Аймшигтай юм

Вьетнам улсад хоног хугацаа их хурдан өнгөрчих шиг боллоо. Аль хэдийн 20 гаруй хоночихсон байна. Хойд цэгээс нь өмнөд цэгийг нь хүртэл ихэнхдээ галт тэргээр жирийлгэсээр байгаад 23-дахь өдрөө Хо Ши Мин хотод ирлээ.

Өглөө 5:20-д буусан болохоор хотын амьдрал хэрхэн эхлэх дүр зургийг нь харангаа очих газар луугаа алхлаа. “45 минут л алхах зайд” гээд газрын зургаа явуулсан байсан юм. Түүнийг нь барин заасан зүгт нь 10 минут алхаад 3 замын уулзварт ирээд алийг нь сонгох дээр толгой эргэчихэв. Хэсэг эргэлзэж байгаад ойрхон явах ахимаг настай хүнд зургаа үзүүлтэл нэг л ойлголцож өгдөггүй. Тэгээд арай боломжийн харагдсанаар нь ороод алхчихав. Гэтэл цаг гаруй яваад байдаггүй. Хүмүүсээс асуухаар дуртай зүгрүүгээ заагаад байгаа мэт үнэхээр будилчихлаа. Нэг л бүтэх шинж алга.

Тэгэхээр нь ганц гарц болох мото таксинд хандлаа. Мэдэж байгаа бололтой толгой дохиж байна. “Тэр хүртэл хэдээр явах уу?” гэтэл “50” гэхээр нь “20” гэлээ. “Үгүй ээ, нэлээд зайтай” гэж байгаа бололтой гар нь нэлээд дээгүүр заагаад байхаар нь “за за 25” гээд 30 дээр тогтов. Энд ирснээс хойш үнэ хаялцах гэдгийг сайн сурч байна. Хэлсэн үнийг нь 50% буулгаж хэлээд л зууралдчих нь тэр. Энэ улсын хойд нутгийн хүмүүс нь л намайг ийм болгочихсон юм. Түүнээс хойш их хашир үздэг болчихсон ч заримдаа мэхлүүлчихээд байна. Иймэрхүү зан чанаруудаас нь болоод ч тэрүү өмнөд хөрштэйгөө харьцуулахад Вьетнам улсын талаарх үнэлгээ доогуур байгаа.

Мотогоор 15 минут давхих зайд төөрчихсөн явжээ. Дээгүүр заах нь аргагүй байж хөөрхий.

Байрлах газраа ирэн хүнд ачаагаа буулгаж, хүйтэн шүршүүрээр биеэ сэргээчихээд, өглөөний унд ууж сайхан болж аваад дараагийн ажилдаа орлоо. Энэ бол тухайн хотод цагийг үр ашигтай өнгөрүүлэх төлөвлөгөө болон дараагийн улс болох Камбожтой холбогдолтой судалгаагаа хийх байв.

Нэг газраас нөгөөд ирэх тэгээд дараагийн цэг рүү хөдлөхөөс өмнө иймэрхүү зүйлсийг л хамгийн түрүүнд амжуулах хэрэг гарах юм. Дээрхэн нэг танил “ийнхүү үүргэвчтэй аялал хийгээд явахаар яг юу бодогдож, амьдрал ямар санагдаж байна?” хэмээн асууж байсан. Энэхүү асуултанд хариулахад, одоохондоо бол тийм их бодож бясалгасан зүйлгүй явна, гэрээс гараад удаагүй болохоор. Харин уур бухимдал, аливаад санаа зовох, яарч адгах зэрэг сэтгэлийн хямралгүй болчихдог юм шиг санагдана. Тиймээс багахан зүйлд ч баярлах, хөөрөх, талархах, инээх гэх мэт сэтгэлийн эерэг хөдлөл илүү идэвхждэг мэт байна.

Ийнхүү миний хувьд энэ хотод үзэх зүйл гэвэл нэг л музей байх шиг санагдсан тул замаараа Пном Пен хүрэх автобусны тасалбараа бичүүлчихээд, хил дээр даруулах Камбожийн визний 30 долларыг солиулж аваад, музей рүү нь очлоо. Энэ бол Энэтхэг-Хятадын хойгийн 2-р дайны тухай музей байлаа.

