Хуучин оноо дүгнэж, шинэ оноо зураглацгаах уу?

Шинэ жилийн баярын цэнгүүнүүдэд сэтгэл хөөрдөггүй хэрнээ хуучин он улирч, шинэ он айлчлан ирэх торгон мөчид гэрийнхэнтэйгээ оргилуун дарсаа буудуулахад бэлдчихээд, ерөнхийлөгч үг хэлэн, цагийн зүү 12 дээр очихыг тоолох тэрхэн агшинд нүдээ анин ирж буй онд хийж гүйцэтгэмээр байгаа ажил бүтээл, аялахыг хүсэж буй газар орнуудаа сэтгэлдээ төсөөлөн бодох хамгийн сайхан санагддаг юм.

Харин сүүлийн 3 жил сэтгэлийн ийм догдлолыг мэдрэхгүй өнгөрч байна. 2014-2015 онд ЗӨА-ийн орнуудаар хийсэн аялал үргэлжилж байсан бөгөөд он солигдох мөчид Мьянмар улсын Моулэмайни гэх жижиг хотод байж таарсан. Тэнд “шинэ жил болж байна” гэх ямар ч уур амьсгал ордоггүй ёстой сонин газар байсан. Өнгөрсөн жил бол АНУ-ын Вермонт мужийн Миддлэбөрид, энэ оныг Бостон хотод байх нь. Тэр Мьянмартай харьцуулахад энд бол утгаар нь тэмдэглэж болох ч манайхтай зөрөлдөх цагийн зөрүүнээс болоод ч тэрүү нэг л сэтгэл догдолдоггүй юм билээ.

Тиймээс тэрхүү мөрөөдөл зорилгоо дотоод хүндээ сануулах үйлдлээ заавал хоёр он солигдох мөчийг хүлээлгүйгээр гоё ном унших юмуу урам зориг өгөхүйц кино, богино бичлэгүүдийг түүж үзэх болон өглөө гүйхдээ, ажил дээрээ ядрахдаа төсөөлөн бодох зэрэг илүү олон давтамжтайгаар хийхийг хичээдэг болсон ч он солигдох мөч нэг л ондоо мэдрэмж өгдөг хэвээрээ…

Та бүхний хувьд 2016 он амжилт бүтээлийн арвин ургацтай, ахиж урагшилсан сайхан жил байсан гэдэг итгэлтэй байна. Сайхны эсрэг муухай зүйлс ч тохиолдсон байж болно. Хэрвээ тийм бол “зовлон бэрхшээл дааж гарах хүнээ сонгож ирдэг” гэдгийг санан тэрхүү бэрхшээлийг давж гарсан нь л чухал бөгөөд түүнээсээ сургамж авсан бол хамгийн том ололт гэж бодож байна.

Миний хувьд 2016 он буюу 30 насны маань ойн жил маш гайхалтай үйл явдал, үр бүтээлээр дүүрэн байлаа.

Хамгийн чухлаас нь дурьдвал:

1. Хүн болж мэндэлсэн бид ямар учиртай, юуг хийж бүтээх гэж илгээгдсэнээ олох нь хамгийн чухал мэт. Тэрхүү жинхэнэ дүр төрхөө олохын төлөө уйгагүй зүтгэдэг тууштай байгаасай гэх сэдлийг өгөх зорилготой бичсэн бүтээл маань олонд хүрч байгааг мэдрэх үнэхээр сайхан байлаа.

