Эмзэг дэлбээ

Зүүн Өмнөд Азиар аялж явахдаа 2014 оны 12 сард Тайланд улсын нийслэл Бангкокд Монгол хүмүүстэй таарахад хамар шархирч хоолой зангираад сонин болж байж билээ, бараг л мэлмэрүүлчих гээд..шөнийн гэрэлд нүдэнд цийлэгнэсэн нулимс маань сайн анзаарагдаагүй байх л даа тэгээд ч тэд намайг танихгүй болохоор хөндийхөн мэндлээд өнгөрсөн. Тэгэхэд Монгол хүнтэй таараагүй, Монгол хэлээр ч яриагүй яг 3 сар болсон байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Итали улсын нийслэл Ром хот орж Монгол улсаас Италид суух Элчин Сайдын Яамаар очив. Хүний нутаг дахь эх орон минь гэж бодохоор л үнэхээр сайхан байв. Харин тэнд ёстой нэг мэлмэрүүлэв. Өдөр байсныг ч хэлэх үү, эмэгтэйчүүд голдуу уулзалдсан болоод ч тэр үү эх нутаг, эх хэл, элгэн саднаа санасан сэтгэлээ нуух шаардлага байсангүй, нууж ч чадсангүй. Өнгөрөгч 10 сард энд ирснээс хойш ганц ч Монгол хүнтэй биечилж уулзалдаагүй явсан болохоор 7 сарын хугацаанд “гэр”-ээ их санажээ.

Ийнхүү гэрээ санахад төрсний дараахь сэтгэл хөдлөл их нөлөөлсөн байх. Нойр хүрэхгүй, хоол орохгүй, дуу гарахгүй, амьдрал утгагүй болчихсон мэт сөрөг бодлууд толгойд эргэлдсэн өдөр, шөнүүд цөөнгүй байлаа. Яагаад байгаагаа ойлгохгүй ч нэг л болж өгөхгүй өөрийгөө алдчихсан мэт сонин байдалтай..Недарланд улсад амьдардаг нэг найз “Европын орнуудад төрсний дараахь сэтгэл гутралаас болж амиа хорлох үзэгдэл түгээмэл байдаг” гэж хэлсэн нь битүүхэн анхааруулга байсныг одоо л ойлгох шиг болов.

Тэгээд бусад бүсгүйчүүддээ хэлэхэд жаахан нас явсан хойноо (30-аас дээш) төрөх гэж байгаа бол ялангуяа анхны хүүхэд чинь бол таньдаг мэддэг орчиндоо, дассан сурсан ахуйдаа, ойр дотныхныхоо дэргэд л байгаарай гэж захья. “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэж юутай үнэн үг вээ…

БЯЦХАН АЯЛАГЧ ГҮМҮДА

Үр минь аргагүй л аялагч шүү…

Төрсөн цагаасаа өрөө өрөө дамжсан хүн..доод давхарт унтчихаад өглөө дээш гарч жижиг өрөөнд хувцсаа сольж мөөмөө хөхчихөөд том өрөөнд өдрийг өнгөрүүлнэ.

Тэргэн дээрээ унтанаа..

Гадаа л байх дуртай..суудалд нь суулган гарангуут жигтэйхэн баяртай, машин хөдлөнгүүт унтчихдаг байсан (3 сар хүртлээ) харин одоо цонхоор ширтэн явдаг болсон.

Гар хуруугаараа оролдон эргэн тойрныг сонирхсон шиг байсаар аав ээж хоёрыгоо амар тайван кофе уулгачихна..

Гадна дотны хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, хар шар ямар ч хүнээс бишүүрхэхийг мэдэхгүй өвөр дээр нь эрхлэн баярлаж хөөрөөд л амьхандаа яриад байгаа бололтой ганганаастай.

Дөрөвхөн сартайдаа эртний түүхт Ром хотоор аялан Дэлхийн долоон гайхамшгийн нэг Колисеймийг үзчихдэг. Колисеймийг үзэхийн зэрэгцээ хамгийн чухал нь Монгол Улсын иргэн болчинсон шүү..

Тайландад олдож Хятадаар аялж байхдаа мэдэгдээд Монголд бойжин Италид ирж төрсөн гээд бодохоор төдийгөөс өдий хүртлээ чамгүй аялачихсан хүүхэд ээ.

Тэгээд гарсан цагаасаа ээжийгээ эмнэлэгт үзүүлэх гэж цөөнгүй удаа нааш цааш давхиж, мөн виз сунгах асуудлаар Итали улсын Цагаачлалын албаны гадаа таксинд унтаж, кофены газарт живхээ солин, рестароны сандалд нуруугаа амрааж явсан өдрүүд олоон олон..

Биеийг нь төрүүлсэн болохоос биш сэтгэлийг нь төрүүлээгүй” гэдэг боловч Итали пасспорттой Монголд бүртгэлтэй энэ хүүхдийг бусдад дараа болохгүйгээр өөрийнхөө хүссэнийг хийгээд явах чадвартай дэлхийн иргэн болоосой л гэж хүснэ.

Дөрвөн сарын нэгээн гэж…

2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний Даваа гараг.

