Аялахыг хүсч байвал үүргэвчээ үүрээд л гар…

7 сар үргэлжилсэн үүргэвчтэй аялалаасаа ирээд тун удаагүй байхад аяны богцыг маань анхлан задалсан “Үндэсний Шуудан” сонинд талархлаа илэрхийлье.

Яагаад үүргэвчтэй аялал хийх болсон бэ? Ганцаараа үүргэвчээ үүрээд явна гэдэг эмэгтэй хүнд их зориг шаардах зүйл шүү дээ?

– Магадгүй, гэхдээ багаасаа ийш тийшээ уул хадруу ганцаараа явдаг, авирчихдаг ер нь чөлөөт байдалд их дуртай хүүхэд байсан. Монгол бадарчин Амай Африкийн улсуудаар аялж байх үед нь анх блогоор нь зочилж, бүх бичлэгийг нь уншаад яг хамт яваа мэтээр санагддаг байлаа. Энэ үеэс л ганцаараа үүргэвчтэй аялал хийх санаа төрсөн. Удаан бодсоор өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд аялалдаа гараад 7 сарын дараа эх орондоо ирээд байна. Ганцаарчилсан бөгөөд үүргэвчтэй аялал хийх гол шалтгаан бол өөрийгөө илүү танин мэдэх, нээх л зорилготой байсан.

Ганцаараа үүргэвчтэй аялал хийнэ гэхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

– Анх явна гэж хэлэхэд нааштай хүлээж авсан хүн ховор байсан боловч эрс эсэргүүцсэн хүн байгаагүй. Хувь хүний хүсэл мөрөөдөл, гаргасан шийдвэрүүдийг хүндэлдэг гэр бүлийнхэн болоод тойрон хүрээлэлтэй байгаадаа баярладаг.

Нийт хэдэн улсаар аялаад ирэв?

-Зүүн Өмнөд Азийн 10 улсаар орно гэсэн зорилготой байсан ч Брунейгээр орж чадаагүй. Хятадаас эхлээд Вьетнам, Камбож, Тайланд, Лаос, Мьянмар, Малайз, Сингапур, Индонез, Филиппин гэсэн 10 улсаар орсон.

Нэг улсад дунджаар хэд хоносон бэ?

– Янз бүр. Тухайлбал Тайланд, Малайзад 3, 4 удаагийн оролтоор нийт сар гаруй болсон байхад Сингапурт хэдхэн цаг болоод 1 шөнийг онгоцны буудалд нь өнгөрөөчихөөд нисэж байлаа. Филиппинд 10, Мьянмарт 16, Камбож 14, Хятадаар 30 гаруй хоног гэх мэтчилэн харилцан адилгүй юм.

Аялалын хугацаанд хүндрэлтэй зүйл юу байсан бэ?

– Тухайн үедээ хүндрэл бэрхшээлүүд байсан л байх гэхдээ ямар ч тохиолдолд “яах гэж энэ аялалыг эхлүүлвээ, ингэж ч явах гэж…” гэсэн бодол огт төрж байгаагүй юм шүү. Хүн дуртай зүйлээ хийхээр ядардаггүй гэж тэр байх. Санхүү бол хамгийн эхний том бэрхшээл байсан. Гэхдээ гэр бүл, таньдаг таньдаггүй найз нөхдийн тусламж дэмжлэгээр асуудалгүй яваад ирсэн. Визний асуудал харьцангуй хялбар шийдэгдэж байсан ч Бруней улсаар л орж чадаагүй. Хил дээрээс нь авчихдаг болвуу гэж бодоод нухацтай үзээгүй юм л даа гэтэл үгүй юм билээ.

Долоон сарын хугацаанд арван улсаар зорчсон. Дурсамжтай зүйл маш их бий байх. Уншигчидтай маань сонирхолтой түүхээсээ хуваалцаач?

