Эртний Торгоны замын эхлэл Си’ань хот

Ази, Африк, Европ 3 тивийг холбон, эртний Грек, Ром, Египет, Энэтхэг, Хятадын соёл иргэншлүүдээр дамжин хөгжил цэцэглэлтийн гол хөшүүрэг болсон худалдаа арилжаа, соёл, шашин, гүн ухаан, урлаг, техник технологийн солилцоог бий болгож, энх тайвнаар бие биенээсээ суралцан хүн төрөлхтний түүхэнд хэмжээлшгүй хувь нэмрийг оруулсан гол чиглэл бол “Эртний Торгоны Зам” гэж дүгнэгддэг.

Энэхүү торгоны замын талаарх мэдээлэл хомс, мэдлэг нимгэнтэй байсан би “энэ зам чинь 13-р зуунд манай Хархориноос л эхэлсэн байх” гэсэн бодолтой явснаа нуух юун. Одоо бол ичих сэтгэл төрж байна.

Гэтэл Си’ань хотод ирээд музей, үзэсгэлэнгүүдээр нь зочилсныхоо дараа маш өөр төсөөлөлтэй болчихлоо. Тухайлбал, энэхүү нэршлийн талаарх түүхийг уншаад, зургийг нь хартал миний төсөөлж байснаас бүр урагшлах он цагуудтай холбогдох юм. Ганцхан жишээг дурьдахад: МЭӨ 139 онд тухайн үеийн баруун Хан гүрний үед нийслэл Чанган (Chang’an) буюу одоогийн Си’ань хотоос Зан Шань (Zhang Qian) гэдэг хүн эзэн хааныхаа зарлигийн дагуу 100 гаруй бараа бологсдынхоо хамтаар хойд зүгээс байн байн довтлох нүүдэлчин овог аймгуудын өөдөөс хамтрах холбоотон олох зорилготойгоор өрнө зүгт гарсныг энэхүү замыг нээх анхны оролдлого байсан гэж үздэг юм байна. Гэвч сүүлийн үеийн зарим археологийн олдворууд бүр цаашлах он цагийг ч ярихад хүргээд байгаа гэнэ.

Гэвч “Торго”-ны гэж нэрлэгдэх болсон нь өнө эртний түүхэн цаг үетэй нь харьцуулбал “дөнгөж саяхан” гэж хэлж болохуйц буюу 1877 оноос л эхэлжээ. Германы газарзүйч Хятад судлаач Фердинанд Фрэйхир вон Ричтофин (Ferdinand Freiherr von Richthofen) гэдэг хүн өөрийнхөө олон жилийн туршид үргэлжлүүлсэн судалгаанд үндэслэн “Торгоны Зам” гэх нэрийг өгөхийг санал болгоход энэ чиглэлийн Өрнө, Дорны бусад судлаачид ч хүлээн зөвшөөрснөөр албан ёсоор ийн нэрийдэх болжээ.

Эртний Хятадын үе үеийн эзэнт улсуудын нийслэл ялангуяа тус улсын түүхэнд алтан үе гэж нэрлэгддэг Тан улсын нийслэл байсан, одоогийн Си’ань бол аргагүй л тэр олон жилийн түүх- соёлыг хадгалж үлдсэн гэдгээрээ ч юмуу ер нь бүх зүйлээрээ миний сэтгэлийг хамгийн их татсан газар. Эртний энэ сайхан түүхэн өв соёл уламжлалаа сэргээхээр Хятадын төр засаг их анхаарч байна. 2013 оноос хойш “Торгоны Зам-Эдийн Засгийн Бүс” хэмээн яригдахыг олонтаа сонсож байлаа.

Өчигдөр өглөө энд ирэхэд бороо орж байсан одоо ч орсоор л байна. Цаг агаарын мэдээ хартал явахад хүртэл орсоор л байх бололтой. “Хувьтай хүн хурнаар” гэгчээр бороогоор угтуулаад, үдүүлдэг их хувьтай юмаа гээд л эерэг талаас нь харъядаа.

Ирэхээсээ өмнө ийм агуу үүх түүхтэй, цаанаа л нэг эрхэмсэг гэж хэлж болохуйц газар болохыг нь мэдээгүй явсан болохоор үүгээр дайрах цор ганц шалтгаан нь Хуашань ууланд авирах. Гэтэл энд үзэх зүйлс мөн ч их байна. 3100 гаруй жилийн хугацаанд 6-н улсын нийслэл байсан, дээрээс нь энэ чухал замын эхлэл цэг гээд бодохоор аргагүй юм.

Энд байх хугацаандаа гэртээ байлгах хүн олж чадаагүй учраас хоногийн 9000 төгрөгөөр “Warriors Youth” нэртэй дэн буудлын нийтийн өрөөнд байрлалаа. Ор хөнжил нь зөөлөн тухтай, шүршүүр болон интернэт нь сайн ажиллахын зэрэгцээ хамгийн чухал болох “байршил” нь хотынхоо яг төвд. Иймэрхүү боломжийн газруудыг бусад улсуудад ч мөн адил http://www.hostelworld.com-с төвөггүй олж явлаа.