Телевиз харж суутал хадам ээж нэхх чухал царайлчихсан өрөөнөөсөө гарч ирснээ нэг нэр хэлээд “брүтто брүтто” гээд байлаа. “Муухай” гэх энэхүү үгнээс өөр зүйл ойлгоогүй болохоор орчуулагчаа дуудав. Энэ улсад ирээд бараг хагас жил болж байгаа хэрнээ итали хэлэнд дорвитой суралцаж гавихгүй л байгаа царай нь энэ.

Тэгээд орчуулагч ажлаа хийж эхэлтэл инээдмийн баярын өдөр гэсэн шиг инээдтэй юм хэлээд байсныг нь ойлгож баахан хөхрөлдөв. Товчхондоо бол “Микэлэ Плачидо муухай..одоо их хөгширсөн” гээд сэтгэлийг маань тайвшруулах аятай хэлээд байж. “Микэлэ Плачидо” гэх жинхэнэ нэрээр нь мэдэхгүй ч комиссар Катани гэдгээр нь дурлаж явсан үе бий, бий. Наймаалж киног хэрхэн догдолж дотор нь орж үздэг байснаа тэгээд төгсгөлд нь Катаниг алуулахад бүх зүйл утгагүй мэт санагдан хэд хоног гашуудлын байдалтай явснаа дэргэдэх хүндээ ярьж байсан нь цааш дамжиж ийнхүү учирлан хэлтэл хөгшин хүний сэтгэлд юм бодогдуулчихаж, хөөрхий..

Тэгэхээр нь комиссараа гүүглдэж хартал энэ жил 72 настай, цал буурал толгойтой нээрээ л “брүтто” харагдана. Ганц “Наймаалж” ч бус иймэрхүү чиглэлийн нэлээдгүй кинонд гол дүр бүтээхийн зэрэгцээ өөрөө ч найруулж чамгүй үнэнд ойр цөөнгүй сайхан кинонууд хийсэн авьяаслаг уран бүтээлч байна.

За ийнхүү инээдмийн баярын өдөр хүүхэд насныхаа гэнэн дурсамжийг санаандгүй сөхөж сайхан инээхийн зэрэгцээ “4-н сарын 1-ээн” гэж настай хүний сэтгэлийг амраав ш дээ хэхэ…

Тэмдэглэл хөтлөөрэй!

Эндээ бичвэр оруулалгүй 20 гаруй хоночижээ..гэсэн хэдий ч дэвтэртээ тэмдэглэл хөтлөөд явлаа. Аливааг бичиж тэмдэглэнэ гэдэг хожим хойно дурсгалтайгаас өгсүүлээд ер нь олон талын ашигтай, гараар бичих багасаад ирэхээр бичгийн хэв алдагдахын зэрэгцээ зарим үсгийн бичмэл нь юу билээ гэж ч бодох тохиолдол гарч магадгүй мэт байдаг. Утас, компьютер шагайсаар үзэг, цаас нийлүүлэх нь ховордсоор байгаа үе шүү дээ..технологийн хөгжил биднийг улам л залхуу залхаг болгосоор…

Мөн бичиж байх үед сэтгэл санаа ямар байгааг бичгийн хэлбэр маань тодорхойлоод өгөхийн зэрэгцээ бодлоо анзаарах боломж бүрддэг, бусад хүмүүс яадгийг мэдэхгүй ч өөрийгөө харахад тэгдэг юм.

Түүнчлэн өр, зээл юмуу цалин цавуу гэхчлэн мөнгө сангатай холбоотой ямарваа асуудлыг яс тэмдэглэж байх чухал болохыг одоогоос хоёр жилийн өмнө хүний газарт хэсэгхэн хугацаанд ажиллахдаа ойлгож авсан. 2016 оны намар хоёр дахь удаагаа Америк явахдаа “ажил хийж олсон мөнгөөрөө аялаад буцнадаа” гэсэн төлөвлөгөөтэй очсон. Тэнд очих шалтгаан миний энэхүү бодолтой зөрчилдөж, зарим хүмүүс дургүйлхэж байсан ч зөрүүд зангаа тавилгүй зүтгэсэн. Тэгээд очсон даруйдаа байнга гадуур гарч хаана юу байх бол гэсэн янзтай ажил хайн алхдаг байлаа. Хэлийг нь гадарладаг газар амар байсан л даа хүний ам харахгүй өөрийн дураар хаа сайгүй явж хүссэн бүхэнтэйгээ харьцаад л..“хэлтэй бол хөлтэй” гэж ёстой үнэн үг ээ..

