Ном бүтээж буй явц

ЗӨА-ийн улс орнуудаар 7 сар үргэлжлүүлсэн үүргэвчтэй аялалынхаа тэмдэглэлүүдээр аль ч насныханд танин мэдэхүйн болоод судалгааны ач холбогдолтой байхуйц, ялангуяа залуучуудад өөрийгөө илүү олж, дуртай зүйлээ хийн, материаллаг хэрэглээгээ багасгаж, энгийн амьдрах зэргийг ухааруулдаг “ганцаарчилсан” аялалуудыг хийхийг уриалах зорилготой “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” нэртэй байх номоо бүтээгээд л байна. Ямар ч зүйлийг бий болгоно гэдэг маш их тэвчээр, уйгагүй оролдлого шаардах нь мэдээж юм. Гэвч дуртай юмаа хийж байгаа учраас маш сайхан байна.

Доорх байдлаар 10 улсыг хамгийн сүүлийн үеийн тоо баримттайгаар дэлгэрүүлэн бичиж байгаа. Энэ бол зөвхөн жишээ болгох үүднээс Вьетнам улсын талаарх бичвэрүүдээсээ цухас цухас авчихсан байгааг сануулъя.

…Энэтхэг-Хятадын хойгийн 3 улсын нэг болох Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь хойд талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1297 км, баруун талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улстай 2161 км, баруун өмнөд хэсгээрээ Камбожийн Вант Улстай 1158 км газраар тус тус хиллэхээс гадна Өмнөд Хятадын тэнгис, Тонкины болон Тайландын булангуудаар хашигдсан Зүүн Өмнөд Азийн орон билээ.

Англи хэлний S үсэгний хэлбэртэй Вьетнам улс хойноос урагшаа 1650 км урт сунаж тогтсон байрлалтай газар нутгийн нийт хэмжээ нь 331212 км.кв бөгөөд энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд 65, Ази тивийнхээ 48 улсаас 20-т харин ЗӨА-ийн улс орнууд дундаа Индонез, Мьянмар, Тайланд улсуудын араас 4-т ордог.

…Вьетнам улс өнөөгийн байдлаар дэлхийн 175 оронтой дипломат харилцаа тогтоосны нэг нь Монгол Улс. Тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь Женевийн хэлэлцээрээр 2 хуваагдсан Вьетнамын Хо Ши Мин тэргүүтэй коммунист чигийг баримталсан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай 1954 оны 11-р сард дипломат харилцаа тогтоожээ. Монгол, Вьетнам улсуудын хоорондын албан ёсны харилцаа 60 гаруйхан жилийн өмнөөс эхэлсэн юм шиг боловч 2 ард түмний түүхэн харилцаа бол өнө эртнээс улбаатай, хүнд хэцүү цагт харилцан туслалцаж, хамтран ажиллаж байсан арвин түүхтэй тул цаашид ч энэ харилцаагаа хадгалан, хоёр улсын харилцан ашигтай бүх талбаруудад улам гүнзгийрүүлэхийг зорих нь мэдээж биз ээ.

…Вьетнам улс нь газар зүйн байршлын онцлогоосоо шалтгаалан хойноос урагшаа чиглэсэн байдлаар уур амьсгалын харилцан адилгүй төлөв байдалд оршдог. Тухайлбал, нутгийнхаа төв хэсгээр борооны улирал нь 10-4 сарын хооронд байхад хойд болон өмнөд хэсэгтээ 5-9 саруудад тохиодог. Нутгийн ихэнх хэсгээр жилийн дундаж температур нь цельсийн нэмэх 25-30 хэм хүртэл халуун байх боловч нутгийн хойд хэсгээр харьцангуй сэрүүн байдаг. Ийм учраас Вьетнам улсаар аялахад тохиромжтой цаг үеийг тодруулахад бага зэргийн хүндрэлтэй юм. Гэхдээ, аялагчдын санал асуулгаар хамгийн тааламжтай үе нь 9-3 сарын хооронд гэж гарсан байна. Миний хувьд ч 9 сарын сүүлээс 10 сарын төгсгөл хүртэлх хугацаанд хойд цэгээс нь өмнөд хэсгийг нь хүртэл аялахад боломжийн санагдсан учраас тэрхүү асуулгын үр дүнтэй санал нийлж байна. Хувцаслалтын тухайд, хэрвээ энэ улсын хойд нутгуудаар явж хамгийн өндөр цэг нь болох Фансипан уул болон уулын тосгон, тутраганы талбай зэргийг нь сонирхох хүсэлтэй бол ус чийгний хамгаалалттай уулын гутал, ноосон цамц, өмд болон гадуур хүрэм гэх мэтийг авч явах нь зүйтэй. Урагшлах тусмаа биед эвтэйхэн нимгэн хөнгөн хувцас, нарны малгай шаардагдана.

…Вьетнам улс нь төлөвлөгөөт, зах зээлийн эдийн засагтай хөгжиж байгаа орон. Тус улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч нь жижиг-дунд бизнес эрхлэгчид байхын зэрэгцээ сүүлийн жилүүдэд хямд ажиллах хүчин, хууль эрх зүйн таатай орчин зэргээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэгчдийг татаж “Шинэ Хятад” гэж нэрлэгдэх болоод байгаа.