3

2. “Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 30 наснаас эхэлдэг” нэртэй ном уншиж байснаа санаж байна. Тэнд, биднийг 30 хүртлээ “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэ” гэдэгтэй зүйрлэхүйц хүссэн бүхнээ хий тэгээд энэ наснаас хойш тогтвор суурьшилтай, баталгаатай яваа гэсэн утгатай бичигдсэн байсан. Мөн нэг аялагч найз “30 хүрэхээсээ өмнө л замд гар, ганцаараа яв” гэж их хэлдэг байсан юм. Ер нь энэ бүхнийг эргээд харахад туршлагажсан хүмүүс оргүй зүйл хэлээгүй байж. Яагаад гэхээр би гэдэг хүн “хамтран зүтгэгчтэй” болсон. Үүнийгээ “тогтвортой” гэж үзэж байгаа тул өнгөрөгч оныхоо чухал зүйлсийн нэгээр тодруулж байна 🙂

3. Барааг нь ч болтугай харах юмсан гэж боддог байсан их сургуульдаа (Харвард) хэд хоног хууль бусаар шахуу суугаад барилга байшин, хичээлийн анги танхим, багш профессоруудынх нь заах арга барил, зарим хичээлийнх нь агуулга, хэрэглэж буй сурах бичиг-материал болон оюутнуудынх нь оролцоо зэргийг гадарлахтайгаа болоодохсон.

4. Аялалын тухайд ч зүгээр суусангүй жил байв. Хоёрдугаар сарын төгсгөлд Америкаас нутаг буцан зуны ажил эхэлтэл номон дээрээ төвлөрч байгаад зун ажил, амралтын байдалтай хөдөөгүүр нэлээн явсан. Дараа нь ОХУ, Тайланд руу аялал-алжаал тайлах байдалтай яваад одоо дахин АНУ-д ирчихээд өвлийн саруудыг утаанд санаа зовохгүй өнгөрөөж сууна.

Энэ бүхний төгсгөлд “ТЭВЧЭЭР” гэх үгээр сурсан сургамжаа илэрхийлмээр байна. Бүх зүйлс өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг мэт. Болоогүй юманд яарч адгах ямар ч шаардлагагүй..харин тэр зүйлс цаг нь болохоор аяндаа бүтчихнэ. Цаашид баримтлах зарчим бол “ЗӨВ ХАНДЛАГА”. Бидний өөрсдийн хандлага, бодол л бидний амьдрал болоод хэн гэдгийг тодорхойлоод өгнө.

Ийнхүү 2016 онд амжуулсан үйл хэргээ жагсаахын зэрэгцээ найз нөхдийн харилцаа сэргэсэн, танилын хүрээ нэмэгдсэн, сэтгэл болоод биеийнхээ гоо зүй, эрүүл мэндэд түлхүү анхаарсан алхмуудыг зуршил болгож эхэлсэн гээд ер нь л маш том эргэлтийн жил байсан мэт санагдана.

Харин ирж буй 2017 онд юуг юуг хийж бүтээхээр мөрөөдөн төлөвлөж буйгаа хуваалцъя. Өмнө нь “мөрөөдлөө битгий ярь биелдэггүй юм” гэхийг зөндөө сонсдог байлаа. Одоо бол үүнийг маш буруу хандлага байжээ гэж боддог болсон. Харин ч ил тод, итгэлтэйгээр ярьж илэрхийлэх тусам дотоод хүндээ тодорхой үүрэг өгч байна гэсэн үг юм. Бидний дотор байдаг энэ хүн юуг ч биелүүлэх боломжтой хязгааргүй чадамжтай санагддаг шүү. Нөгөөтэйгүүр, гадаад хүрээлэл болох бусдад хариуцлагатай хандах үүднээс хэлснээ биелүүлэх гэж өөрийн эрхгүй зүтгэдэг юм билээ. Би үүнийг номоо бичих туршлагаасаа олж харсан. https://goo.gl/zlYgkD 

2017 оны эхний саруудад үргэлжлүүлэн АНУ-д байхаар шийдсэн. Аялах уу эсвэл ажиллах уу гэдэг одоогоор тодорхойгүй байгаа.