Тэгтэл тун ч удалгүй амьдарч байсан газраас хэдхэн минутын зайд ажил олдов. Өвөр Монгол рестаронд тогоочийн туслах хийх гэнэ. “Монгол” гэхэд ахан дүүс гэлцэн маш сайхан дотно хүлээж авсаан. Гэр бүлийн цомхон бизнес байсан юм..өөрсдийгөө шоргоолж мэт завгүй байлгах эрэгтэй, эмэгтэй хоёр хятад тогоочтой, хятадыг үзэн ядсан нэг уйгар, инээхийг мэддэггүй юмуу гэмээр хоёр хятад гэсэн гурван зөөгчтэй, латин хөгжим сонсон байнга бүжиглэн марзагнаж байдаг Доминикан гаралтай аяга таваг угаагчтай, халуун тогооны тогоочийн туслах хийхээр томилогдсон надтай нийлээд 10 хүрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй “Өвөр Монголын халуун тогоо” гэх рестаронд сар гаруй ажиллав аа. Долоо хоногийн зургаан өдөрт өглөөний 10-аас орой 9, заримдаа ч 10 хүргэнэ. Хэсэгхэн хугацаанд шүү дээ л гэж гүрийж байснаас биш тийм цагтай ажилд удаан байвал ч юуны төлөө амьдраад байгаан бэ гэж харамсаад над шиг тэвчээргүй хүн бачуурч үхмээр юм билээ. Тэгээд ажлын зөвшөөрөлгүй болохоор цалин бол дунджаас бага байсан. Авахаас ажлын хамт олон маань маш сайхан хүмүүс байж таарсан болохоор тэр урт цагийг өгөөжтэй биш ч зугаатай өнгөрүүлдэг байсан нь сайхан. Хоёр босс ч эхэндээ гайгүй байснаа сүүл рүүгээ цалингаа өгөхгүй новшроод жаахан эвгүй байдалтай салцгаасан нь харамсалтай. Тэр үед би 7 хоног бүрийн төгсгөлд хэрхэн ажилласан болоод хэдэн долларын ажил хийснээ нэгэн жижиг дэвтэрт биччихээд явдаг байв. Сарын төгсгөлд надаас бусад нь цалингаа авсан баярласан царайнууд байтал надад байдаггүй ээ тэгэхээр нь хэлтэл “өгчихсөн” гэж гүрийхээр нь нөгөө дэвтрээ үзүүлтэл янз бүрийн юм булзааруулж байгаад хэд хоногийн дараа утасны цаанаас “ирж цалингаа аваарай мартчихсан байсанд уучлаарай” гэсэн мессэжээр хэргээ цайруулах гэдэг байгаа. “Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш” гэдгийг маш сайн ойлгосоон.

Хэрвээ тэгж тэмдэглэж яваагүй бол гэмгүй аятай ялдам инээдээр халхавч хийсэн өвөрлөгч эмэгтэйд хайран сайхан цагаа үргүй зарах байсан. Хүний санаа гэж аюултай юм билээ.

Гэхдээ яахвээ мөрөөдлөөс ч хол байсан Америк орноор гурван сар аялаад буцах санхүүгийн боломж олгосонд нь тэр эмэгтэйд талархдаг.

Харин тэрхүү аяллынхаа талаар тэмдэглэл хөтлөөгүйдээ одоо их харамсдаг. Бичлэг хийгээд явчихсан нь юу ч үлдээгүй гэхэд болно. Монгол байтугай зарим америк найзууд хүртэл “чи яаж зохицуулж явсан юм бэ бид өөрсдөө бараг тэгж явж чаддаггүй болохоор ном бичвэл их сонирхолтой байнадаа” гэдэг боловч одоо бичье гэхээр тэр үеийн сэтгэл хөдлөл энээ тэрээ байхгүй нэг л “хуурай” болмоор санагддаг. Тэгэхээр цаг тухайд нь тэмдэглэж явах ямар чухал болохыг ойлгож байна.

Мөн аялагч Г.Ганхүү ах “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номыг маань үзэж суугаад “өмнөх аяллуудаараа тэмдэглэл л хөтөлдөг байж иймэрхүү ном гаргачихаж болох байж шүү дээ” гээд харамссан янзтай хэлж байсныг нь тод санаж байна. Яг л би америкаар явснаа бичиж тэмдэглэлгүй байсантай адил.

Одоогийн өдрийн тэмдэглэлүүд охинтой минь илүү холбогдоод явчихаж байгаан насанд хүрэхээр нь хэвлээд өгвөл маш чухал зүйл байнадаа гэж бодож байгаа. Хэрвээ надад ээж маань ийм тэмдэглэл өгвөл өөрийгөө мэдэхийн зэрэгцээ “ээж” гэдэг хүн яаж, ямархуу жаргал, зовлон, бэрхшээлийг туулж намайг өдий зэрэгт хүргэснийг, шөнө хэд босож хуурайлж хөхүүлэн, миний төлөө хэрхэн санаа нь зовж, сэтгэл нь шаналж, төрсний дараах сэтгэл гутралд орж, аавтай хэрхэн зөрөлдөж зөрчилдөн ер нь л бүх зүйлийг ойлгох байждээ гэж бодогддог. Тиймээс болж л өгвөл онцгой гойд үйл явдал, сэтгэл хөдлөлөө халуун дээр нь тэмдэглэж байх нь зүйтэй юм.

Ялангуяа аялагчдыг аяны тэмдэглэл заавал хөтлөөрэй гэж захья. Бид маш мартамхай, тухайн үед сайхан санагдана, сэтгэл хөдөлнө тэгээл хэд хоногийн дараа мартчихдаг. Яг тийм эгзэгтэй үед тэмдэглээд авбал дараа нь их амттай дурсамж байх болно, гарцаагүй…

Амралтын өдрийн алжаал тайлалт

Хагас бүтэн сайны аль нэгэнд хажуугийн баар орж аяга кофе уунгаа сонин сэтгүүл гарчиглаж ойр зуурын мэдээлэл авах нь бид хоёрын хувьд өнгөцхөн болзоо болчихдог юм. Хүүхэд гэдсэнд байхад хүссэн хугацаагаараа хамаагүй явдаг байлаа. Харин одоо тэр эрх чөлөө хязгаарлагдсан ч унтах зуур нь амжуулах гээд байнга яараастай. Өнөөдөр ийм байдлаар эмээд нь захиж үлдээчихээд капучино руугаа ухасхийв.