Энэ дэн буудалд байх хугацаандаа нэг өглөөний цайг 20%-ийн хөнгөлөлттэй авахаас гадна 1 удаа үнэгүй кофе уух эрхтэй. Өглөөний цай нь 20-25 юань.

Эхний өглөө дуртай кофегоо уучихаад, хажууханд орших хэрмийг үзэхээр гарлаа. Орох тасалбар нь бүтэн тойрвол 54 юань, хагас бол 27 байв. Би ч дуун дээр бүтэн тойрохыг нь авчихсан. Харин дараа нь дуусгачихаад гарч ирэхдээ “хагас гэж хэлэн тасалбараа авчихаад бүтэн тойрчихож болох л байсныг анзаарсан. Замд юмуу гарч ирэхэд огт шалгасангүй. Зарим нөхцөлд худлаа хэлэх гэхээр хүн чанар зулгаадаг ч харин аль алинд нь тийм ч хор хохиролтой биш бол багахан зэргийн хэл хальтрах бол байх л зүйл мэт санагддаг.

Цэрэг армийн хамгаалалтын зориулалттай баригдсан дэлхийн хамгийн том байгууламжуудын нэгт тооцогддог 12 метр өндөр, 12-14 метрийн өргөн, 13,7 километрийн урттай Си’ань хотын хэрэм баригдсан цагаасаа өнөөг хүртэлх 700 гаруй жилийн туршид бүтнээрээ үлдэж чадсан цайз гэдгээрээ алдартай гэнэ. Тиймээс 2008 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.

АНУ-ын анхны өнгөт арьстан тэргүүн хатагтай Мишель Обама 2014 оны 3-р сар буюу намайг очихоос 6-хан сарын өмнө ирж үзчихээд сэтгэл маш өндөр буцсан гэсэн мэдээ харлаа. Минийх ч мөн адил “үнэхээр гайхалтай” гэхээс өөр үг олдохгүй нь.

11

 

36 км.кв газрыг дотроо багтаасан энэхүү хэрмээр бүтэн алхана гэхэд жаахан хол санагдсан тул дугуй унаад тойрох боломжийг нь ашиглая уу гэтэл дөнгөж сурч буй надад бороотой халтиргаатай зам тийм ч тохиромжтой байсангүй.

Дугуй унаж, усанд сэлж чадахгүй гэдгийг маань сонсоод зарим хүмүүс их гайхна. Тэгэхээр нь “6, 7 настайдаа хурдны морь унаж байсан уу?” гээд эргүүлээд асуухаар чимээгүй болчихдог. Төрж өссөн газар, орчин, соёл, ахуй амьдралын хэв маяг зэргээс үүдэн гарах ялгаанууд маш их юм аа.

Хамгийн хөгжилтэй нь дугуй унаж чаддаггүй ч гэсэн “хэзээ нэг өдөр дугуйгаар явна даа гэж бодохыг яана. Гэхдээ зүгээр ч нэг ойрхон зайд явах биш. АЯЛАХ: нэг, хоёр эсвэл бүр хэд хэдэн улсыг дамжаад л…

Харин санаж явахад бүтнэ гэгчээр сайн багшид шавь орсон. Багш маань дугуйгаар Скандинавийн орнуудаар аялан хойд туйлд хүрч, Такламаканы цөлөөр гаталж, Тэнгэр уулыг даван дэлхийг тойрч яваа гайхалтай аялагч.

Дугуйгаа буцааж өгчихөөд алхчихсан чинь бүтэн тойроод ирэхэд 4 цагийг зарцуулчихсан байлаа. Хөлийн булчин жаахан өвдсөнийг эс тооцвол 10 гаруй километр алхсан гэхээргүй байв. Эргэн тойрноо хараад, замд дайралдах мэдээлэл, зургуудтай нь танилцах зэргээр зугаатай явсан болохоор тэр байх.

Маргааш өглөө хамгийн гоё газар луугаа явна.

“Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номын хэсгээс…

 

Advertisements

6 thoughts on “Эртний Торгоны замын эхлэл Си’ань хот

  1. Gantsetseg Enkhjargal

    Хэд хоногоос үүргэвчтэй аялал хийх бодол бүүр салахаа байлаа шүү. хэхэ. Зүүн өмнөд азийн орнуудаар аялах хүсэлтэй. Яг таны бичиж байгаа ном надад тус болох юм шигээ. Номыг нь тэсэн яадан хүлээж байна. Амжилт

    Reply
    1. Chimedee Post author

      Хятадаар дамжаад Лаос, Тайланд, Малайз, Сингапур гээд бүр цаашилбал Индонез, Филиппин гээд явбал ч бүгд визгүй дээ одоо тэгээд ч аялахад боломжийн улирал нь ирж байна. Өмнө нь явж байгаагүй туршлагагүй гэж бодох хэрэггүй, тэгэх ч шаардлага гарахгүй ээ.

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s