Өмнө нь, эндээсээ Европ тив тэгээд цаашаа газраар гэрлүүгээ явъя гэж бодож байтал “АНУ-ын иргэн биш бол шенгэний визийг заавал эх орноосоо хүсэх ёстой” гэх хариуг холбогдох газраас нь хүлээн аваад энэхүү бодлоо хаяхаас өөрчгүй болсон. Уг нь, би өөрийгөө дэлхийн иргэн хэрвээ хүсвэл хаана ч очно гэж бардамнаж явдаг юм. Гэтэл иймэрхүү хаалт өмнө тулаад ирэнгүүт өөрийн эрхгүй “олон улсын харилцаанд ямар ч жин дардаггүй, хэний ч ашиг сонирхолд нөлөөлдөггүй бичкээн улсын иргэн шүү” гэдгийг сануулаад өгөх юм. Тэгтэл Америк болон Европын холбооны ихэнх орнуудын иргэд хоорондоо 90 хүртэл хоног визгүй зорчихын зэрэгцээ нислэгийн тасалбар нь ч хямд гэж…

Хүн мэддэггүйгээ мэддэггүй. Мөн мэдэхгүй зүйлээсээ айдаг бөгөөд ихэнхдээ мэдэхгүйгээсээ болж алддаг мэт санагддаг. Би өдийг хүртэл хоёул болох тэгээд гурвуул, магадгүй дөрвүүл, тавуул болох талаар огт мэддэггүй, бүр мэдэхээс зугтаадаг байлаа. Аливаа айдастай нүүр тулж, даван гарах эсвэл дарагдах гэдгээ мэдэхээс нааш тэрхүү айдас улам томорсоор л байх юм шиг… Тиймээс тэр айдас надад юу бэлдээд байгааг мэдрэх цаг нь болсон юм шиг байна. Энэхүү айдастай ирэх онд нүүр тулахад бие, сэтгэл маань бэлэн. Харин, энэ айдас надаас айвал 2017 оны намраас Өмнөд Азийн орнуудаар явах хүсэлтэй байгаа. Энэтхэгт бясалгал, иогоор хичээллэнэ, Непаль улсын талаас Эверэстийн баазад очиж аймшигтай-аюултай мэт оргилуудыг эхний удаа алсаас ч болтугай харах, дараагийн удаа авиралт хийх (үнэ нь хямдарсан үед :)) гэдэг бол миний хамгийн том мөрөөдлүүдийн маань нэг.

Би нь ийнхүү 2016 оноо дүгнэж, 2017 оноо төлөвлөчихлөө. Харин одоо таны ээлж ирлээ. Тэгэхээр өнгөрсөн оныхоо амжилт ололт болоод сурсан сургамжийг ирэх оныхоо зорилго төлөвлөгөөтэй хуваалцахыг хүсье!

Ирж буй 2017 онд таны санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэдэгт итгэлтэй байна, БАЯРЛАЛАА 🙂

 

 

 

 

Advertisements

4 thoughts on “Хуучин оноо дүгнэж, шинэ оноо зураглацгаах уу?

  1. uundaa

    Ном нь олон хүнд урам зориг өгсөн байх шүү. Ирэх ондоо үзүүлээд өгөөрэй. Амжилт!

    Reply
  2. Tanantara

    Ymar goy yum be unshsan chine umnuus chine setgel dogdolchihloo. temdeglel bichdegt chine bayrlalaa unshij uram zorig sanaa sedel awdag negen Mongol demjigch chine bna aa. Za tegeed ireh ondoo sanaj sedsen bolgondoo hureerei. ijilhen zuil sonirhdog bolohoor nadaas arai turuulj alhaj baigaa hunii hiij buteej ywaag harah shn yum6 Ireeduidee iluu itgeltei zorigtoi baihad uram zorig ugdug shu.

    Reply
    1. Chimedee Post author

      Маш их баярлалаа :)..Яагаад ч юм мөн сэтгэл догдолчихлоо, Монголд шинэ он гарах гэж байгаа болохоор тэгэх шиг боллоо хэхэ.
      Ирж буй 2017 он таны хувьд мөн ГАЙХАЛТАЙ зүйлсээр дүүрэн байхыг хүсье!

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s