Амралтын өдрүүдээр кофегоо уунгаа хэл амаа цуцтал ярих нь энэ үндэстний онцлог аятай хүүхэд шуухад, нохой муураа дагуулчихсан л бужигнацгаана.

Тэгээд хоёулаа борголоо таашаангаа хол ойрын мэдээ харлаа. Нутгийн хэлэнд гаршаагүй надад уншиж ойлгоод байх ч юу байхав сонирхолтой харагдсан зураг дүрсээр л баримжаа авч хажуу дахь хүнээрээ лавшруулна.

Энэ удаа тийнхүү лавлаж сонирхсон зүйл гэвэл Итали улсын 72 настай “хөгшин” Норвеги улсаас Сициль арал хүртэл алхсан гэх урам зориг авахуйц мэдээ байлаа. Европ тивийн хойд цэгээс өмнөд цэг хүртэл гэсэн үг бололтой. 3500 км замыг 3 сар орчим алхсан гэхээр “хөгшин” гэж хэлэлтгүй боловч сурсан зангаар ингээд биччихлээ. Энэ чиглэлд алдарт уулчин амьд домог Райнхолд Мэсснэр алхаж анхдагч болж байсан гэнэ. Тус уулчныг мөн Италийн иргэн гэдгийг мэдэхгүй хүн ховор биз. Хэрвээ “хэн билээ” гэж эргэлзэж байвал “Дэлхийн дээвэр өөд” номыг маань сөхөөд хараарай.

За тэгээд дундаж наслалт өндөр хөгшин Европт тавь жар гэдэг бол бидний насны ойлголтоос өөр юм даа. 70, 80-тай хэрнээ л цэмбийж жавхайсан хүмүүс дугуйтай сүнгэнээд байх нь тэр.

Италичууд гэлтгүй өөр улсын зарим нэгэн залуус ч Европ дамнан алхдаг л юм байна. Жишээ нь Швед гаралтай энэ нөхөр бас энэ залуу ямар ч мөнгөгүй, пасспортгүйгээр Европоос Африк хүртэл алхсан зэргээр аялах, алхах дуртай хүмүүст сэдэл, санаа өгөхөөр юм.

Ийнхүү нэг гарчгаас даван нэмээд интернэт ухсаар төлөвлөсөн хугацаа хэтрүүлэн эргэж иртэл охин хоолойн дасгал хийгээд эмээ нь сандарчихсан зогсож байв.

Амьдрал иймэрхүү байдалтай үргэлжилсээр…

Цаг үеийн шуурхай

Ууланд дуртай, уулын спорт сонирхдог хүний хувьд энэ чиглэлд хааяадаа чих тавьнаа..

Тэгтэл өчигдөр оройны мэдээгээр “Нанга Парбат” хэмээн нухацтай дурьдахаар нь юу болсон тухай дэргэдэх хүнээсээ асуутал “өвлийн авиралт хийхээр явсан хоёр уулчин өнгөрөгч ням гараг буюу 24-нөөс хойш сураггүй болжээ” гэв.

Өнөөдөр ч гэсэн яасан болох нь тодорхойгүй боловч хамгийн сүүлийн мэдээгээр “эрэн сурвалжлах нислэг 3-р отогт уулчдын майхан цасанд дарагдсан байгааг таньж, хүчтэй цасан нуранги болсон байдалтай байгааг илрүүлжээ” гэсэн байна.

“Найман мянгатууд” буюу 8000 метрээс дээш өндөртэй 14 оргил байдаг. Тэдгээрээс К2, Нанга Парбат хоёрыг бараг эн тэнцүү бэрх, өвлийн авиралт ч хийгдээгүй гэдэг байсан. Харин Нанга Парбат оргилд 2016 оны өвөл Итали, Испани, Пакистаны уулчид гарснаар түүхэн амжилтын эзэд болцгоосон бол энэ удаа мөн л Италийн уулчин байж. Нөгөөх нь Английн иргэн гэнэ.

Уулчин хүн замд гарахдаа бүтэлгүйтнэ, аюул осол тохиолдоно гэж боддоггүй ч эргэж ирэх эсэх нь тодорхойгүй ийм л эгзэгтэй, хэцүү спорт юм даа…

Юутай ч эсэн мэнд олдоосой гэж хүсээд “Дэлхийн дээвэр өөд” номонд багтсан тус оргилын танилцуулгыг сонирхуулъя.

“Нүцгэн уул” хэмээх утга бүхий нэрт Нанга Парбат бол дэлхийн ес дэхь өндөр оргил. Далайн түвшнээс дээш 8125 метрийн өндөрт өргөгдсөн тус оргил Пакистаны газар нутагт харьяалагддаг бөгөөд найман мянгатуудын хамгийн баруун захын цэг билээ.