Энэхүү дайн 1950-иад оны эхнээс 1975 оныг хүртэл үргэлжилсэн. Бид ихэнхдээ Вьетнамын дайн гэдгээр нь мэддэг. Гэвч “Вьетнам” гэх нэрийг Өрнөдийнхөн хэрэглэдэг, харин Вьетнамчууд бол үүнийг “Америкийн дайн” гэдэг байна.

Музейн үзвэрүүд үнэхээр аймшигтай түүхэн цаг үеийг харуулжээ. Америк улс зөвхөн үзэл санааныхаа төлөө энэ улсын энгийн иргэдийг ямар хэрцгийгээр шийтгэсэн тухай байв.

85-хан грамм нь 8 сая хүн амтай бүхэл бүтэн хотыг устгаж чадахуйц хүчтэй, өнөөг хүртэл хүн төрөлхтний нээсэн хамгийн хөнөөлтэй, аюул сүйрэлтэй хорт бодис гэж үзэгддэг Диоксин (Dioxin)-ыг 1961-1971 оны хооронд АНУ-ын арми 366 кг-ыг Вьетнам улсад хэрэглэсэн гэнэ.

Өнөөдөр ч гэсэн энэ эмгэнэлт явдал төгсгөл болоогүй л байна. Тэсэрч дэлбэрээгүй үлдсэн бодисуудад ямар ч гэм зэмгүй энгийн иргэд өртөхийн зэрэгцээ улс орных нь ирээдүй хойч үе болох ураг, нярайд нь нөлөөлсөн тохиолдлууд гарсаар байдаг гэнэ.

АНУ-ын хувьд Дэлхийн хоёрдугаар дайн болон Солонгосын хойгийн (1950-1953) дайнуудтай харьцуулахад Вьетнамтай хийсэн дайнд маш их гарзтай байсан гэж судалгаагаар гаргадаг юм билээ. Гэвч Вьетнам улсын хувьд өнөөг хүртэлх учирсан хохирол, үр дагавар нь ч дуусаагүй байгаа эдгээр аюулуудыг Америк шиг тоогоор илэрхийлэх боломжгүй байх.

Хаана ч очсон музейгээр нь орох сонирхолтойнхоо хувьд нүд, сэтгэл маань нэлээд баясдаг ч заримдаа бол “үздэггүй л байж” гэмээр байдалд орох тохиолдол гарах юм. Израйль улсад Еврейчүүдийг хоморголон устгасан тухай The Holocaust History Museum, Япон улсын Хирошима хотод анхны атомын бөмбөг хаясан тухай “Hiroshima Peace Memorial Museum гэтэл одоо энэ…Ийнхүү бага зэрэг сэтгэл хөндүүрлэсэн байдалтай шөнийн Сайгонаар жаахан туучаад эртхэн амарлаа.

Өглөө 8:30-д Камбожийн нийслэл Пном Пен орох автобусандаа суун дараагийнхаа улсруу хөдлөв. Агааржуулагч, утасгүй интернэт, зөөлөн суудалтай тохилог автобусанд додигор сууж явлаа.

Тухайн автобусны компанийг хариуцсан хүн пасспорт, визний хураамж 30 доллартай хурааж аваад бүхнийг зохицуулчихдаг юм байна. Юунд ч санаа зовох хэрэггүй. Урьд нь интернетээс харж байхад 1 хувь зураг, пасспортын хуулбар шаардагддаг гэсэн боловч ҮГҮЙ байна. 2 цаг орчим давхиад л хил дээр нь ирчихлээ.

Хоёр улсын хилээр орж-гарч байна гэсэн үүднээс үгүй ядаж ачаа тээш, цүнх ч шалгамаар юм гэтэл тийм зүйл огт алга. Цүнхээ үүрчихсэн алхаад л гарчихна, алхаад л орчихно ингээд 15-хан минутын дотор бүх зүйл асуудалгүй. Амар сайхан юм.

Замдаа хоол идэх зорилгоор ганцхан газар зогсчихоод давхисаар Микон мөрнийг гатлага онгоцоор туулан өдрийн 2:45-д зорьсон газраа хүрсэндээ.

Өмнөх газруудтай харьцуулахад гуйлга гуйх байдал түгээмэл юм шиг харагдана. Хоногийн 3 долларын үнэтэй байрлах газар маань их сайхан ааштай бололтой цахим шуудан байн байн илгээгээд л үнэгүй тосож авахаар болсон юм.

Буунгуутаа л нутгийн унаа хөлөглөлөө.

IMG_20141020_155650.jpg

“Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номын хэсгээс…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s