тийм” гэсэн ганцхан жор байхгүй байх. Гэхдээ энэ талаар сонирхож байхад хэд хэдэн зүйлс нийтлэг харагдсан. Тэр нь, Бурхны номонд зааснаар ШУНАЛ, УУР, АТАА гурвыг аливаа муу үйлийн эхлэл гэсэн байдагтай адил ойлголтууд байсан. Хүн гэгч амьтан хөрөнгө мөнгөтэй болох тусам улам л ихийг хүсдэг хэрнээ сэтгэл нь тэр чинээгээрээ тавгүй болж байдаг мэт. Тухайлбал, 1978 онд хийгдсэн нэгэн судалгаа сонирхолтой санагдсан. Сугалаанд маш их мөнгө хожсон болон дөрвөн мөчний саа тусаад тахир дутуу болсон 2 хүнийг харьцуулан судлахад 6 сарын дараа гэхэд сугалаанд хожсон нөхөр сугалаа хожхынхоо өмнөх өдрөөс ч аз жаргалгүй болсон байхад нөгөө хөдөлгөөний хомсдолтой нь өмнөхөөсөө илүү сэтгэл хангалуун байна гэж гарсан гэдэг. Тэгэхээр, хязгааргүй эд хөрөнгө, материаллаг эд зүйлс бол үргэлжилсэн аз жаргалыг авчирна гэж бодохгүй байна. Хамгийн чухал нь байгаадаа сэтгэл хангалуун, бусдыг өөрчлөх болоод өөрийнхөө хүслээр байлгах гэж хүлээлт бий болгохгүй, өөдрөг-эерэг бодолтой байхад л болчих мэт санагддаг. “Болдог юм болдгоороо л болнодоо” гээд инээмсэглээд явнаа л гэсэн үг…:)

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s