19-р зууны сүүлчээс эхлэн 20-р зууны 40-өөд он хүртэл Европын уулчид, ялангуяа Германчууд их сонирхож оргилд гарах оролдлогыг хэд хэдэн удаа хийсэн боловч цаг агаарын хүнд нөхцөл, гэнэтийн аюулт үзэгдэл, туршлага дутмаг, төлөвлөлт муу зэргээс шалтгаалан тухай бүртээ бүтэлгүйтэж олон уулчин эргэж ирээгүй байна. Ийнхүү эрэлхэг зоригтой олон аавын хөвгүүдийг авч үлдсэн хэцүү, бэрхээс нь үүдэн “Алуурчин уул” хэмээх болжээ.

Нөгөөтэйгүүр 1930-аад оны тухайн үеийн олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор Төвд Английн хараанд байсан болохоор Пакистан л Германчуудын хувьд чөлөөтэй зорчих нутаг болж, тэнд орших Нанга Парбат оргилд төрийн далбаагаа анхлан мандуулахаар уулчдын багаа удаа дараалан илгээж, тэр бүрт амжилтгүй буцаж байжээ. Түүний нэгэн тод жишээг Холливудийн нэрт жүжигчин, сайхан залуу Брэд Питтийн тоглосон “Төвдөд өнгөрүүлсэн 7 жил” кинонд харуулдаг. Тус кино нь 1938 онд илгээсэн экспедицийн нэгэн гишүүн Хэйнрих Харрерийн өдрийн тэмдэглэлээс сэдэвлэсэн бүтээл.

Харин 1953 оны долдугаар сарын 3-нд Австрийн уулчин Хэрманн Бахл олон жилийн азгүйтэл, бүтэлгүйтлийг эцэс болгон Нанга Парбат оргилд гарсан анхны хүн болжээ. Мөн ганцаараа авирсан нь найман мянгатуудын түүхэнд өмнө нь гарч байгаагүй амжилт болсон гэдэг.

Түүнээс хойш өнөөг хүртэл 300 гаруйхан уулчин амжилттай авиралт хийснийг харахад жинхэнэ уулчин хүний чансаагаа тодорхойлж, азаа үздэг газар болох нь тодорхой байна. Олон улсын шилдэг уулчид өөр хоорондоо тодорхой хэдэн шалгуур үзүүлэлтээр өрсөлдөнө. Түүний нэг нь “шинэ зам гаргах” бөгөөд үүний жишгээр Нанга Парбат оргил руу 9 өөр замаар хүрч болдог байна.  Тэдгээрээс хамгийн түгээмэл ашиглагддаг нь тухайн уулын баруун талаас гардаг Киншофир гэх Герман уулчны нэрээр мөнхөрсөн чиглэл гэнэ.

Гуалиг болох шаардлага

Амьдралын хэмнэл, эсвэл аав ээжийн генийн ачаар ч юмуу жин хасаж, гуалиг болох тухай өмнө нь бодож явсангүй.

Харин одоо ээж болсны ачаар 10 гаруй килограмм нэмчихсэн, бөгтийж тонгойхоор гэдэс гүзээ хоёр гурав нугалараад нэг л тавгүй болчихсон байдаг. Тэгэхээр нь хэд хоногийн өмнөөс эргэн хэвэндээ орохоор хэдэн хүүхнүүдийг уруу татан “гуалиг болох гурван сар” нэртэй сүрхий групп үүсгэн дасгал хийж эхлэв ээ. Хоолондоо жаахан анхаарахын зэрэгцээ энд дурьдагдах дасгалуудаас хийж байлаа. Өглөөдөө 21 удаа сунаж мөргөхөөр эхлүүлэн өнөөдрийг хүртэл тууштай зүтгэв. Шөнө хэдэд унтаж хэд босож хүүхдээ хөхүүлсэн ч хамаагүй өглөө бүр заавал хийгээд байв. Сүүлийн тав зургаан сар огцомхон ч хөдлөөгүй бие хаа, үе мөч дасгал хөдөлгөөнөөр үнэн цангачихсан байж, бас хөшчихсөн болохоо ч мэдэв.

Тэгтэл сүүлийн хоёр өдөр ядраад болдоггүй шүү, юу ч хийх урам зориг алга болчихов түүнийгээ дагаад сэтгэл санаа ч тогтворгүй болох янзтай.

Тэгээд өнөөдөр төрсний дараах үзлэгт очихдоо эмчээсээ энэ талаар асуухад “өөрийгөө хүчлээд хэрэггүй аяндаа болно, хөхөөрөө хооллож буй төрсөн биед дор хаяж 6-9 сар шаардлагатай” гэхээр нь бусдыг уриалан сүртэй эхэлсэн өнөөх сорилтондоо өөрөө эхлээд буугаад өгчихөв ш дээ. Шараа юм аа..харин цаашдаа эрчимжсэн дасгал хөдөлгөөн хийхгүй ч ходоод руу орж буй зүйлстээ илүү анхаарч бүр “гуаййййййлаг” болох хугацаагүй зорилтыг өөртөө тавьлаа.