– Маш их бий. Би ууланд авирах дуртай. Тийм учраас энэ сонирхолдоо түлхүү хөтлөгдөж явсан. Жишээлбэл, Хятадын Хуашань ууланд гарсан. Хамгийн аюултай авиралт хийгддэг гэдгээрээ адал явдал хайгчдыг татдаг газар. Мөн Аватар киноны зураг авалт хийгдсэн Занжиажиэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн, татсан утсаар хөдөлдөг хамгийн урт тэргэнцэрээр гардаг Тиэнмин уул, түүний шилэн гүүр, 999 шатаар өгсөн Диваажингийн хаалганд хүрэх гэхчлэн Хятад улсаар бол маш үзэсгэлэнтэй газруудаар нь явсан. Ерөнхийдөө Хятад орон их таалагдсан. Манайхан Хятад гэхээр л сөрөг бодолтой байдаг. Гэтэл яг бодит байдал дээрээ харин ч их тусархаг хүмүүс байна лээ. Бид зөв мэдээлэлгүй мөртлөө худлаа буруутгасан буруу хандлага, ойлголтуудаасаа салах цаг болсон харагдсан. Мөн Вьетнам улсад Энэтхэг-Хятадын хойгийн дээвэр гэж нэрлэгддэг далайн түвшнөөс дээш 3143 метрийн өндөрт орших Фансипан ууланд гарсан. Энэ бол хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан авиралт байсан. Замдаа хоноод 2 өдөр алхаж хүрдэг юм билээ. Тэгээд 2 дахь өглөө нь биднийг оргилд гарахын өмнөхөн ширүүн бороо ороод зам нь маш аюултай болсон. Би дулаан хувцас ч үгүй явсан болохоор хүйтэн бороонд цохиулаад, буцаж бууж явахдаа ингээд л осгож үхдэг юм байж дээ гэж бодох үе тохиолдож л байлаа/инээв/. Дараа нь Индонез улсад “Цэнхэр гал” үзнэ гэж галт уулын тогооруу орсон. Даанч очихоос гурав хоногийн өмнө галт уулын идэвхжил болоод хорт хий ялгарсан гээд хамгаалагч нь оруулахгүй байсан ч гуйсаар байгаад орсон нь маш аюултай хорт хий утаан дунд өөрсдийнхөө амь насаар дэнчин тавьсан хэрэг байсан. Үндсэндээ 7 сарын аялал маань өдөр бүхэн нь дахин давтагдашгүйгээр өрнөсөн, маш сонирхолтой цаг үе байсан.

“Цэнхэр гал” гэхээр сонирхолтой байна. Үүнийг тодруулж өгөөч?

– Галт уулын тогоонд байнгын давтамжтай хийн идэвхжил болж байдаг. Тэр нь харанхуйд цэнхэр өнгөтэй болж харагддаг юм гэсэн. Энэ галыг үзэхийн тулд шөнийн 1 цагт очих ёстой байсан боловч хорт хий ялгарсны улмаас бид оройтож орсон тул цэнхэр галаа үзэж чадаагүй буцсан.

Нэг улсаас нөгөөд очихдоо өмнө нь аяллын компанитай холбогдож байв уу?

– Очиж үзэхийг хүсч байгаа газарт нийтийн тээвэр очих боломжгүй эсвэл цаг хугацааны хувьд давчуу үед л аялалын зуучлагчтай холбогдож, аялалын багт орж байсан. Бусад тохиолдолд бол ихэнхдээ хамгийн хямд унаа сонгон ганцаараа явж байлаа. Одоо гүүгл (google) гэж сайхан зүйл байна шүү дээ. Шинэ газар очихдоо хаана, юу үзэх үү, тийшээ яаж явах уу гэдгийг эндээс л хайгаад ихэнх мэдээллээ авчихдаг байсан. Тиймээс ямар нэгэн хүндрэл байгаагүй.

Цаашид үүргэвчтэй аялах бодол бий юу?

– Байгаа. Гэртээ ирээгүй байж л дараа нь хаашаа аялах тухайгаа бодчихсон ш дээ /инээв/. Хүний л очих боломжтой бүх газруудаар явж үзмээр байна. Ойрын зорилт гэвэл Өмнөд Ази, Эртний торгоны зам дагуу болон Хойд, Өмнөд Америк тивүүдээр аялах бодолтой. Хэзээ, хэрхэн гэдэг нь тодорхой биш ч гэсэн санаж явбал бүтнэ гэдэг дээ.

Үүргэвчтэй аялал хийж байгаа хүнд адал явдал их тохиолдсон байж таарна. Олон аялалын дараагаар ном бичвэл тун сонирхолтой байна байх. Тийм бодол байгаа юу?