Мөн 2015 онд ОУВС-аас гаргасан үзүүлэлтээр Вьетнам улс нь 199 тэрбум ам.долларын ДНБ-ийхээ хэмжээгээр дэлхийд 45-д орсон бол ЗӨА-ийн улс орнуудаас Индонез, Тайланд, Малайз, Филиппин болон Сингапур улсуудын хойноос орж байна. Нөгөөтэйгүүр, 1 хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ нь 2171 ам.доллар буюу дэлхийн дунджаас доогуур хэвээр байгаа ч энэ улсын ирээдүйг харсан таамаглалууд маш өөдрөг юм. Тухайлбал, 2020 он гэхэд эдийн засгийн жилийн дундаж өсөлт нь 10%-д хүрч дэлхийн хамгийн хурдацтай өсөж байгаа эдийн засгуудын нэг болохын зэрэгцээ 1 хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ нь 2 дахин нэмэгдэх гэнэ.

…Их гүрнүүдийн ашиг сонирхлын золиос болж 1954 онд 17-р өргөрөгөөр хоёр хуваагдсан Вьетнамчууд 1976 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс болон нэгдсэнээр дэлхийн улс орнуудын тоог 1-ээр нэмж, 1977 онд НҮБ-д гишүүнээр элссэн байна.

…Хөдөө аж ахуйн салбараас үйлчилгээний салбарлуу шилжиж буй өнөөгийн Вьетнам улсын эдийн засгийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь аялал жуулчлал болоод байна. Жилээс жилд ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа нь тус улсын газарзүйн байршилтай нь шууд холбоотой юм. Тухайлбал, 2005 онд 3,5 сая жуулчин хүлээн авч байсан бол 2015 онд 7,9 сая болж 2 дахин өсчээ. Вьетнамаар аялдаг тэргүүлэх улсуудын тоонд Хятад, Өмнөд Солонгос, Япон, АНУ, Тайвань орж байна.

…Биеэ хамгаалах хүч дутах бага насны хүүхдүүд харуй бүрийгээр иймэрхүү байдалтай байх нь тэдний хувьд юу ч тохиолдож болохуйц эрсдэлтэй харагдлаа. Нэгэн жишээг дурьдахад, шөнө 10 цагийн үед гадаа талбайд нь болж байсан үзүүлбэрийг үзэнгээ 12-13 насны хэдэн охидуудтай хамт сууж байтал халамцуу байдалтай 2 залуу ирээд ойр зуурын зүйлс ярьж байснаа сүүлрүүгээ арай өөр сувгаар юм асуугаад эхлэх шиг болсон. Хэдийгээр тэдний хэн нь ч орчуулж өгөөгүй ч эрээ цээргүй харчуулын марзагнах дохио зангаа болон юу хэлэхээ мэдэхгүй ичингүйрэх охидуудын нүүрний хувирал, биеийн хэлэмжээс нь ойлгосон. Ганцхан орой ингэж байхад дараа дараачийн өдрүүдэд нь тэднийг улам өсөхийн цагт юу тохиолдох нь үнэхээр бүрхэг.

IMG_20141003_202749

Тийм сайхан байгалиасаа жимс жимсгэнээ түүчихнэ, будааны талбайдаа тутрагаа тариалчихна, гахай, тахиа, нугас, зарим нь ганц нэг үхэр, хэдэн ямаатай боломжийн л юм шиг харагдах боловч мөнгөний төлөө үхэн хатан зүтгэн гадны л хүн харвал зарж байгаа зүйлсээ борлуулах, хөтөч хийх, эрчүүд нь мото авах уу гэж шалах нь үнэндээ таалагдсангүй.

…Өнөөдөр ч гэсэн энэ эмгэнэлт явдал төгсгөл болоогүй л байна. Тэсэрч дэлбэрээгүй үлдсэн бодисуудад нь ямарч гэм зэмгүй энгийн иргэд өртсөөр л байгаа гэнэ. Америкчуудын хувьд Дэлхийн 2-р дайн болон Солонгосын хойгийн (1950-1953) дайнуудтай харьцуулахад Вьетнамтай хийсэн дайнд маш их гарзтай байсан гэж судалгаагаар гаргадаг юм билээ. Гэвч Вьетнам улсын хувьд бол өнөөг хүртэлх учирсан хохирол, үр дагавар нь ч дуусаагүй байгаа эдгээр аюулуудыг Америкийн Нэгдсэн Улс шиг тоогоор илэрхийлэх боломжгүй байх.

***

Advertisements

2 thoughts on “Ном бүтээж буй явц

  1. chuups

    nomiin huleegeel baigaa shu, blogiig chin unshaad l hamgiin turuun yavj uzeh gazaraa songoson shu 2 jiliin omno : ), odoo ter gazarluugaa yavj moroodloo bieluuleh geed l tolovlogoo hiij suuna. huviin chataar yum asuuj boloh bolov u?

    Reply
    1. Chimedee Post author

      Баярлалаа 🙂 ном тун дөхөж байгаа..ямар сайхан сонсогдож байнаа, холбогдож бололгүй яахав фэйсбүүкээр Chimedtseren Dorjgotov гээд ороод ирээрэй!

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s