Гэтэл бас нэгэн гуалиг байх шаардлагатай хүн дэргэд байна. 0-4 сар хүртэлх нярай долоо хоногт дунджаар 155-241гр нэмэх нормтой гэнэ. Гэтэл манай бяцхан долоо хоног бүр 320гр-аар нэмэгдээд хоёр сар ч хүрээгүй хэрнээ 6 кг дөхчихсөн. Эндхийн үзүүлэлтээр хамгийн хүнд жинтэй төрсөн хүүхдийг ч давчихсан харагдана.

Хамгийн бага 2,5 дундаж 3,5 болон хамгийн хүнд 4,5 кг-тай харьцуулсан үзүүлэлт

Хөхүүлэх давтамжаа багасгаж хоолыг нь сойё гэвч хөх нь чинрэхийн зэрэгцээ хөхүүлэхээс өөр тайвшруулах аргад орохгүй тул гуалиг байхыг ёстой үл тоох шинжтэй нөхөр нэг ширхэг байнаа гэж..өөр ямар арга байх билээ?

МОНГОЛ

2019 оны хоёрдугаар сарын 9-ний Бямба гараг. Итали улс.

Өчигдөр шөнө охиноо хуурайлчихаад хөхүүлж суух зуураа фэйсбүүкээ шалгатал Францад амьдардаг найзаас мэссеж иржээ. Хаягаа үлдээхийг хүссэн байв. Өмнөх өдөр нь оруулсан “Бэлэг цуварсан өдрүүд” бичвэрийг маань уншсан бололтой. Тэгээд өглөө нь холбогдон сар шинэ тэмдэглэсэн эсэх, тухайн хотод нь хэр олон Монголчууд байдаг зэргээр ярьж байхад тэрээр “хүмүүстэй нэхх холбогдоод байдаггүй ээ..эхэндээ Монголчуудаа хайдаг харин сүүлдээ зугтаадаг юм ш дээ чи аяндаа ойлгоно” гэв.

Манайхан өөрсдийнхөө зан авир, ёс зүй, янз бүрийн үйлдлээсээ болж “МОНГОЛ” гэх нэрийг өргөх нь байтуйгай Монгол гэж хэлэхээс ч халшрах байдалд хүргэдэг юм уу даа. Европын нэгэн оронд Монгол хүн орохыг хориглосон дэлгүүр хүртэл байдаг гэж сонссон “арай ч үгүй байлгүй дээ” гэж халагламаар…

Саяхан Америкаас Германд нүүж ирсэн ангийн охин тэндээс наашаа ирэх гэж онгоцны буудлаас 3 удаа буцаагдсан тухайгаа “Монгол улс, манай пасспорт ямар ч үнэ хүндгүй юм аа” гэсээр залхсан янзтай ярив.

Өнгөрсөн зун Израйльд аялах санаатай очсон найзыг маань хил давуулах нь байтугай шорон шиг газарт хоёр хонуулаад буцаасан. Гэтэл хамт явсан германыг нь яагаа ч үгүй гэсэн. Яагаад ингэж ялгавартай хандав гэхэд гол шалтгаан нь мөн л Монгол хүн, Монгол улсын пасспорт.

Дөрвөн жилийн өмнө Зүүн Өмнөд Азиар аялж явахдаа Малайзаас Сингапур луу газраар ороход ганцааранг минь үлдээж байгаад бараг хэрэгтэн шиг байцааж билээ. Учир нь бас л Монгол улсын иргэн.

Ингээд бодонгуут МОНГОЛ нэрээр овоглогдсон бид бусдад яаж үнэлэгддэг юм бэ дээ гэж бодогдох…ганц бие явахдаа энэ талаар сүртэй бодож байсангүй. Тэгтэл одоо харийн залуутай дотносож хөөрхөн охинтой болсон болохоор арай холыг харах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Зунжингаа шахам “Түмэн Эх чуулга”, “Үндэсний Урлагийн их театр”-ын тоглолтуудыг үзэхдээ Монгол хүн болж төрснөөрөө хязгааргүй их бахархахын зэрэгцээ “хүүхдээ заавал МОНГОЛ хүн болгож өсгөнөдөө” хэмээн бодож явлаа.

Харин одоо ийнхүү хүүхдийнхээ ирээдүйг арай нухацтай бодож үзэхэд аль ч талаас нь харсан Итали улс нь илүү болж таарах тэгээд бүх Европ, бүр цаашилбал бүхэл дэлхий нээлттэй байх нь сайхан юм. Энэ улсын пасспорттой байхад 187 улс руу чөлөөтэй нэвтэрнэ гэнэ. Харин манайх 23-хан улс руу визгүй зорчих (энгийн пасспорттой иргэд) эрхтэй гээд харьцуулахад л ойлгомжтой харагдана.

Тэгээд Итали улсын иргэн болчихлоо гэж үзэхэд Монгол явахад 30 хоногийн эрхтэй виз авч жуулчин маягтай очно гэж бодохоор хөгийн юм, Монгол улс хоёр иргэншлийг зөвшөөрдөггүй учраас тэр..санаагаар болдог бол насанд хүртэл нь миний (ээж) харьяаллыг давуу эрхтэй эдлүүлээд насанд хүрснээс хойш өөрөөр нь аль улсын иргэн болохыг сонгуулдаг байвал гэж бодогдох.

