Өөртөө таалагддаг уу?

Өөрийнхөө ямар нэгэн зүйлийг өөрчлөх болон засаж янзлахыг хүсэж байгаагүй, анхнаасаа л байгаа бүхэндээ бүрэн дүүрэн сэтгэл хангалуун хүн байна уу? 

 Энэхүү асуултанд ямар ч эргэлзээгүйгээр “ТИЙМ” гэж хариулсан бол таныг магтаалын дээдээр шагная.

Гэхдээ.., ийм магтаал хүртэх хүн тун ховор гэдэгт итгэлтэй байна.

Бидний ихэнх нь “миний тэр тийм, энэ ч ийм, үүнийгээ л жаахан ингэчих юмсан, тэгчихвэл л болоод явчихна” гэх хүслийг ямагт тээж явдаг мэт санагддаг.

Миний хувьд бага байхаасаа л том гар, хөлтэй, ногоон нүдтэй гэдгээсээ маш их ичдэг байлаа. Ялангуяа, арван жилд байхдаа үеийнхээ охидуудтай харьцуулахад том мөчтэй, өндөрт тооцогддог, хөвгүүдтэйгээ эн тэнцүү үзэлцдэг гээд нийтлэг ойлголтоор охидуудад байх ёстой гэх “уяхан туяхан” зан чанар байдаггүй байсан юм. Тиймээс “эмэгтэй хүн, эрдэнийн чулуу 2 жижиг байх тусмаа чамин” гэх зүйрлэлийг тун хүндээр тусгаж авдаг байлаа.

Ийм байдлаас маань ч үүдсэн байж магадгүй…10-н жил болоод оюутан ахуйдаа ч үерхэл-хайр дурлалын асуудлаар эсрэг хүйстэнтэйгээ холбогдоогүй байдаг. Энэ талбарт тун хожуу хөл тавьсан гэхүүдээ.., найзуудыгаа энэ сэдвээр ярихаар “надад яагаад ийм зүйлс тохиолддоггүй юм бол, ийм тийм болохоор л…” гээд бусадтай адил бус хэсгүүдээ улам товойлгон бодож сэтгэлээр их унадаг байв. Болдогсон бол хөл гараа тайруулж багасгаад, нүднийхээ өнгийг нийтлэг хар, бор болгох юмсан гэж мөрөөддөг үе зөндөө байсан.

Тухайлбал, шинэ жил юмуу төгсөлтийн үдэшлэг гээд заавал өндөр өсгийт, даашинз өмсөх ёстой юм шиг ойлгогдох үеүд их хүнд тусна. Надаас бусад нь гоё гоё туфль өмсөж байхад би өөртөө тохирохыг олох гэж үгээ хэлдэг байв. Тийнхүү таарах юм олдохгүй юмуу том хөл, гарандаа санаа зовсон уураа “яах гэж ийм төрүүлсийн…” гээд ээждээ л уураа гаргана. Тэр болгонд ээж маань арга нь барагдсан аятай “миний охин чинь хөлийнхөө чинээгээр явж, гарынхаа хэмжээгээр амьдралын боломжийг атгах гэж ийм төрсөн юм ш дээ” хэмээн хэлдэг байсан. Одоо эргээд бодоход миний тэрхүү бухимдлын үгс тухайн үед ээжид минь ямар хүнд тусаж байсан бол гэж бодохоос өр минь өвдөж, ээжийгээ өрөвддөг юм.

Тэгэхэд “миний охин хол явнаа…” гэх нь бусадтай адил байж чадахгүйгээсээ бухимдсан охиноо тайвшруулах гэж аргагүйдсэн эх хүний үг байсан ч тэр л үед охиныхоо ирээдүйг зөгнөсөн эсвэл ингэж явахыг мэдсэн ч байж магадгүй юм шиг бодогддог, одоо…

13640956_10208179802145163_8249143738214321407_o

Гэтэл, өнөөдөр өмнө нь муухай гэж боддог байсан бүхэн маань намайг “онцгой” нэгэн болгож хувиргасан. Тиймээс одоо бол Женнифер Лопезийн өгзөг, Анжелина Жолигийн уруул, Келли Брук шиг төгс биетэй болгоё гэсэн ч зөвшөөрөхгүй ээ.

Харин өөрийнхөө чин хүслээр өглөө гүйж, дасгал хийх, алхах зэргээр биеэ тэгшилж, булчин шөрмөсөө чангалдаг зуршилтай. Энэ нь бүтэн өдрийн эрч хүчээ сэлбэж, урам зоригийг хайрладаг болохоос өмнөх бодлууд шиг бусадтай адил болох гэж биеийнхээ аль нэгэн хэсгийг өөрчлөх гэсэндээ биш юм.

Тэгэхээр бид бусдаас өөр байгаадаа санаа зовж, гутарч, өөрсдийгөө өөрчилж янзлах тухайд сэтгэлээ чилээх ямар ч шаардлагагүй гэдгийг л хэлэх гэсэндээ ийнхүү бичлээ.

Хорвоогийн тоосыг хөдөлгөх хувьтай “ХҮН” болж төрнө гэдэг юутай ч зүйрлэшгүй дээдийн заяа байх. Тийм болохоор хүн бүр бусдаасаа ялгарах онцгой чанар, чадвар, авьяас билэг, зорилго мөрөөдөл, бие галбиртай байж таарна. Тиймээс л ямар нэгэн байдлаар дахин давтагдашгүй үйлийг амжуулах даалгавартай ирсэн гэж боддог. Тэрхүү даалгавраа олж, биелүүлэх нь л бидний санаагаа чилээх хамгийн гол чиглэл болохоос өөрсдийнхөө өндөр нам, өргөн бүдүүн бие, онигор бүлцэн нүд, амьдарч буй байшин сав, унаж буй унаа тэрэг зэрэгт гансарч явах бол үнэхээр ЧУХАЛ БИШ.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s