– Энэ тухай блогтоо ам алдчихсан байгаа /инээв/. Сонирхолтой түүх, туршлагуудаа эмхэтгэн, эдгээр улсуудаар аялахыг хүсч байгаа хүмүүст гарын авлага болохуйц болон аялах хүсэл сонирхолтой боловч анхны алхмаа хийж чадахгүй яваа нийт залуучуудад урам, сэдэл өгөх зорилготой номоо бичнэ гэж бодож байгаа. Ер нь ингэж аялах нь залуу хүмүүст маш их хэрэгтэй. Олон улсаар явж юм үзэж нүд тайлан өөрсдийгөө бардам зан, элдэв хаалтгүйгээр харж чадсаны үндсэн дээр “яах гэж амьдраад байгаа билээ, би яг амьдарч чадаж байна уу, өнгө мөнгө, нэр алдар, эд материаллаг зүйлс эцсийн эцэст юунд хэрэгтэй юм бэ?” гэх мэтчилэн бодож, жинхэнэ өөрийгөө олж танихыг хүсч эхэлдэг. Мөн байгаадаа сэтгэл хангалуун, энгийн амьдрахыг ухаардаг мэт. Түүнчлэн газар бүрээс олон найзтай болно. Товчхондоо хайрцаглагдсан сэтгэхүйгээ л задалж байгаа юм.

Гадаадынхан үүргэвчтэй аялал хийх нь их байдаг юм шиг санагддаг. Аялагчидтай хэр их таарч байв?

– Тийм, барууны залуучууд их аялж байна. Ижил сонирхолтой олон аялагчидтай таарч байлаа. Заримтай нь хэд хэдэн улсад таарна. Чиглэл нэг учраас тэр л дээ. Аялалд гараагүй байхаасаа л үүргэвчтэй аялагчдыг гэртээ хонуулаад гаргадаг тэдэнтэй их ойр байдаг байсан. Миний зочдоос хамгийн залуу нь 16 настай хоёр герман охин байсан. Тэр хоёрыг хараад ийм багаасаа ингээд явж байдаг мундаг зоригтой юмаа гээд бахархаж байлаа. Энд тэнд хүмүүстэй таараад Монголоос ирсэн гэхэд ямар гоё юм бэ, миний очиж үзэхийг мөрөөддөг газар гээд их найрсаг хүлээж авдаг. Тэр бүрт бусдад тийм сайхан ойлголттой байгаагаараа бахархаж, өөр “оноо” нэмчих боломжтой мэдээллийг хүргэхийг хичээнэдээ.

Монголынхоо үзэсгэлэнт газруудаар хэр явж үзсэн бэ?

– Бүх газраар явсан гэж хэлж чадахгүй ч ажил, аялалын шугамаар бол ихэнх аймгуудаараа явж үзсэн. Дараа дараагийн удаад Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж үзэх хүсэл бий.

Үүргэвчтэй аялах хүсэлтэй залуус олон бий байх. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

– “Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэдэг дээ. Үнэхээр аялах хүсэлтэй байгаа бол үүргэвчээ үүрээд л замд гар. Гэхдээ эхлээд бодол, төсөөлөлдөө замд гар. Мөрөөднө гэсэн үг. Өнөөдөр тэгье гээд л маргааш бүтчихдэг амар юм гэж энэ хорвоод байдаг билүү? Гэвч нөгөөтэйгүүр их бэлдэж, яах бол гэж санаа зовох хэрэггүй. Эхний алхмаа хийсэн байхад бүх юм өмнө чинь зурайгаад л гараад ирнэ.

2015 оны 5 сар, УБ хот

Advertisements

2 thoughts on “Аялахыг хүсч байвал үүргэвчээ үүрээд л гар…

  1. Khishigjargal

    Sn bnuu aylaliin temdegleliig unshlaa taalagdlaa
    Garah nomig n hezee be gj asuuh geed maash ih yaarch bnaaa uurin tani fb hayag medehgvi bga bhor nomiin talaar delgerengvi medeelel avah yumsan gj bodloo bas ANU ruu aylasn temdeglel sonirhood l ta hariu vldeegeerei bayarlalaa minii hayag phishigjargal@yahoo.com Fb:Jargal Jargal 😊😊😊👍

    Reply
    1. Chimedee Post author

      Сайн уу, блогоор маань зочилсонд баярлалаа..номоо 9 сард гаргахаар түр хойшлуулчихаад байгаа харин фэйсбүүкд “Зүүн Өмнөд Азиар аялах нь” гэсэн хуудсаар мэдээллээ хуваалцаж байгаа 🙂

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s