Манай улс 3-хан сая хүн амтай байж хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хатуу бодлогоороо чадалтай, боловсролтой олон иргэдээ гадаадад алдахын зэрэгцээ тэдний үр хүүхдүүдийг ч шууд цааш нь түлхэж байгаа мэт санагдана.

Шарил таарвал төмсгөө барих хэрэгтэй шүү!

Байн байн гадуур давхих хэрэгтэй өдрүүдийн нэг нь өнөөдөр байлаа. Тэгээд гэрээс гараад төв зам руу ортол манай хүн “шарил явж байна” гэлээАль нь болохыг асуутал хоёр машины өмнө давхих дээрээ загалмайн дүрс суулгасан уртавтар хар өнгөтэй суудлын тэргийг заахаар нь “шарил таарвал сайн, хурим таарвал муу” гэж үздэг гэтэл тэрээр “энд бол эсрэгээрээ ш дээ харин төмсгөө барьчихвал зүгээр гэдэг боловч надад хамаагүй ээ” гээд тоосон шинжгүй харагдана. Өнөөдөр Баасан гараг учраас оршуулах зан үйл тодорхой өдөр судартай байдаг эсэх болон ер нь хүн нас барахад яадаг тухай асуухад манайх шиг лам хараас асуух барих юм байдаггүй, хамгийн гол нь энэ ажлыг гүйцэтгэдэг цаад хүний л цаг заваас шалтгаалдаг зүйл гэв.

Тийнхүү элдвийг ярилцан зорьж гарсан ажлаа амжуулчихаад буцаж явтал цагдаатай таарчихав. Энд ирснээс хойшхи 4 сарын хугацаанд зам дээр (манайх шиг) зогсон ажлаа хийж буй цагдаа ахтай анх удаа таарсан нь энэ л дээ. Эмигийн бичиг баримтыг шалгаж байснаа машин руугаа дагуулаад явчихав. Энэ хооронд нь охиноо ч хөхүүлээд амжив. Нэлээд удаж ирэв. Тэгтэл удсан шалтгаан нь бид гурав хууль зөрчиж явсан болж таараад тэрхүү хуулиа уншуулаад таарсан гэнэ. Тэгсэн тэр хууль нь “урд суудалд нялх хүүхэд авч явж болохгүй, зөрчсөн тохиолдолд 500 еврогоор торгох болон 1 сар машиныг нь хураах” тухай байсан гэнэ.

Зориулалтын суудалтай учраас асуудалгүй гэж бодон хаа сайгүй давхидаг байсан бидэн гурав “мэдээгүй явсан” гэх шалтгаанаар энэ удаа торгуулчихалгүй сануулаад өнгөрөв. Зориулалтын суудалд бэхлэх нь байтугай хүүхдээ тэвэрч, өвөр дээрээ авч явдаг бидэнд “хэтэрхий” сүртэй юмаа түрүүн шарил таарахад тоохгүй өнгөрсөн л буруудлаа хэмээн наргиа болгон хэлтэл “массаж л хийдэг байж” гээд баахан инээлдсэнээ тэрээр суудлын тэргүүд татвар, даатгал илүү төлдөг учраас иймэрхүү хууль санаачлагчдын ашиг сонирхолтой холбоотой гээд илт дургүйцсан шинжтэй.

Ар талаа аяны гэр болгочихоод тив дамнан аялсаар нэг л өдөр Монголдоо очнодоо гэж бодсон маань талаар болох нь уу яах нь уу “Италид ийм байгаа бол Европын Холбоо даяар адил байж таарна” гээд Эми их л эмзэг хүлээж авсан аятай гэртээ ирж бид хоёрыг буулгачихаад “хурдхан өөр машин олж авъя” гэсээр холгүй байх хуучин машин зардаг газар руу эргээд явав. Визээ сунгах, гэрлэлтээ баталгаажуулах, хүүхдийн бүртгэл, эмнэлэгт очих зэргээр гадуур явж хөөцөлдөх ажил ихтэй байхад унаагүй болчихно гэдэг том асуудал тул ийнхүү яарсан хэрэг.

Юутай ч хэн нэгнийг хойчийн замд нь үдэж явахтай таарвал “нөгөөх”-өө нэг илчихэд илүүдэхгүй болохыг өөрийн туршлагаас эрчүүддээ сануулъя, ялангуяа Италид улсад явж буй тохиолдолд…;)

Бэлэг цуварсан өдрүүд

Сар шинийг тэмдэглэдэггүй газар байгаа хэрнээ охин бид хоёрт бэлэг ирээстэй өдрүүд үргэлжлэн сайхан байнаа. Алс тэртээх Америкаас, адил тивийн Недарландаас, айл саахалтын эмийн сангаас гээд бэлэг явуулсан хүмүүс Цагаан сарыг онцлоогүй боловч энэ хүртэлх өдрүүд нь ингэж таарах шиг боллоо.

Битүүний өдөр Недарланд улсад амьдардаг Монгол эмэгтэйгээс охинд зөндөө олон хувцас хунар, хөөрхөн бойтог, тоглоом, надад их тайга цай илгээсэн байлаа. “Найз нь чамайг хүний нутагт байгаа гэж бодоод…”  юм явууллаа гэв. Хүн хүний зовлон, жаргалыг биеэрээ мэдэрсэн цагт л ойлгодог гэдэг аргагүй үнэн аж, тэрээр мөн адил хилийн чанадад амьдардаг нэгэн.

Ус дагнасан газарт аагтайхан сүүтэй цай чанаж уух ямар сайхан байв аа гэж хамаг биеийн хөлс гарах шиг болов. Одоо бодохнээ би гэдэг хүн харь нутагт төрөхөөр ирж байгаа хэрнээ их бэлтгэлгүй бөгөөд туршлагагүй ханджээ ганц цай ч болтугай цүнхэлчихээгүй шүү..

Хонгороогоос ирсэн бэлэг..

Хоёрдугаар сарын 5 буюу манайхаар шинийн 1-ний өдөр хадам ээж дэлгүүр орж хүнс цуглуулаад ирэхдээ “охинд бэлэгтэй” гэсээр ягаан цаасанд нямбайлан боосон хайрцаг атгуулав. Дотор нь юу байхаас үл шалтгаалан боодолтой зүйл задлах хэзээд сонирхолтой байдаг хойно яаран яаран нээтэл ийм хөөрхөн дуугардаг тоглоом байлаа. Сарын өмнөх энэ өдөр ээж болсон учраас байнга үйлчлүүлдэг эмийн сан охины 1 сарын ойг тэмдэглэсэн бололтой.

Өнөөдөр шинийн хоёрон Монголд байсан бол ч айлыг ид хэсдэг өдөрдөө.

Тэгтэл түрүүхэн үүдний хонх дуугарлаа. Гараад очтол “Шимээдцэрээн Дороготов?” хэмээн хазгай муруй аялгаар нэр лавласнаа дугтуйтай юм гардуулав. Хэнээс ирснийг нь мэдэж байв. Энэ бол Америк эмэгтэй Сас гэх буянтай хөгшний өөрийн гараар нэхсэн малгай, арц байлаа. Охиныг хэд хоногийн өмнө сэрвэлзэж уйлаад олигтой унтаж өгөхгүй болохоор нь ариулж, гэр орондоо уугиулах зорилготой явуулахыг хүссэн юм. Монголоос явуулснаас хурдан ирэх нь тодорхой тул гэрийнхэндээ ч хэлэлгүй Сасаас асуучихсан юм. Үнэхээр ч шуурхай тавхан хоногийн дотор л хүрээд ирж.

Сасын явуулсан бэлэг.

Аль ч талаас нь харсан Сас-д талархаад баршгүй санагддаг юм. 2014 оны зун анх танилцаж орчуулагчаар нь ажиллаж эхэлснээс хойш өдийг хүртэл бид хоёрын харилцаа дарга-цэргээс ээж-охин шиг болтлоо жилээс жилд зузаарсаар л байна.

Тэрээр Монголд 1994 онд анх ирснээсээ хойш 20 гаруй жил буцан ирж хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж буйгаас сүүлийн 10 гаруй жилд нь Хөвсгөлийн тайга руу цаачин Духа иргэдэд хүрч эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байгаа буянтан. Түүний тус дэмээр би ч гэсэн Хөвсгөл аймагт тэр дундаа тайга руу анх очиж үзсэнээс хойш тасралтгүй 5 жил тийшээ зүглэлээ. Мөн 2014 оны 9 сард ЗӨА руу аялалд гарахад болон 2015, 2016 оны хоёр өвлийг Америкт өнгөрүүлэхэд гол түлхэц үзүүлсэн ачтан. Америкт байх эхний жилээ тухлаг орчинд “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номоо бичсэн бол дараагийнхад нь ажил хийж хэдэн $ цуглуулчихаад Америкийн 20 гаруй мужаар 3 сар аялсан билээ. Өнгөрсөн зун мөн л тайга руу явж, говь руу ч зугаалчихав тэгээд буцахад нь хоёулаа онгоцны буудалд салж чадахгүй шахам баахан уйлцгаасан гэж байгаа. Дараа жил дахин хамт байж чадахгүй нь гэж л бодсон хэрэг, харамссан ч юм уу…

Бидэн хоёр 2017 оны хоёрдугаар сард Сасынд..

Дал гарсан хэрнээ л тэр холоос тайга орох гэж наашаа зүглэдэг чин сэтгэл тэвчээр хатуужлыг нь бахархахын зэрэгцээ кино, баримтат нэвтрүүлгүүд хийн, ном бичиж, юм нэхэх зэргээр зүгээр суухыг мэддэггүй бүтээлч занг нь хуулбарламаар санагддаг. Зөв цагтаа сайн хүнтэй таарна гэдэг амьдралд ямар чухал нөлөөтэй болохыг өөрийнхөө байдлаас хардаг юм.

За ийнхүү сар шинийн эхний өдрүүд айл хэсэхгүй ч бэлэг цуглараад гайхалтай байна. Дараа дараачийн өдрүүдэд ч бэлэг хүлээн авахад нээлттэй шүү, хэхэ.

“Урвуулагч” хэмээх шороон гахай жилдээ бие эрүүл, ухаан саруул, сэтгэл амар амгалан байхыг л та бүхэндээ хүсье!